Л.Гантөмөр: Үлдэх үү, өөрчлөгдөх үү?

Хуучирсан мэдээ: 2013.11.28-нд нийтлэгдсэн

Л.Гантөмөр: Үлдэх үү, өөрчлөгдөх үү?

“Шинжлэх ухааны ажилтны өдөр-2013” хүндэтгэлийн ёслол өчигдөр болсон билээ. Уг ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа, 

Шинжлэх ухаанд оюун бодол, хүч чадал, авьяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж буй хүндэт зочид оо,

Хатагтай, ноёд оо,

Та бүхэндээ шинжлэх ухааны ажилтны баярын халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Бид бахархах эрдэмтэдтэй улс аа. Үүнийг нотлох олон жишээг бид бүгдээрээ харж байгаа, бас хэлж чадна. Монголчууд бидэнд оюуны нөөц, боломж асар их байна. Өнөөдөр- Шинжлэх ухааны ажилтны баярын өдрөө.

Шинжлэх ухаанд асуудал байгаа бол түүнийгээ ойлгож, шийдэх гарцаа нээх нь эрдэмтэн судлаачдад хэрэгтэй, бидэнд ч хэрэгтэй байна. Баярын өдрөөрөө ийм зүйлийг ярих нь илүү зүйл гэж бодохгүй байна. Өнөөдөр бид шинжлэх ухааны өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого, угтан ирж буй гурван жилд бид юу хийх вэ гэдэг ажлын чиглэлээ танилцуулахыг хүссэн.  Бид эрдэмтэдээ сонсож, дэмжиж, хамтран ажиллах болно.

Гарц нь нээгдээгүй мухардал…

Монголын шинжлэх ухаанд ололт, амжилт, бахархах үйлс маш их байгаа. Үүнтэй хэн ч маргахгүй, үгүйсгэж бүр ч чадахгүй ээ. Гэхдээ бид шинжлэх ухааны өнөөгийн нөхцөл байдал амаргүй, төвөгтэй байгаа бодит байдлаас зугтаж чадахгүй ээ. Байгаа асуудлаа байгаагаар нь хэлэлцэж, асуудлаа шийдэх нь чухал байна. Шинжлэх ухааныг тойрсон ямар асуудлууд өрнөж байна вэ? Шинжлэх ухаанд гарц нь нээгдээгүй мухардалд байгаа тулгамдсан асуудал юу байна вэ? Шинжлэх ухааны тулгамдсан асуудлыг шинжлэх ухааныхан маань юу гэж үзэж байна вэ?

Эрдэмтэн, судлаачид, шинжлэх ухааны салбарыхан төр засаг, шинжлэх ухаанд итгэхгүй байна, санхүүжилт хүрэлцэхгүй байна, лаборатори алга, хөрөнгө оруулалт байхгүй, цалин орлого хүрэхгүй байна, чадварлаг эрдэмтэд гадаад руу эсвэл хувийн хэвшил рүү яваад байна гэсэн асуудлыг олон жилийн турш ярьж байна.

"Шинжлэх ухаан бол зөвхөн судална", "Шинжлэх ухаанд цаг хугацааны шалгуур байж болохгүй",  "Шинжлэх ухааны үр дүн хэзээ нэгэн цагт, магадгүй хэдэн арван жилийн дараа шинжлэх ухаан, эдийн засаг, хүмүүсийн хэрэглээнд нэвтэрч болно" гэсэн хандлага, илэрхийлэл шинжлэх ухааны салбарыхнаас бас ихэд нийтлэг сонсогдож байна. Эдгээр илэрхийллээ "шинжлэх ухааны онцлог" гэж нэрлэнэ. Шинжлэх ухааны энэ "онцлог"-ийг ойлгохгүй байна, ойлгохгүй байгаагаас итгэхгүй байна, санхүүжилт дорвитой нэмэгдэхгүй байна, хөрөнгө оруулалт байхгүй, цалин бага байна, чадварлаг эрдэмтэдээ алдаж байна гэсэн асуудлууд үүсч байна гэх.

Хүмүүс, шинжлэх ухааны үр шимийг хүртэгчид шинжлэх ухааныг юу гэж үзэж байна вэ?   Гэтэл хүмүүс асууж, шаардаж байна: "Монголын шинжлэх ухаан" /шинжлэх ухаан/ юу хийгээд байна, тэдний хийж бүтээсэн зүйл хаана байна гэж. Нийгэмд өч төчнөөн асуудал хуримтлагдаад байхад шинжлэх ухаан яагаад олж харахгүй байна, олж харсан ч яагаад шийдвэрлэж чадахгүй байна вэ?!

Шинжлэх ухааны үр шимийг нийгэм яагаад хүртэхгүй байна вэ? Тэр ч бүү хэл шинжлэх ухаан байгаа, байхгүйг хүмүүс яагаад мэдрэхгүй байна вэ? Шинжлэх ухаан “байлаа гээд илүүддэггүй, байхгүй гээд дутагддаггүй” тийм рудимент эрхтэн шиг байгаад байх уу? Үүний тулд алдаагаа мэдэж, түүнээсээ салмаар байна. Асуудлаа шийдэж хүнд, нийгэмд, үйлдвэрлэлд, эдийн засагт хэрэгтэй шинжлэх ухаантай болмоор байна. Эрдэмтэдээ ажилтай, орлоготой, сэтгэл хангалуун амьдруулмаар байна.

Үлдэх үү эсвэл өөрчлөгдөх үү…

Бид зөвхөн судалгаа хийдэг шинжлэх ухааны супервишнтэйгээ хэвээрээ байна. Бидний бодит байдал ч гэсэн төрийн жаахан мөнгөөр зөвхөн судалгаа хийдэг ажлаар хязгаарлагдсан хэвээрээ байна. Бид өөрсдөө судалгааныхаа чиглэлийг гаргаад, түүнийхээ үр дүнг ийм зүйлд хэрэгтэй гэж өөрсдөө үнэ цэнээ тодорхойлоод, хийсэн судалгааны үр дүнгээ тайлан гэж ойлгоод, цаасан тайлангаа өгч, авалцаад ажлаа дуусгавар болгож бие биенээ хуурч, аргалсаар байх уу? Эзэнгүй, амьгүй захиалгат ажил, хэрэглэгчгүй судалгааны чанар, үр дүнг хэн хэмжих вэ? Ийм байдлаар бид цаашаа явж чадах уу? Ийм нөхцөл байдлаа хэвээр нь хадгалаад, гарц нь нээгдээгүй мухардлаа бид шийдэж чадах уу? Шинжлэх ухаанд хандах хандлага, шинжлэх ухааны тухай суурь зарчим болсон супервишнээ өнөөгийн үүсэн бий болсон бодитой хэрэгцээ, нөхцөл байдалд нийцүүлж өөрчлөх шаардлага бидний өмнө тулгараад байна.  

Манай шинжлэх ухаан зөвхөн судалдаг, мэдлэг бүтээдэг бус хүмүүс, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг, баялаг бүтээдэг хөгжлийн салбар гэдэг хандлагаар өөрчлөгдөх хэрэгцээ үүсээд олон жил болж байна. Төр нь шинжлэх ухаанаа тодорхойлдог биш хэрэгцээ, эрэлт нь шинжлэх ухаанаа тодорхойлдог шинжлэх ухаантай байх хэрэгцээ үүсээд мөн олон жил болж байна. Бид энэ асуудлаа хэзээ шийдэх вэ?        

Хийх ажил байна уу…

Шинжлэх ухаангүйгээр шийддэг, шийдвэрлэгддэг асуудал хорвоо ертөнц дээр алга болж байна. Хүний амьдрал, хэрэглээ, үйлдвэрлэл, эдийн засагт шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам ихээр нэмэгдэж байна. Хорвоо ертөнц, хүний амьдрал бүхэлдээ шинжлэх ухаанжиж байна. Хэрэгцээ, эрэлтээр тодорхойлогдож байгаа шинжлэх ухаан улам ихээр эдийн засагжиж, бизнес агуулгатай болж байна. Энэ хирээр шинжлэх ухааны ажлын шинж чанар өөр болж байна.  

Хүн, нийгэм, хүрээлэн байгаа орчинд тулгамдсан асуудлыг шийддэг, гарцыг нээж өгдөг, бүтээгдэхүүний чанарыг сайжруулдаг, шинэ бүтээгдэхүүнийг бий болгодог, зардлыг багасгадаг, эдийн засгийн бүтээмж, үр ашгийг өсгөдөг, өрсөлдөх чадамжийг нэмэгдүүлдэг  байх зэрэг шийдэх асуудал, гарах үр дүн нь тодорхой, цаг хугацаатай, үнэ цэнэтэй, өртөгтэй шинжлэх ухааны ажил улам бүр нэмэгдсээр байна. Шинжлэх ухааны хийх ажил улам тодорхой болж байна. Ийм ажлын хэрэгцээ, эрэлт бизнес, эдийн засгийн талбарт ч, төрд ч  гэсэн нэмэгдсээр байна. Шинжлэх ухааны орших, хөгжих үндэс болсон хэрэгцээ, эрэлт, нэн ялангуяа шинжлэх ухааны  мөнгө, өртгөөр хэмжигддэг баялаг бүтээх чиглэлийн хэрэгцээ, эрэлт улам их нэмэгдэж байхад манай шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг яагаад тэлэхгүй байна вэ? Яагаад ажил нэмэгдэхгүй байна вэ?, Яагаад санхүүжилт нэмэгдэхгүй байна вэ?

Энэхүү асуудал нь шинжлэх ухааны өнөөгийн бүтэц, тогтолцоо, зохион байгуулалт үүсэн буй болж байгаа хэрэгцээ, эрэлттэй нийцэхгүй байгаа юм биш биз гэсэн асуудлыг эрхгүй төрүүлж байна.

Замдаа гарцгаая…

Төрийн мөнгийг харж, хүлээж суудаг, тэр бүү хэл юу хийх, яаж ажиллахаа төрөөр заалгадаг шинжлэх ухаан явцгүй, үнэ цэнэгүй, үр дүнгүй, ашиггүй байх нь нэгэнт тодорхой боллоо. Шинжлэх ухааныг өөрөө сэтгэж, өөрөө бие даан ажиллах боломжийг олгох цаг нь болжээ.

Хэрэгцээ, эрэлтэд хариу өгөх чадамжтай шинжлэх ухааны бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааг бий болгох нь шинжлэх ухааны шинэчлэлийн үндсэн чиглэл нь болно. Үүний тулд хууль, тогтоомж, удирдлага, санхүүжилт, үйл ажиллагаа, зохион байгуулалтын шинэчлэлийг 2014-2016 онуудад хэрэгжүүлнэ. Шинэчлэлийн хүрээнд бид юу хийх вэ? Ямар бололцоо, боломжийг шинжлэх ухаанд бий болгох вэ? Ямар үр дүнд хүрэхийг зорьж байна вэ?  Шинжлэх ухааны байгууллагуудыг хэрэгцээ, эрэлтдээ нийцсэн байдлаар бие дааж, эдийн засгийн агуулгатай, бизнесийн зарчмаар бүтээлчээр ажиллахад нь саад, хязгаарлалт болж байгаа төрийн зохицуулалтуудыг нэн тэргүүнд хална. Шинжлэх ухааны судалгааны ажлын чиглэл, сэдвийг яам, захиргааны бүтцээр шийдвэрлэдэг, үр дүнг хүлээж авдаг, үнэлдэг зэрэг мэдэхгүй зүйлээ мэдэж шинжлэх ухаанд хутгалддаг яам, захиргааны байгуулллагын ухаалаг бус оролцоог шинжлэх ухаанаас татна.

Төрийн өмчийн шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудад шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөр, тендерт оролцох, ажил, үйлчилгээ, бизнес эрхлэх, бусад талуудтай шинжлэх ухаан, үйлдвэрлэл, шинжлэх ухааны бизнесийн чиглэлээр хамтран ажиллах, ашиг, орлого олох боломжийг бий болгоно. Төрийн өмчийн шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудад судалгаа, шинжилгээний байгууллагын хувьд академик эрх чөлөө, институцынх нь хувьд бизнесийн бие даасан эрх чөлөөг олгоно.  Төрийн өмчийн шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд бүтэц, зохион байгуулалтаа өөрсдөө шийддэг байх, ашиг, орлогоо өөрсдөө захиран зарцуулдаг байх, эрдэмтэд нь байгууллагатайгаа хийсэн оюуны өмч, патент, бүтээгдэхүүний үр дүнг хуваах эрхийн болон түүнд хамаарах бусад хууль, тогтоомжийн хүрээнд байгуулсан гэрээний дагуу орлого олох боломжийг бий болгоно.

Байгууллага, эрдэмтэд өөрсдөө олж байгаа орлогыг хязгаарлахгүй, хураахгүй. Гагцхүү орлого, зарлага нь тодорхой, хууль ёсны байхыг л шаардана. Төрийн өмчийн их сургуулиудыг судалгаанд суурилсан их сургуулиуд болох, судалгаа, бизнесийн бүтцээ хөгжүүлэхэд нь санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлнэ. Төрийн ивээлд байх, төрийн санхүүжүүлтээр хэрэгжих шинжлэх ухааны салбар, судалгааны чиглэлийг тодорхой болгоно. Мэдээж үүнд үндэсний аюулгүй байдал, эрх ашиг, хэл, зан-заншил, түүх, соёл, боловсрол, нийгмийн үнэт зүйлс, соёлын дархлааг бий болгох чиг үүргийн болон шинжлэх ухааны онолын судалгааны чиглэл багтана.  Төрийн санхүүжилтээр хийгдэх судалгааны үр дүн нь хавтсанд хийсэн цаас, тайлан, ном болж сейфэнд хадгалагддаггүй байхыг шаардана. Олонд нэрлэгдсэнээр байгууллага, орон тоог санхүүжүүлдэг "халамжийн санхүүжилт"-ийн хэлбэрээр судалгааг санхүүжүүлэхгүй.

Төрийн санхүүжилтээр хийгдэх судалгааны ажлын сонгон шалгаруулалт, ажлын үр дүнг  эрдэмтэд, хэрэглэгч, олон нийтэд ил тод, нээлттэй болгоно.  Эхлээд мөнгө биш, хийх ажлаа ярьдаг болно.     Шинжлэх ухаан юу хийх вэ, түүнийгээ яаж хэрэгжүүлж, ямар үр дүн гаргах вэ гэдгийг тодорхой, ойлгомжтой болгоно. Мэдээж ажлын үр дүн хэнд, юунд хэрэгтэй юм бэ гэдэг нь тодорхой, ямар асуудлыг яаж шийдэх юм бэ гэдэг нь  баталгаатай байх шаардлагыг хангасан байх ёстой. Хийх ажил маань үнэ цэнэтэй, тодорхой, хийж чадах нь нотлогдсон, гарах үр дүн нь баталгаатай нөхцөлд мөнгө өөрөө асуудал биш ээ.   

Ажлаа төлөвлөдөг, үнэлдэг үр дүнтэй, үр ашигтай ийм зохион байгуулалтыг буй болгоно. Үндэсний язгуур болон нийтлэг эрх ашгийн хэрэгцээ, эрэлтээр нөхцөлдөн гарч буй монгол хүний эрүүл, аюулгүй байдал, хүний хөгжил, үндэсний дархлаа, нийгэм, хүрээлэн байгаа орчин, үндэсний эдийн засаг, үйлдвэрлэлийн хөгжлийг шинжлэх ухаанчаар хөтлөх шаардлага бий болж байна. Үндэсний язгуур болон нийтлэг эрх ашгийн хэрэгцээ, эрэлтийг хангахад шинжлэх ухааны гүйцэтгэх чиг үүрэг, тэргүүлэх чиглэл, судалгааны ажил, түүний үр дүнг тодорхойлдог шинжлэх ухааны стратегийн механизмыг бий болгож судалгааны чанар, үр дүнг бодитой болгоно.  

Шинжлэх ухааны ажил, судалгааны дунд хугацааны хөтөлбөрийг шаардагдах зардал, түүний эх үүсвэр, хэрэгжүүлэх арга замын хамт боловсруулж бизнес, үйлдвэрлэгчид, эрдэмтэд, олон нийтээр хэлэлцүүлэн Засгийн газарт танилцуулж, батлуулан хэрэгжүүлдэг болно. Монгол судлалын санг байгуулна. Монгол судлалыг зөвхөн өнгөрснийг судалдаг төдийгүй өнөөгийн, ирээдүйн монголыг судалдаг агуулгаар хөгжүүлнэ. Монгол судлалыг хэл, соёл, түүх, угсаатан, антропологи, археологи, зан заншил гэх мэт уламжлалт чиглэлийн судалгаанаас гадна өнөөгийн монголын соёл, иргэншил, улс төр, уул уурхай, үйлдвэрлэл-эдийн засаг, нийгмийн үнэт зүйлсийг судалдаг чиглэлээр өргөжүүлнэ.

Шинжлэх ухааны санхүүжилтийн бүтцийг оновчтой болгоно. Нэн ялангуяа ноу хау, бизнес-инноваци,  технологийн чиглэлийн баялаг бүтээдэг шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн олон эх үүсвэр, боломжийг бий болгоно. Үр дүн, үнэ цэнэ нь тодорхой, амьдрал ахуй, хэрэглээ, үйлдвэрлэл, эдийн засагт нэвтрэх баталгаа нь хангагдсан ноу хау, бизнес-инноваци, технологийн ажлуудыг эцсийн үр дүнгээр нь судалгааны тэтгэлэг олгодог санхүүгийн шинэ эх үүсвэрийг бий болгож бизнес-инновацийн хөгжлийг дэмжинэ.  

Дэвшилтэт технологийг бүтээх, дамжуулах, зүгшрүүлэх, нутагшуулах, үйлдвэрлэл, эдийн засаг хэрэглээнд нэвтрүүлэхэд татвар, зээлийн таатай орчныг бий болгоно. Үүний тулд тодорхой хугацаанд зарим нэр төрлийн татварын чөлөөлөлт, хөнгөлөлтийг бий болгох, хүү багатай шинжлэх ухааны хөгжлийн зээлийн төрлийг Хөгжлийн банкинд бий болгох асуудлыг судалж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.        

Эрдэмтэд, үйлдвэрлэгчид, бизнесменүүд харилцан ашигтай, хамтран ажиллах таатай боломжийг хангасан "шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн  нээлттэй, чөлөөт бүс" болох "шинжлэх ухааны парк"-ийг байгуулах эрх зүйн орчныг бий болгоно. Шинжлэх ухааны паркийг бүтээн босгох хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, "Шинжлэх ухааны паркийн хөрөнгө оруулалтын тухай хууль"-ийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлж, хөрөнгө оруулалтыг босгох талаар ажиллана. Шинжлэх ухааны паркийн орчинд ажиллах  шинжлэх ухааны байгууллага, их сургуулиуд, компаниудад ноу хау, бизнес-инноваци, технологи, бүтээгдэхүүн бүтээх, хөгжүүлэх хөрөнгө босгох, үйлдвэрлэл, эдийн засаг, хэрэглээнд нэвтрүүлэхийг хөхиүлэн дэмжсэн татвар, хөрөнгө оруулалт, зээлийн нэн таатай боломжийг бий болгоно.

Шинжлэх ухааны баялаг бүтээх, ашиг орлого олох боломж, өрсөлдөх чадамжийн судалгааг хийдэг болно. Ингэж бид үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийн шинжлэх ухааны хэрэгцээг тодорхойлдог болно. Мөн ийм байдлаар бид бусад улс оронд байхгүй зөвхөн Монголд л байгаа судалгааны нөөц, мэдлэг, туршлагаараа дэлхийн хэмжээнд мэдлэг, технологи, шинжлэх ухааны бүтээгдэхүүн экспортлох, олон улсын талбарт шинжлэх ухаанаар бизнес хийх боломжийг тодорхойлно. Шинжлэх ухааны хүний нөөц, байгууллагын чадавхи, судалгаа, шинжилгээний дэд бүтэц, лабораторийн нөхцөл байдлыг үнэлж, хүний нөөц, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ. Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн өндөр технологийн лабораториудийг нийлүүлнэ.

Эрдэмтэд ажилдаа сэтгэл ханамжтай, орлоготой ажиллах нөхцлийг бий болгоно.  Ингэж бид эрдэмтэдийнхээ тоог нэмэгдүүлнэ. Эрдэмтэн, судлаачдын орлого зөвхөн төрөөс өгдөг цалингаас хамаардаггүй болно. Сайн менежертэй,  ажлаа сайн хийж чаддаг шинжлэх ухаан, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид, ажилтан албан хаагчид илүү орлоготой, илүү цалинтай байх боломжтой болно.  Эрдэмтэд хийсэн, бүтээсэн ажлын үр дүнгээрээ, оюуны үнэлэмжээрээ орлого олдог байх нөхцлийг бүрдүүлнэ.  

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэдээ дэмжиж үндэсний оюуны өрсөлдөх чадамжаа нэмэгдүүлнэ. Олон улсад нийтлэгээр хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны сэтгүүлүүдэд бүтээлээ нийтлүүлж, бүтээл нь дэлхийн хэмжээнд шинжлэх ухааны эргэлтэд орж байгаа эрдэмтэддээ дараагийн судалгааны дэмжлэг үзүүлдэг болно. Манай улсад нэн хэрэгцээтэй шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, салбарт амжилттай ажиллаж байгаа залуу эрдэмтэдээ өндөр хөгжилтэй орнуудад дараагийн шатны сургалтад суралцуулах, мэргэшүүлэхэд нь сургалтын тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.  

Шинжлэх ухааны бизнесийн менежмент, маркетинг, оюуны эрх, патент, патентийн гэрээ эрх зүйн чиглэлээр үндэсний хүний нөөцийг бэлтгэнэ. Өндөр хөгжилтэй орнуудад хүн сургана.  Санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны эрх, пантентийн зэрэг хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх, мөн шинээр шинжлэх ухааны хөрөнгө оруулалтын тухай, шинжлэх ухааны паркийн тухай хуулиудыг боловсруулах, холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шинжлэх ухааны тухай багц хуулиудыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.   

Хөгжлийн хурдасгуур

Шинжлэх ухаан зөвхөн эрдэмтдийн асуудал биш болсон. Оюутан, сурагч, үйлдвэр, компаний эзэд, төр, засгийн газар, эрдэмтэн гээд шинжлэх ухаантай холбоотой маш олон төрлийн хүмүүс байна. Нэг хэсэг нь хэрэглэгчид, нөгөө нэг хэсэг нь шинжлэх ухааны хэрэгцээг тодорхойлогчид, санхүүжүүлэгчид, мөн бас хэрэглэгч, үр шимийг нь хүртэгчид, зарим нэг хэсэг нь шинжлэх ухаан, хэрэглэгчдийг холбогч, түүнийг хөтлөгчид гэх мэт шинжлэх ухаанд хамааралтай олон төрлийн хүмүүс байна. Тэдэнгүйгээр шинжлэх ухаан хөгжихгүй, шинжлэх ухаангүйгээр тэд бас явахгүй. Эдгээрийг холбодог, харилцаа, мэдээлэл хир сайн байна, шинжлэх ухаан төдий чинээ хурдтай ажиллана, зөв ажиллана, түргэн хөгжинө. Мэдрэмжтэй, адил тэгш, амьд, нээлттэй, хурдтай, хүртээмжтэй, хэрэглэгчид нэвтрэх, ашиглахад саадгүй, энгийн мэдээллийн таатай орчин, үйлчилгээ нь шинжлэх ухааны хөгжлийг хурдасгана.  

Хэрэглэгч бүр шинжлэх ухааны өөрийн эрх ашигтай холбоотой хэрэгтэй мэдээллийг хүссэн цагтаа авч чаддаг, хэрэгтэй талтайгаа холбогдож чаддаг байх нөхцлийг шинжлэх ухаан бий болгох ёстой.  Манайд ийм нөхцөл байдал хараахан алга байна. Бид ийм боломжийг бий болгоно. Үүнийгээ бид "шинжлэх ухааны мэдээллийн хил хязгааргүй орчин, мэдээллийн сан, систем" гэж нэрлэж байна.

Энэ ажлыг бид хийгээд эхэлчихсэн. Өнөөдөр та бүгдэд  "Шинжлэх ухааны мэдээллийн хил хязгааргүй орчин, мэдээллийн сан, систем" -ийг танилцуулна. Мөн "Дэлхийн шинжлэх ухааныг Монголд, Монголын эрдэмтэдийг дэлхийн тавцанд" гэсэн эрдэмтэдэд зориулсан мэдээллийн багц, вэб хуудсийг өнөөдөр, шинжлэх ухааны ажилтны баярын өдрөөр нээнэ. Хувь хүнд ашиглах зөвшөөрөл өгөгддөггүй, төлбөр төлдөг учраас байгууллагууд тэр бүр авч чаддаггүй дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санг монгол эрдэмтэддээ бид нээлттэй болгож байна.

Эрдэмтэд дэлхийн шинжлэх ухааны нээлт, бүтээл, хамгийн сүүлийн үеийн шинэхэн мэдээллийг гадны эрдэмтэдтэй адилхан ашиглах боломжтой болж байгаагийн зэрэгцээ дэлхийн хэмжээний шинжлэх ухааны ажлуудад оролцох үүд хаалга үүгээр бас нээгдэж байна. "Шинжлэх ухааны мэдээллийн хил хязгааргүй орчин, үндэсний мэдээллийн сан, систем" -ийг 2014 онд бүрэн хэмжээгээр байгуулна. Ингэснээр шинжлэх ухаан ухаалаг, цахим засаглалд шилжинэ. Шинжлэх ухааныг хэрэглэгч, үр шимийг хүртэгч, сонирхогч, захиалагч бүх талын хяналтад оруулна. Мөн шинжлэх ухаантай хамааралтай бүх хүмүүст шинжлэх ухаан ил тод, нээлттэй, адил тэгш болно.  

Шинжлэх ухааны мэдээллийн таатай орчин, системийг байгуулснаар манай улс үндэсний мэдлэг-оюун, технологийн бүрэн хэмжээний сантай болно. Мөн  шинжлэх ухааны мэдээллийг түгээх, ашиглах эрх зүйн зохицуулалтыг бий болгоно.

    Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа,  
    Хүндэт зочид оо,
    Хатагтай , ноёд оо,

Шинжлэх ухааныг авч явах эзэд нь эрдэмтэд, судлаачид, шинжлэх ухааны салбарын ажилтнууд та бүгд өөрсдөө билээ. Эрдэмтэддээ суурилсан шинжлэх ухаан хөгжинө. Бид та бүгдийг сонсож, та бүгдэд шаардлагатай бололцоо, боломжийг гаргаж өгнө. Бүхий л дэмжлэгийг үзүүлнэ.  Хийх, хэрэгжүүлэх эзэд нь та нараа. Бид эрдэмтэн, судлаачиддаа итгэж байна.

    Хийх ажил их байна, бид хамтдаа хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.     

    Та бүгдэд шинжлэх ухааны ажилтны баярын халуун мэндийг дахин хүргэе.

    Гүн хүндэтгэл илэрхийлж, их амжилтыг  хүсэн ерөөе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж