Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэв

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шөнийн 00,00 цагаас хойш архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх ёстой. Нийслэлийн Засаг даргын захирамжаар бол 24.00 цагаас хойш архи согтууруулах ундаа зарах түүгээр үйлчлэхийг хориглосон. “Архидан согтуурах явдалтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн өчигдөр хуралдаж, мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Архи, согтууруулах ундаа борлуулахыг 24.00 цагаас хойш хориглосон болохоос бус үүдийг нь барьсан юм биш. Тэдгээр байгууллага яагаад залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх талаар бодолцож, өөр соёлын арга хэмжээ явуулж яагаад болохгүй гэж. Улаанбаатар хотын залуусыг шөнийн цагаар архидаж энэ нь ардчилал, соёлын төвшинг харуулдаг мэтээр хэвлэлүүдэд төлбөртэй нийтлэл тарааж байна. Тэгвэл тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон аж ахжуй нэгжүүд залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх талаар шинэ менежмент хэрэгжүүлж бас яагаад болохгүй гэж. Мөн хөл бөмбөг үзүүлэх зөвшөөрөл авсан газруудыг өмнө нь тусгай зөвшөөрлөө хураалгасан 61 аж ахуйн нэгжтэй хүмүүс хольж ойлгоод байна. Орчин нөхцөл нь шаардлага хангасан дээрхээс бусад аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгосон” гэж тайлбарлав. Хурлаар нийслэлийн  цагдаагийн байгууллагаас хийсэн ажлын талаар ажлын хэсгийн гишүүдэд  Нийслэлийн цагдаагийн газрын дэд бөгөөд хэв журмын хэлтсийн орлогч дарга С.Отгонбаатар  мэдээлэл хийв. Дүүргүүдийн хувьд авч үзвэл, Баянзүрх дүүрэгт 12 баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон боловч, дөрвөн  баар үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн арга хэмжээ авчээ.

1.Баянгол дүүрэгт 25 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийхэд таван газар зөрчил гаргасан хэрнээ  үйл ажиллагаагаа явуулж байлаа.

2.Сонгинохайрхан дүүрэгт  дөрвөн  аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрөлгүй хэрнээ ажиллаж байна.

3.Сүхбаатар дүүрэгт мөн  дөрвөн аж ахуйн нэгж байгууллага тусгай зөвшөөрөлгүй хэрнээ үйл ажиллагаа явуулж байлаа.

4.Хан-Уул дүүргийн хувьд хүнсний дэлгүүр баар ресторан зэрэг 14 аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байхыг анхааруулсан мэдэгдэл хүргүүлсэн байна.

5.Чингэлтэй дүүрэгт тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гурван байгууллагыг торгож, дахин зөрчил гаргахгүй байх талаар баталгаа гаргуулан авч ажилласан байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат “Хууль дүрмээ баримтлахгүй, удаа дараа зөрчил гаргасан 61 аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Гэтэл дэлхий нийтийн анхаарлыг  татсан Хөл бөмбөгийн ДАШТ эхэлснээр зарим нэг хүндрэл бэрхшээлтэй асуудал  тулгарч байна. Бид хөл бөмбөгийн хорхойтнуудын  хөлбөмбөг үзэх  эрхийг  огтхон ч  хаагаагүй. Зөвшөөрөл авсан 64 аж ахуй нэгж  баар, үйлчилгээний газрууддаа  энэ тэмцээнийг нээлттэй үзүүлж байгаа.  Харин хууль зөрчсөн үйлдлээ хаацайлах гэж  зарим нэг аж ахуй нэгжийн эзэд  худал мэдээллээр иргэдийн толгойг угааж  байна” гэлээ. Ирэх сарын 12 буюу хаан спорт гэж нэрлэгддэг  хөлбөмбөгийн ДАШТ дуустал залуус дуртай спортоо найз нөхөдтэйгээ үзэх боломжийг хотын удирдлагууд боомилоогүй гэдгийг онцоллоо. 

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж