Ц.Мөнхбаяр нарын хавтаст хэрэгтэй танилцаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.11.20-нд нийтлэгдсэн

Ц.Мөнхбаяр нарын хавтаст хэрэгтэй танилцаж эхэллээ

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-т хоёр сарын турш шалгаж байгаа “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын хүмүүст холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон байна. Тиймээс өмгөөлөгчид өнөөдрөөс эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид очиж, хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн байна.

ТЕГ-аас нийслэлийн Прокурорын  газарт эл хэрэгт холбоотойгоор яллах дүгнэлт үйлдүүлэхээр хараахан шилжүүлээгүй байгаа бөгөөд Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахыг хүлээж байгаа бололтой.

Ц.Мөнхбаяр нарын таван хүнийг Эрүүгийн хуулийн 177.1-т зааснаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор, олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн 97.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх үндэслэлүүдээр  буруутгаж байгаа. Хэрэв тэдний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 10-15 жилийн хорих ялаар шийтгэхээр хуульд заасан байна.

Ц.Мөнхбаяр нарын хүмүүс 2013 оны есдүгээр сарын 16-ны өдөр галт зэвсэгтэй Төрийн ордны хамгаалалтын бүсэд нэвтэрч, “Central tower”, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам зэрэг олон нийтийн газарт тэсэрч дэлбэрэх бодис байрлуулсан хэргээр шалгагдаж байгаа ажээ.

С.ОТГОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж