Уртын дууч хосууд этник цомог гаргалаа

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Уртын дууч хосууд этник цомог гаргалаа

Соёлын тэргүүний ажилтан Д.Үүрийнтуяа болон Д.Жавхаасайхан нарын хамтран бүтээж буй шинэ цомгийн баяр өчигдөр Чин Ван Ханддоржийн өргөөнд боллоо. Есөн дуунаас бүтсэн “Язгуур” цомог уртын дуучин хосуудын этно хэв маягийг агуулсан анхны бүтээл аж. Тэдний шинэ цомгийн ивээн тэтгэгч байгууллагаар “Дархан нэхий” компани болон “Sunshine village” барилга угсралтын компани хамтран ажилласан байна.

Дуучин Д.Жавхаасайхантай цомгийн баярын үеэр ярилцав.

-Та хоёр хоёул ардын дуу сайхан дуулдаг. Цаашид энэ чиглэлээрээ дагнах уу?

-Ерөнхийдөө уртын дуу, ардын дуунуудаа дагнаж дуулна. Нийтийн дууны уран бүтээл дээр ажиллахгүй байх гэж бодож байна. Үндэсний өв соёлоо хадгалж, хамгаалах хүсэл сонирхол хүмүүст их бий болсон байна. Тиймээс тэр хүлээлтийг уран бүтээлчид бид анхаарч, ардын урлагтаа ач холбогдол өгөх ёстой. Саяхан Соёл урлагийн их сургууль Уртын дууны тэнхимтэй болсон байгаа. Ардын язгуур урлаг маань хөгжиж байна.

-Ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулж уран бүтээл хийх нь ихэссэн байна л даа. Та хоёрын хувьд энэ тал дээр бас төлөвлөгөө байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Бид хоёрын хувьд дуунуудаа этник хэв маягт оруулж дуулж байгаа. Хүмүүс сонсоход харьцангуй сонирхолтой болгох үүднээс энэ хэв маягийг сонгосон.

-Саяхан та “Юндэн гөөгөө” гэж уран бүтээлийг клипжүүлсэн байсан. Клипний онцлог нь юу байв?

-Ихэнх уртын дууны клипний зураг авалтыг модны хажууд, эсвэл голын эрэг дээр ч юм уу хийсэн байдаг. Энэ байдлыг жаахан өөрчилье гэж клипээ хийхдээ бодсон. Логиктой клип хийхийг хичээсэн. Магадгүй утга санааг нь нэг хоёр үзээд ойлгохгүй, харин гурав дөрвөн удаа үзээд ойлгож болох юм.

-Та хоёрт тус тусдаа гаргасан цомог байдаг. Хамт гаргасан цомог энэ удаагийн “Язгуур” хэмээх бүтээл боллоо. Гэр бүлийн хосуудын хамтарсан уран бүтээлийн төлөвлөгөө юу байна?

-Шинэ оны эхээр тоглолт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ яг шууд товыг нь зарлахад одоохондоо хараахан эрт байна.

-Та хоёрын өнөөдөр өмссөн гоёл их сайхан зохиж байна?

-Баярлалаа. “Дархан нэхий” компанийн хамт олон бид хоёрт зориулж, энэ хос загварыг урлаж өгсөн юм.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Э.ТЭКҮ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж