Ойрхи Дорнод: Илүү ойртох уу

Хуучирсан мэдээ: 2013.11.25-нд нийтлэгдсэн

Ойрхи Дорнод: Илүү ойртох уу

Үзэл суртлын хувьд аль ч орноос үргэлж хол оршиж, байнга шахам асуудал дагуулж ирсэн Ойрхи Дорнодынхон ойртох уу.

Долоо хоногийн туршид их гүрнүүдээр зуучлуулсан Ираны хэлэлцээр амжилттай өндөрлөлөө. Цөмийн зэвсгийн аюулыг түр хугацаанд мартаж, ойрын хэдэн жилд сэтгэлээ төвдөтгөөд байх зүйлгүй болсон. Иран цэргийн зориулалтаар туршигдах цөмийн хөтөлбөрүүдээ зогсоохоо амласан. Гэхдээ тэд цөмийн хөтөлбөрөө бүрмөсөн зогсоохгүй. Гэхдээ энэ байдал хэр удаан үргэлжлэхийг тааж хэлэх зоригтой хүн одоогоор алга.

Ираны цөмийн хөтөлбөр

Ахмединежадын засаглалын үед цөмийн хөтөлбөрөөсөө болж олон улсын хамтын нийгэмлэгээс байнга банга хүртэж, элдэв хориглолтод өртдөг байсан Иран улс сүүлийн жилүүдэд цөмийн хөтөлбөрөө зэвсэглэлийн зорилгоор туршаагүй гэдгээ мэдэгдэж байсан. Харин шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хассан Рухани АНУ-тай энхийн замаар энэ хэлэлцээрийг хэрэгжүүлж, цөмийн хөтөлбөрөө хүлээн зөвшөөрүүлнэ гэж мэдэгдэж байсан нь ийнхүү амьдрал дээр биеллээ оллоо. Иран энэхүү үйл хэрэгт долоон тэрбум ам.доллар зарцуулах агаад Фатанз болон Нордо хотуудад байрлах цөмийн реакторыг ашиглана. Гэхдээ энэ үйл ажиллагаанд нь АНУ хяналт тавих ёстой. Арак хот дахь атомын цахилгаан станцад шаардлагатай уран олборлох ажлыг нэн даруй эхлүүлэхээр болсон. “Бид зорьсондоо хүрч чадсан гэдгийг хэлэхэд таатай байна. Одоо бид Израйлийн хэлэлцээрийг ч энэ мэтчилэн амжилттай ажил хэрэг болгох эхний алхамаа тавьчихлаа” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ярьжээ. Одоо Иран улс уран олборлолтоо таван хувьд хүргэх ёстой. Эрдэмтдийн тооцооллоор атомын цахилгаан станцад шаардлагатай олборлолтын хувь хэмжээ нь энэ аж. Үүнээс хэтрээд эхэлбэл цөмийн зэвсэглэлд зориулагдах магадлал нь өндөрсдөг юм байна.

Израиль эгдүүцэж байна

Харин энэ шийдвэрт хамгийн дурамжхан хандаж байгаа улс бол Израиль. Учир нь тэртээ тэргүй дотооддоо асуудалтай байгаа энэ улсын хамгийн жийрхдэг үндэстэн бол иранчууд. Иранчууд тэдэнд биш Палестинд талтай байдаг нь тэднийг ийнхүү дургүй байдагтай холбоотой. Сүүлийн арван жилийн туршид Ираны тагнуулын газрын мэдээлэл Палестинд хүрч байсан гэдэгт ихэнх израильчууд итгэдэг. Хэдийгээр Ираны зүгээс иймэрхүү ажиллагаа өрнөөгүй гэдгийг удаа дараалан мэдэгдсээр байгаа ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй билээ. “Энэ бол түүхэн алдаа байлаа. Чухамдаа энэ хэлэлцээ түүхийн олон жилийн туршид засч болохооргүй алдааг авчирч байж ч болох юм. Иран улс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх магадлал өндөр. Тэд цөмийн энергийн салбарт ашиглана гэж мэтгэдэг ч манай тагнуулын байгууллагын мэдээлэл шал өөр хариуг өгдөг. Хэлэлцээрийг дахин зохион байгуулах нь зүйтэй” гэж Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаняху ярьжээ. Энэхүү үйл явдлын дараа Израилийн ерөнхий сайд АНУ-ын ерөнхийлөгч Б.Обаматай утсаар ярьсан ч тодорхой үр дүнд хүрээгүй аж. Тиймээс Нетаняху дэлхий нийтэд өөрийн байр сууриа илэрхийлсэн билээ. Керри энэ асуудлыг дахин хэлэлцэх ямар ч боломжгүй, нэгэнт зөвшилцөлд хүрчихсэн гэж мэдэгдээд байгаа. Харин Газын зурвас энэ мэдээллээс хойш хэрхэх нь тодорхойгүй. Ямар ч байсан Израилийн зүгээс Газын зурвас орчим дахь цэргийн тоог нэмсэн байна.

Иран ганцаараа биш

Цөмийн хөтөлбөрөө албан ёсоор зөвшөөрүүлсэн цорын ганц улс нь Иран биш юм. Учир нь тэднээс гадна өөр найман үндэстэн энхийн замаар цөмийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Р5+1 гэх тоо бүгдийг илтгэнэ. Учир нь АНУ, ОХУ, Хятад, Франц дээр нь нэмээд Герман улс цөмийн хөтөлбөрөө энхийн зорилгоор ашигладаг. /АНУ албан ёсоор 81 цөмийн зэвсэгтэй бөгөөд одоо ч ашиглагдах боломжтой 75 гаруй зэвсэг бий/. Харин Иран тэдэн дээр албан ёсоор нэмэгдлээ. Ираны өмнөх гүрнүүд цөмийн хөтөлбөрийг цэрэглэлийн салбарт ашигладаггүй бөгөөд зөвхөн эрчим хүч гаргаж авах технологид ашигладаг. Гэхдээ хэзээ ч дэлбэрч магадгүй томоохон зэвсгүүд эдгээр гүрнүүдийн аль, алинд нь бий. Учир нь төмөр хөшигний хоёр талд байхдаа ашиглахдаа бэлдэж байсан хэрэг. Тийм ч учраас энэ хэлцлийг ихэнх улсууд зөвхөн дүрээ нуух баг гэж үздэг.  Ийм байх магадлал өндөр. “Гүрнүүд одоог болтол хэзээ ч цөмийн хөтөлбөрийн далд санаа, уран олборлолтын хувь хэмжээ, зарцуулж буй мөнгөн хөрөнгө, эрдэмтдийн гол ажил зэргийг олон нийтэд тайлбарлаж байгаа. Харин Израилийн хэлэлцээг амжилттай болгохын тулд Иранд энэ томоохон эрхийг олгосон байж болох талтай” гэж Хойд Америкийг хариуцсан BBC агентлагийн тоймч Марк Мардель ярьжээ. Иран энэ хөтөлбөртөө сая саяыг биш, тэрбум тэрбум ам.доллар зарцуулна. Цөмийн реактор болоод уран олборлолт өртөг өндөртэйд тооцогддог. Одоогоор ил болоод буй долоон тэрбум ам.доллар бол зөвхөн эхний ээлжинд шаардлагатай хөрөнгө бөгөөд дахин 100 тэрбум ам.доллар шаардлагатай болох юм.

Ийнхүү Ираны хэлэлцээр амжилттай боллоо. Иранд том эрх олгож, цөмийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрх олгосон нь цаанаа учиртай байж болно. Израиль Палестины асуудалд гол нөлөө үзүүлэх орон нь Иран. Энэ улс хэзээ ч Израилийн талд байгаагүй.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж