Хуучирсан мэдээ: 2013.12.03-нд нийтлэгдсэн

Эдийн засаг дахь цаг агаар дулаарах хандлагатай болжээ. Хөрөнгө оруулагчдын сэтгэл наашлав бололтой. Гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн гэх чихэнд чимэгтэй мэдээ дуулдав. 

Ердөө хоёр, гурван жилийн өмнө эрчим хүчний шинэ тоглогч, баялгийн уурхай хэмээн хандарч байсан гадаадынхан гэнэт дүрвэцгээснээс болоод Монголын эдийн засагт сандралын сигнал дуугарч эхэлсэн.  Тэгвэл эдийн засгийн нөхцөл хүндрэх хамгийн гол шалтгаан болсон хөрөнгө оруулалт эргээд сэргэж эхэлсэн нь эдийн засаг болохгүй, бүтэхгүй асуудлаар дүүрчихсэн байгаа энэ үед хамгийн сайхан мэдээнүүдийг нэг болох биз.

Мэдээж, цагийн сайхантай харьцуулашгүй ч гэлээ нүүрээ бууруулчихаад байгаа гадаадынхны итгэл буцаад сэргэж байгаа нь том ололт.  Энэ итгэлийг эргээд олохын тулд Монголын төр өвдөг сөгдөх нь холгүй байгаа. Монголбанкны төлбөрийн тэнцлийн аравдугаар сарын гүйцэтгэлийг харахад 163,6 сая ам.доллар Монголд орж иржээ. Энэ нь  гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн есдүгээр сарынхаас 90 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Гадаад зах зээл гэхээсээ дотоодын бодлогоос болоод үргээчихсэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэд хэдэн алхамыг Засгийн газраас хэрэгжүүлж буй.  Өнгөрсөн хугацаанд УИХ-аар батлагдсан  урт нэртэй хоёр хуулийн уршигаар гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар буурсан юм.  Тиймээс эхний ээлжинд Стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын  хөрөнгө оруулалтыг  зохицуулах тухай хуулийг ээлжит бус чуулганаар хүчингүй болгож шинээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан юм.  Энэхүү хууль батлагдангуут хөрөнгө оруулагчид Монголд шавчихна гэсэн үг биш.

Хөрөнгө оруулагчдын хувьд өнөөдөр хүлээлтийн байдалтай байгаа бөгөөд УИХ-аас баталсан хуулийг хэрэгжилтийн явцыг холоос ашигласан шигээ сууж байна. Монголын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт уул уурхайн салбар дээр л төвлөрдөг. Баялгийн асар их нөөцтэй орны хувьд гадаадынхан эл салбарт хөрөнгө оруулахыг чухалчилдаг нь үнэн. Тиймээс уул уурхайн салбарт хөрөнгө оруулахаар хүлээлтийн байдалтай байгаа гадныхны хувьд Монголын Засгийн газар “Рио-Тинто”-той хэл амаа хэрхэн ололцох вэ гэдгийг анхаарлынхаа гол цэг болгочихоод буй юм.

Оюутолгой төслийг урагшлуулах нь Монголын эдийн засагт том дэмжлэг болохоос гадна гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг хөшүүрэг нь байх учиртай.  Учир нь Оюутолгой бол дэлхийн нийтийн хувьд сонирхлыг нь татсан том төсөл. Энэ том төслийг  хэрхэн хэрэгжүүлэх талаар Монголын Засгийн газар “Рио-Тинто”-той хэрхэн хэл амаа ололцох вэ гэдгээс хөрөнгө оруулалтын өнгө төрх ч өөрлөгдөнө.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт аравдугаар сард өмнөх  есдүгээр сараас бараг нэг дахин өссөн нь магадгүй Хөрөнгө оруулалтын хуулийг шинэчилж, хүлээгдэж байсан төслүүдийг урагшуулахад хөшүүрэг болсон байхыг үгүйсгэхгүй. Хэрэвзээ цаашдаа өсөлт энэ янзаараа байх аваас үүсээд байгаа хүндрэлүүд арилж, эдийн засагт  тэнгэр цэлмэх нь гарцаагүй биз. Гэхдээ үүний тулд өөр бусад хуулиудыг ч өөрчлөх ёстой юм.  Мөн төр өөрийгөө өөрчлөх хэрэгтэй.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа гээд бүрх юм “окей” болчихгүй нь лав. Тэрхүү хуулийг хэрэгжүүлэх субъект нь  хөнгөн хөлтэй, чих зөөлөнтэй байж л хөрөнгө оруулагчдыг сэтгэлийг эерүүлнэ. Түүнээс өмнөх шигээ хүнд суртал гаргаж, хувийн ашиг сонирхлоо нэгдүгээр тавих аваас хуулиа мянга солилоо гээд байдал сайжрахгүй болов уу.  Хөрөнгө оруулагчдын хувьд татварын таатай орчинтой, цэвэр, тунгалаг төртэй л хамтран ажиллах сонирхолтой байдаг шүү дээ.  Засгийн газар, УИХ-ынх нь гишүүд популизм хийж, иргэдийн эсэргүүцлийг хөрөнгө оруулагчид рүү чиглүүлсэн хэвээр байвал эдийн засаг үүсээд байгаа нөхцөлөөсөө бид хялбархан салж чадахгүй. Тиймээс арай гэж наашилж яваа  хөрөнгө оруулагчидаа үргээчихгүйн тулд төр нь төр шиг улстөрчид нь ухаалаг, ёс зүйтэй  баймаар байна. 

Ж.НЯМСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж