Банкууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2013.11.21-нд нийтлэгдсэн

Банкууд тунхаг бичигт гарын үсэг зурлаа

“Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөгжлийн төлөөх  хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр Монголын банкны холбооны байранд боллоо. Тунхаг бичигт арилжааны 14 банкны гүйцэтгэх захирлууд гарын үсэг зурав.  БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Бидэнд хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих цаг үе ирээд байна. Энэ цаг үеийг мэдэрч Монголын банкууд санаачилга гарган “Монгол Улсын нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн хөгжлийн төлөөх  хамтарсан тунхаг бичиг” гаргасан нь сайшаалтай. УИХ-аар Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөрийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх гэж байгаа болон ирэх лхагва гаригт Төрийн ордонд болох “Төр хувийн хэвшлийн ногоон хөгжлийн төлөөх түншлэл” үндэсний чуулганы өмнө Тунхаг бичгийг үзэглэж байгаа нь онцлог юм. Эдийн засгийг амьд организм гэвэл мөнгө цус нь, банк зүрх нь гэж ойлгодог. Тиймээс зүрх болсон банкууд маань байгаль орчин, нийгэмд ээлтэй, хариуцлагатай байх тунхаг бичгийн дор нэгдэж байгаа нь Монгол Улс ногоон хөгжил рүү шилжихэд цаашид туйлын ач холбогдолтой” гэсэн юм. Мөн тэрбээр БОНХ-ийн сайдын нэрийн өмнөөс банкны салбарынхантай нягт хамтран ажиллахаа илэрхийлжээ.

С.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж