Долдугаар сарын 1-ний хэргийг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.16-нд нийтлэгдсэн

Долдугаар сарын 1-ний хэргийг хэлэлцэнэ

Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав долдугаар сарын 1-ний үймээний үеэр тушаалгүйгээр галт зэвсэг хэрэглэсэн цагдаагийн ажилтнууд болон энэ хэрэгт холбоотой цагдаагийн дарга нарын хэргийг дахин сэргээж шалгуулахаар Прокурорын мөрдөн байцаах албаныханд чиглэл өгөөд байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Өөрөөр хэлбэл жил гаруй хугацаанд шалгагдаад өнгөрөгч хоёрдугаар сард хэрэгсэхгүй болгосон энэ хэрэг дахин мөрдөн байцаалтад буцаж байгаа юм байна.

Өнгөрөгч оны арванхоёрдугаар сард УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний үймээний улмаас хилсээр яллагдсан, эрх нь зөрчигдсөн иргэдийн мэдээллийг сонсох парламентын нээлттэй сонсголыг зохион байгуулсан. Энэ сонсголд танилцуулах ёстой бас нэг асуудал нь онц байдлын үеэр галт зэвсэг хэрэглэсэн асуудал хууль ёсны байсан эсэхийг тодруулах явдал байсан ч тухайн үед энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явсан учраас мөрдөн байцаалтын нууцыг задруулж болзошгүй гэдэг үндэслэлээр асуудлыг түр хойшлуулж, хэрэг шийдэгдсэний дараа сонсохоор болсон билээ. Гэвч одоо Ерөнхий прокурор энэ хэргийг дахин шалгуулахаар болсон тул сонсгол ч дахин хойшлохоос аргагүйд хүрээд байгаа аж. Гэтэл 250 гаруй иргэнийг шүүхээр яллаж, таван хүний аминд хүрсэн энэ хэрэг хэдхэн хоногийн дараа хоёр жилийнхээ ойтой золгох гэж байдаг. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цагдаа нарын хэрэг шийдэгдэхийг хүлээлгүйгээр нээлттэй сонсголынхоо дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар болжээ. Одоо Хүний эрхийн дэд хороон дээр бэлтгэж байгаа сонсголын дүгнэлтийг ирэх долоо хоногт УИХ-д танилцуулж, Хууль зүйн байнгын хороо болоод нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх гэнэ.

Долдугаар сарын 1-ний онц байдлын үеэр тушаалгүйгээр гал нээсэн, таван хүний амь хөнөөсөн хэргээр тухайн үеийн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Ч.Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дарга Ш.Батсүх нарт Эрүүгийн хуулийн 263-ын 2 буюу “Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол, хор уршиг учруулсан” гэх зүйл ангиар, Эргүүл хамгаалалтын тасгийн зургадугаар хэлтсийн албан хаагчид болох Я.Хорлоорембүүчий, Д.Төмөрбаатар, Ү.Даржаа, Ю.Гантулга, А.Ууганбаяр, Б.Батцэрэн, Н.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийн 1 буюу “Хүндрүүлэх нөхцөлгүйгээр хүнийг санаатай алсан” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж байсан.

Мөрдөн байцаах ажиллагаа жил хагас үргэлжилсний эцэст өнгөрөгч хоёрдугаар сарын 3-нд Нийслэлийн прокурорын газрын хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Ё.Сагсай дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон билээ. Ингэхдээ цагдаагийн дарга нарын хэргийг Өршөөлийн хуульд хамруулж, харин буудсан цагдаа нарын хэргийг “цагдаа нар хэргээ хүлээсэн ч хэний суманд хэн өртсөн нь тогтоогдоогүй” гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин талийгаачдын ар гэрийнхэн Нийслэлийн прокурорын тогтоолыг үл зөвшөөрөн Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард хотын төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарласан Иргэний хөдөлгөөнүүд ч УИХ-ын ажлын хэсэгтэй “Долдугаар сарын 1-нд хүний амь хөнөөсөн хэрэгт хэн буруутайг олж тогтоох, энэ тухай прокурорын тайлбарыг УИХ дээр сонсох” тохиролцоотойгоор өлсгөлөнгөө тараасан. Нэг үгээр хэлбэл энэ асуудал хуулийн байгууллагын хүрээнээс хальж, УИХ-ын төвшинд асуудал тавигдаад байгаа гэсэн үг.

Харин үүнээс хойш хоёр сар шахам хугацаа өнгөрсний дараа Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хохирогчдын ар гэрийнхний гомдлыг хүлээж авч, цагдаагийнхны хэргийг дахин сэргээхээр болжээ. Үүнд Ерөнхий прокурорын хувийн итгэл үнэмшил, хохирогчдын ар гэрийнхний шахалтаас гадна түүнийг томилсон Ерөнхийлөгчийн нөлөө байсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө ч, сонгогдсоныхоо дараа ч олонтаа, тод томруунаар хэлж байсан нэг зүйл бол хуулийн байгууллагад шинэчлэл хийж, хүний эрхийг хамгаалах явдал. Ямартаа ч хоёр жил шахуу шалгагдаад үр дүнгүй байсан долдугаар сарын 1, таван хүний амь настай холбоотой хэрэг дахин сэргээгдэж, мөрдөн байцаалтад буцах болжээ. Албан бус мэдээллээр бол Ерөнхий прокурор энэ хэргийг сэргээхдээ цагдаагийн дарга нарын хэргийг Өршөөлийн хуульд хамрагдахгүй, өөр зүйл ангиар шалгах, буудсан цагаа нарын зүйл ангийг ч мөн өөрчилж, хуулиар хариуцлага хүлээлгэж болох шинэ зүйл ангиар /эрх мэдлээ хэтрүүлэн танхайрсан гэх мэт. сурв/ шалгах үүргийг прокурорын мөрдөн байцаах албанд өгсөн гэнэ.

Үүнээс үзвэл ноён Д.Дорлигжавыг Ерөнхий прокурорын ажлыг хүлээж авснаас хойш олон нийтийн зүгээс хамгийн их хүлээлт үүсгээд байсан нэг асуудал ямар ч байсан хөдөлгөөнд орж эхлэв бололтой. Мөн түүнчлэн тэр саяхан өөрийн орлогч нартаа өргөдлөө өгөхийг үүрэг болгосон тухай тун ойрын эх сурвалжууд ярьж байна. Ингэвэл сүүлийн 20 жил нэг намын эрхшээлд ороод байсан хуулийн байгууллагын толгойд бага ч гэсэн салхи орох нь тодорхой. Харин яаж гэдгийг харж байх үлдлээ. Одоо Ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байгаа Б.Цэрэнбалтавын хувьд сүүлийн зургаан жил энд ажиллаж байгаа, харин сүүлд томилогдсон н.Болдын хувьд аймгийн прокурорт ажиллаж байхад Ерөнхийлөгч Н.Энхбаяр татаж авчирсан, халаасных нь хүн гэгддэг.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж