Ж.Батзандан гишүүний асуулгын хариуг сонслоо

Хуучирсан мэдээ: 2013.11.22-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан гишүүний асуулгын хариуг сонслоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013-11-22/ үдээс хойшхи хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандангаас Эрүүл мэндийн сайдад тавьсан “Хордлогын яаралтай үндэсний төвийн үйл ажиллагаа болон хор судлал, хордлогын мэдээллийн талаар”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад тавьсан “Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн хэрэгжилтийн талаар”, Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг тус тус сонслоо.

Хуралдаанаар эхлээд Эрүүл мэндийн сайдын хариултыг сонсов. Тэрээр, “ Хүн амын дунд хүнд металл, эмийн бодис, ахуйн химийн бодис, техникийн шингэн, хүчил шүлт, спиртийн бүтээгдэхүүний хордлогын цочмог болон архаг, амь насанд аюултай хэлбэрүүдийн эзлэх хувь ихэсч, хавсарсан хордлогын тохиолдлууд нэмэгдэж байгааг харгалзан Эрүүл мэндийн сайдын тушаалаар Хор судлал, хордлогын мэдээллийн хэлтсийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтцэд байгуулсан. Хор судлал, хордлогын мэдээллийн хэлтэст өнөөдрийн байдлаар нийт 10 хүн ажиллаж, хор судлалын лабораторийн хүчин чадлыг жил тутамд бэхжүүлж үйл ажиллагааг нь өргөжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн сайдын багцаас 2011 онд 64.4 сая, 2012 онд 95.1 сая, 2013 онд 100.1 сая төгрөгөөр бэхжүүлсэн. Эрүүл мэндийн шинэчлэлийн бодлогын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чанарыг сайжруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн, тус төвийн бүтцэд Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лабораторийг байгуулж, тус төвийн хор судлал, шим тэжээл, орчин зэрэг лабораториудыг нэгдсэн удирдлагаар хангаж багаж тоног төхөөрөмжийн ашиглалтыг бүрэн хүчин чадлаар нь ашиглан чадавхыг бэхжүүлэх арга хэмжээг үе шаттай авч байна” гэлээ.

Гишүүдийн зүгээс хордлогын 55 хувь нь эмийн, 8 орчим хувь нь архины хордлого байгаа талаар ярьж байгаа. Энэ бол яах аргагүй Эрүүл мэндийн сайдын хариуцаж анхаарч ажиллах асуудал мөн. Сайдын хариултаас харахад ерөнхийдөө ажил хийж, хөрөнгө мөнгө зарцуулсан, бүтэц зохион байгуулалт хийсэн талаар ярьж байгаа ч үр дүн ямар байгаа нь тодорхой бус байна гэсэн шүүмжийг хэлж байлаа. Мөн сүүлийн жилүүдэд хордлогоор эмчлүүлэхээр ирж байгаа иргэдийн тоо, нас барагсдын тоо буурсан эсэх, мөн хордлогоос хамгаалах, архинд дондохоос сэргийлэх чиглэлээр ямар ажлууд хийж байгаа талаар хөндсөн юм. Эрүүл мэндийн сайдад асуулга тавьсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ, “ Хордлогын асуудал бол эрүүл мэндтэй холбоотой маш хүнд асуудал болчихоод байгаа. Энэ бол хувь хүний асуудал биш улс орны хэмжээнд яригдах асуудал. Өнөөдөр сайдын болон мэргэжлийн хүмүүсийн хариултаас харахад хордлогоос урьдчилан сэргийлэх, хордлогыг эмчлэх, хордлогыг илрүүлэх нэгдсэн тогтолцоо Монгол Улсад байхгүй байгаа юм байна гэдэг нь харагдаж байна. Сайд өөрөө энэ талаар хэллээ. Архины хордлого, эрүүлжүүлэх асуудлын талаар Эрүүл мэндийн болон Хууль зүйн яам дундаа нэгдсэн журам шийдвэр гаргах гэж байгаа гэлээ. Үүнээс харахад нэгдсэн удирдлага, хяналт, тогтолцоо байхгүй болох нь харагдаж байна. Иймд энэ асуудлаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна . Энэ асуудлаар миний бие УИХ-ын тогтоолын төсөл боловсруулна, иймд эмийн, химийн бодисын, архины хордлогоос урьдчилан сэргийлэх, үүнтэй тэмцэх болон бүх нийтийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр саналаа өгөхийг уриалж байна" гэлээ .

Үүний дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун Ж.Батзандан гишүүний асуулгад өгсөн хариултдаа, “ Химийн хорт болон аюултай бодисын зөвшөөрөл олгоход тавигдах шаардлага, хяналтыг сайжруулах зорилгоор өмнө нь “онцгой хортой” ангиллын бодисын зөвшөөрлийг БОЯ, бусад ангиллынхныг аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон ҮХЯ, УМХГ, ЭМЯ-аас олгодог байсныг 2007 оноос эхлэн зөвхөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага химийн бодисын аюулгүй байдлыг хангаж ашиглах, хадгалах нөхцөл бүрдүүлсэн аж ахуйн нэгжид олгодог боллоо. Тэдгээрийн ашиглалт хадгалалтад хяналтын байгууллагуудтай хамтарсан үзлэг шалгалтыг хийж, зөвлөгөө өгөн гарсан зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байна. Мөн химийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах хяналтыг сайжруулах, хууль бус импортыг зогсоох зорилгоор химийн бодисыг түр болон байнгын 18 боомтоор улсын хилээр нэвтрүүлж байсныг цөөлж, үндсэн 6 боомтоор нэвтрүүлдэг болсон” гэв.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “ Монгол Улсын хэмжээнд химийн болон аюултай бодисын үзлэг тооллого сүүлийн жилүүдэд явагдаагүй гэдэг нь харагдаж байгаа. Сайд явагдах шаардлагагүй, тодорхой хяналтад орсон гэж хэлж байна. Асуулт тавьсан гишүүдийн байдлаас харахад Монгол Улсын хэмжээнд химийн хорт бодис хараа хяналтгүй , их хэмжээгээр суурьшлын бүсэд хадгалагдаж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Энэ асуудалд нэгдсэн менежмент, нэгдсэн удирдлагын тогтолцоо байхгүй байна. Улаанбаатар хотод 20 тонн гүнцэл байгаа гэдгийг УИХ-ын гишүүн, Байнгын хороод, Ажлын хэсэг тогтоочихсон байгаа. БОЯ энэ асуудлыг анхааралдаа аваад нэг тийш нь болгохгүй бол энэ 20 тонн гүнцэл 500 сая хүнийг хордуулах хэмжээний хор уршигтай гэдгийг зориуд хэлье. Аюултай хог хаягдлын үйлдвэрээ яаралтай байгуул. Засгийн газарт энэ чиглэлийг УИХ-аас байнга өгдөг боловч өнөөдрийг болтол аюултай хог хаягдлыг зориулалтын дагуу хадгалах үйлдвэрийг бариагүй байгааг шүүмжилж,  энэ үйлдвэрийг яаралтай бариулах хэрэгтэй гэсэн юм. Мөн мэргэжлийн боловсон хүчинд анхаарах хэрэгтэйг санууллаа.

Эцэст нь Ж.Батзандан гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Цөмийн энергийн тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулиудын хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариуг БОНХ-ийн сайд С.Оюун танилцуулав.

Танилцуулгад дурдагдсанаар, “2003 онд хүнсний хордлого их гарсантай холбогдуулан ДЭМБ-ын санаачлагаар Хордлого мэдээлэл тандалтын төвийг ЭТГ-ын харьяанд байгуулсан боловч бүтцийн өөрчлөлтөөр 2005 онд татан буулгасан, 2005 онд эмийн хордлого даамжирснаас үүдэн Эмийн хордлогын мэдээллийн сан байгуулсан боловч 2006 онд татан буулгасан. 2009 онд химийн бодисын хордлого ихээр гарсантай холбогдуулан ДЭМБ-ын зөвлөхүүдийн удаа дараагийн зөвлөгөөний дүнд Хор судлалын төвийг байгуулсан боловч 2012 онд мөн татан буулгасан байна. Энгийн иргэдийн амьдралд химийн болон цацраг идэвхт бодисын хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед эдгээр бодисын хор нөлөөг судлах дагнасан чиг үүрэг бүхий хараат бус, тогтвортой ажилладаг үндэсний хэмжээний нэгдсэн төв байгууллага өнөөдрийг хүртэл Монгол Улсад байхгүй байсаар байна. Ийм ч учраас хамгийн сүүлд “Химийн бодисын үзлэг, тооллого”-ыг 2007 онд хийснээс өөр энэ төрлийн албан ёсны судалгаа, шинжилгээ хийгдээгүй байсаар даруй 6 жилийн нүүрийг үзэж байгаа” гэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж