“Супер лиг” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2013.11.26-нд нийтлэгдсэн

“Супер лиг” үргэлжилж байна

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Супер лиг”-ийн тоглолтууд өчигдөр үргэлжиллээ. Энэ жилийн Үндэсний “Супер лиг”-ийн тэмцээнд долоон баг оролцоно.

Говь-Алтай Монторх 80:90 Баянзүрх Их өргөө Аравтууд

Монголын Үндэсний  “Супер лиг”-т дэвшсэн лигийн шинэ баг Б.Оросоо эзэнтэй “Говь-Алтай Монторх” баг өчигдөр эхний тоглолтоо хийлээ. Тэдний бүрэлдэхүүний хувьд өнгөрсөн улиралд “Спрайт Супер лиг”-т түрүүлсэн үндсэн багаараа, энэ удаагийн дээд лигт дэвшин орж иржээ. Лигийн шинэ багийн эхний өрсөлдөгч нь мөн л шинэ өнгө төрхтэй болоод байгаа “Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг байсан юм. Аравтуудын хувьд бүрэлдэхүүндээ А.Од болон легионер тамирчдыг шинээр нэмж, хүчээ зузаатгажээ.

Лигт шинээр дэвшин орж ирсэн “Монторх” баг хэрхэн тоглох нь сагсан бөмбөг сонирхогчидын анхаарлыг татаж байсан нь мэдээж хэрэг. Тэд ч тун сайн тоглож, эхний хагасыг 52-44-н харьцаатай илүүрхсэн. Энэ хагаст “Монторх” багаас А.Даваасүрэн 7 довтолгооныхоо зургааг нь амжилттай болгож, 19 оноо авсан.

Гэсэн ч тоглолтын сүүлийн хагаст “Баянзүрх Их Өргөө Аравтууд” багийн тоглолт сэргэж, илүү туршлагатай гэдгээ батлан харуулсан. Тэднээс Э.Цэвэлдорж 26 оноо авч багаа тэргүүлсэн. Мөн маш хүчтэй слэм данкууд хийж байсан легионер төвийн тоглогч Aundra Williams 17 оноо, 12 самбар, Cory Boone 14 оноо, 20 самбар авчээ. Ингэснээр 90:80 харьцаатай “Баянзүрх Их Өргөө Аравтууд” баг лигийн эхний хожлоо авлаа. Харин “Говь-Алтай Монторх” багаас А.Даваасүрэн 20 оноо, Б.Батзолбоо 18 оноо, 16 самбар, Н.Нямбаяр 17 оноо, 11 самбар авчээ.


“Сүхбаатар SBL Хүлэгүүд” хожлоо

Лигийн нээлтийн өдөр хожил аваад байсан хоёр баг болох “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” болон “Сүхбаатар SBL Хүлэгүүд” багууд өчигдөр учраа таарлаа. Хожсон баг нь түрүүлж хоёр дахь хожлоо авах байсан учраас маш сонирхолтой тоглолт болсон. Энэ тоглолтонд хоёр багийн лидер тоглогчид сайн тоглолтоо үргэлжлүүлж, Харцагуудаас Б.Одбаяр 22 оноо, 23 самбар авсан бол, Хүлэгүүдээс Б.Билгүүн 33 оноо, 9 самбар, 3 блокийг хийсэн байна.

Гэхдээ тоглолтын эхнээс “SBL Хүлэгүүд” багаараа тун сайн хамтран тоглосон. Тэд багаараа дундын зайнаас 50 хувьтай довтолж, оновчтой дамжуулалтаар өрсөлдөгчөөсөө илүүрхсэн. Мөн Хүлэгүүдийн уураг тархи болсон холбон тоглогч О.Сэргэлэн энэ тоглолтонд 12 оноо, 11 оновчтой дамжуулалт, 16 самбар авсанаар “Үндэсний Супер Лиг”-н энэ улирлын анхны трипл даблийг хийлээ. Мөн төвийн тоглогч З.Дэлгэрням 17 оноо, 8 самбар авсан байна. Ингэснээр “Сүхбаатар SBL Хүлэгүүд” баг 90:74-н харьцаатай хожиж, дээд лигт 2 дахь хожлоо авсан эхний баг боллоо.

“Үндэсний Супер Лиг”-т маргааш буюу лхагва гарагт маш сонирхолтой хоёр тоглолт Спортын төв ордонд 18:00 цагаас эхэлнэ. Эхний тоглолт хүчирхэг “Харцага” болон “Гарьд”-уудын хооронд болно. Харин хоёр дахь тоглолт тун чадварлаг легионер тамирчдыг багтаа нэгтгээд байгаа “Эрдэнэдрийлинг Ригс” болон “Баянгол Гурван Тамир” багуудын хооронд болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж