Ч.Чинбат: “Уран Хас” бол монголын ард түмний бахархал

Хуучирсан мэдээ: 2013.12.02-нд нийтлэгдсэн

Ч.Чинбат: “Уран Хас” бол монголын ард түмний бахархал

Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн удирдаач Ж.Чулууны “Уран Хас” бүжгэн жүжиг өчигдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 40 дэх жилдээ тоглогдож, үзэгчдийн хүртээл боллоо.

Монгол үндэсний анхны мэргэжлийн бүжгийн жүжиг болох “Уран Хас”-ыг тэртээх 1973 онд хөгжмийн удирдаач Ж.Чулуун зохиож, тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 30-ны өдөр түүний төрсөн ахын хүүхэд болох УГЗ удирдаач Ч.Жамсранжав анх удирдаж, үзэгчдийн хүртээл болгож байжээ. Энэхүү тоглолтыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Жамъяндагва дэглэж, Ардын зураач Ч.Гунгаасүх зураачаар нь ажилласан бол Хасын дүрд Д.Батхүрэл, Хандармаад Ю.Цэрмаа тоглосон байна. Үүнээс хойш үе үеийн шилдэг уран бүтээлчид болох Э.Оюунбат, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нарын авьяаслаг бүжигчид Хандармаа, Хасын дүрд гоцолсон байдаг.

УДБЭТ-ын тайзнаа 40 жилийн турш тасралтгүй тоглогдож, монголчууд бидний зүрхэнд хоногшсон “Цэнгэлийн вальс”-ийн уран тансаг аялгууг эгшиглүүлсээр байгаа энэхүү бүжгийн жүжигтэй амьдрал, уран бүтээлээрээ холбогдсон хүмүүс өчигдөр дуурийн театрын хоёр давхарт зассан хүндэтгэлийн тайзнаа морилон ирсэн юм. Тэд “Уран Хас” балетын 40 жилийн ойг тэмдэглэхээр иржээ.Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд  Зууны манлай хөгжмийн удирдаач Ж.Чулууныгэргий н.Должин, хүү хөгжмийн удирдаач Ч.Чинбат, Хас, Хандармаагийн дүрд гоцолж байсан бүжигчид болон бусад уран бүтээлчид, М-Си-Эс компанийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Бас нэгэн сонирхолтой зочид нь Ж.Чулуун гуайд “Уран Хас” бүжгийн жүжгийг бичих санаа сэдэл төрүүлсэн хүн болох Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн н.Гэлэнхүүгийн зээ нар байлаа. Ж.Чулуун гуай “Уран Хас”-аа н.Гэлэнхүүгийн амьдралаас сэдэвлэн бичиж байжээ. Тэрээр нисэхийг хүсч өөрийн сумандаа байх 200 метр орчим өндөртэй “Дүнтэр” цохион дээрээс “нисэн” буухдаа азаар хоттой хонин дээр таарснаар амьд үлдсэн гэж түүний отгон охины том хүү ярьж байсан юм.

Ойн баярыг нь угтаж хэд хэдэн томоохон бэлэг бэлджээ. Нэн түрүүнд сонгодог урлагт үнэтэй хувь нэмэр оруулагч үндэсний компаниудын нэг М-Си-Эс Групп, УДБЭТ-тай хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний сонгодог бүтээлийн нот, клавир, партитурыг сэргээх төсөл”-ийн хүрээнд “Уран Хас” бүжгэн жүжгийн нотыг бүрэн эхээр нь дижитал хувилбарт шилжүүлж дуусгажээ. М-Си-Эс Групп 20 жилийнхээ ойн нэрэмжит “Үндэсний өв, соёлоо хайрлан хамгаалах хөтөлбөр”-ийг санаачлан, энэ дагуу “Үндэсний сонгодог бүтээлийн нот, клавир, партитурыг сэргээх төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд “Уран Хас” бүжгэн жүжгийн нэгэн адил үндэсний сонгодог 40 гаруй бүтээлийг дижитал хувилбарт шилжүүлэх аж.

Ч.Чинбат: “Уран Хас” бол монголын ард түмний бахархал

Ардын жүжигчин Ж.Чулууны хүү удирдаач, хийлч

-Таны аавын зохиосон “Уран Хас” бүжгийн жүжгийн нот дижитал хэлбэрт шилжлээ. Өнөөдөр 40 жилийн ойг нь тэмдэглэж байна. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаач?
 
-Өнөөдөр үнэхээр сайхан өдөр байна. Миний аавын энэхүү бүтээл 40 жилийн турш дуурийн театрын тайзнаа ард түмэн, бяцхан хүүхдүүддээ зориулан тоглогдлоо. Хамгийн чухал нь Монголын ард түмний бахархал болсон энэ бүтээлийн нотыг шинэчилж, компьютерт оруулан, дижитал хэлбэртэй болгосонд үнэхээр их баяртай байна. Нотыг олон жил тоглох тусам элэгдэж, урагдан, хуучирч мууддаг. Үүнийг дижитал хэлбэрт шилжүүлнэ гэдэг бол цаашид тус уран бүтээлийг тавихад илүү хөнгөн болно. Ялангуяа шинээр төгсөж ирж байгаа уран бүтээлч, хөгжимчдөд маш чухал үйл явдал. Цаашдаа бага багаар тайз, хувцас хэрэглэл, зургийг нь шинэчлэх зэрэг ажил бага багаар явагдаад байвал манай ирээдүйн хүүхдүүдэд чухал хувь нэмэр болж байгаа юм. Аавын маань уран бүтээл гэхээсээ илүү ард түмний сэтгэл зүрхэнд шингэснийг нь харахад үнэхээр тааламжтай байна. Манай гэр бүлийн бас нэгэн бахархал. Үүнийгээ аль болох өндөр хэмжээнд авч явъя л гэж боддог юм даа.

-Хамгийн анх аавын тань ахын хүүхэд энэ уран бүтээлийг дохиж нийтэд хүргэж байсан гэдэг?

-Тиймээ, аавын маань төрсөн ахын хүүхэд УГЗ удирдаач Ч.Жамсранжав ах маань анх дохиж, 1973 оны 12 дугаар сарын 30-нд шинэ жилээр үзэгчдийн хүртээл болгож байсан түүхтэй. Бас бахархмаар зүйл л дээ. Энэ дашрамд аавын маань уран бүтээлийг амилуулсан балетместер, хөгжмийн зохиолч, хөгжимчин, бүжигчин гээд бүх уран бүтээлч, хамт олонд нь “Уран Хас”-ын 40 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.

Ю.Цэрмаа: Би “Уран хас”-ыг шүтдэг

“Уран Хас” бүжгэн жүжгийн Хандармаагийн дүрданх гоцолсон ахмад балетчин

-“Уран Хас”-ын анхны Хандармаад тоглож байжээ. Өнөөдөр энэ бүтээлийн 40 жилийн ойг тэмдэглэж байна. Та сэтгэгдлээ хуваалцаач?

-Би балетаа үзэлгүй нэлээн хэдэн жил болчихож. Би Ж.Чулуун гуайн хөгжмийг шүтэж явдаг юм. Тэрээр бүжигчнийхээ тухайн өдрийн формыг анддаггүй маш гайхалтай мэдрэмжтэй хүн байсан. Өнөөдөр би анх гол дүрийг нь бүтээсэн бүжгэн жүжгийн 40 жилийн ой болж байгаад, үзэгчдийн суудлаас “Уран хас”-аа үзэж байгаадаа үнэхээр баяртай байна. Гэхдээ арын бүжигчид маань байхгүй бол гол дүрийн бид юу ч биш шүү дээ. Энэ бол хамтын бүтээл гэдгээрээ гайхалтай, миний хувьд анхны Хандармаа гэдэг утгаараа сайхан л байдаг юм. Бас энэхүү бүтээл маань дижитал хувилбарт шилжсэнд нэгэн цагт оролцон тоглож явсан уран бүтээлчийн болон Ж.Чулуун гуайн хөгжимд хайртай хүний хувиар маш их баярлаж, М-Си-Эс Группын хамт олонд талархаж байна.

-Хандармаа таны хэд дэх дүр вэ. Тоглохдоо хэдэн настай байв?

-1973 он гэхээр чинь би 29 настай байсан юм байна. Харин Хандармаагаас өмнө олон бүжгийн жүжигт тоглосон байсан. Яг хэд дэх нь гэдгийг санадаггүй ээ. Миний партнер н.Батхүрэл гээд их сайн бүжигчин, сайхан партнер байсан. Харамсалтай нь одоо талийгаач болчихсон. Оюунбаттай бас бүжиглэж байсан байх аа.

-Та хэдэн жил бүжиглэсэн бэ?

-Дуурийн театртаа 24 жил болсон. Дараа нь циркт багшилж байсан.

Б.Сайханчимэг: Нот бичгийг хэдэн ч жилийн турш хэчнээн ч хувийг хэвлэж ашиглах боломжтой боллоо

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Олон нийтийн харилцааны ажилтан

-“Уран Хас” болон бусад 40 гаруй үндэсний сонгодог бүтээлийн нотыг дижитал хэлбэрт шилжүүлснээр ямар давуу талтай вэ?

-Үе үеийн уран бүтээлчид маань энэхүү сонгодог бүтээлийн гар бичмэл нотноос хувилан олшруулж, хэрэглэж ирсэн байдаг. 40 жилийн турш нэг эхээс олон удаа хувилж авахаар урагдах, цаас учраас эдэлгээний явцад эмэрч унах аюулд хүрээд байсан. Харин одоо төсөл хэрэгжиж, нотны эх бичгийг дижитал хэлбэрт шилжүүлснээр цаашид хэдэн ч жилийн турш хэчнээн ч хувийг хэвлэж ашиглах боломжтой боллоо гэсэн үг.

– Бас болзошгүй аюулаас сэргийлж байгаа юм байна?

-Тэгэлгүй яахав. Урагдаж сэмрэхээс гадна гэнэтийн, болзошгүй эрсдэлээс үүдэн устаж үгүй болох аюул байна. Саяхан удирдаач Ч.Чинбат гуайн ярианаас “Учиртай гурван толгой” дуурийн анхны хувилбар нь Бөмбөгөр ногоон театр шатахад устаж алга болсон” гэж сонсож байсан. Харин одоо “Уран Хас” балет, “Учиртай гурван толгой”, “Чингис Хаан” дуурь зэрэг үндэсний 40 гаруй сонгодог бүтээлийн маань нот нь цахим хэлбэрт шилжсэнээр иймэрхүү болзошгүй аюулаас сэргийлж чадаж байгаа юм.

Э.ТЭКҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж