Хэргийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Хэргийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Улсын ерөнхий проку­рор Д.Дорлигжав долдугаар сарын 1-ний үймээний үеэр тушаалгүйгээр галт зэвсэг хэрэглэсэн цагдаа­гийн ажилтнууд болон энэ хэрэгт холбоотой цаг­даа­гийн дарга нарын хэргийг дахин сэргээхээр Прокурорын мөрдөн бай­цаах албаныханд чиг­лэл өгөөд байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Өөрөөр хэлбэл жил гаруй хуга­цаанд шалгаад өнгө­рөгч хоёрдугаар сард хэрэг­сэхгүй болгосон энэ хэр­гийг дахин мөрдөн бай­цаалтад буцааж байна.

Өнгөрөгч оны арван­хоёр­дугаар сард УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос долдугаар сарын 1-ний үймээний улмаас хилсээр яллагдсан, эрх нь зөрчигдсөн иргэдийн мэдээллийг сонсох парла­мен­тын Нээлт­тэй сонс­голыг зохион байгуул­сан билээ. Энэ сонсголд танилцуулах ёстой бас нэг асуудал нь онц байдлын үеэр галт зэвсэг хэрэглэсэн нь хууль ёсны байсан эсэхийг тодруулах явдал байсан ч тухайн үед энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явсан учраас мөрдөн байцаалтын нууцыг задруулж болзошгүй гэдэг үндэслэлээр асуудлыг түр хойшлуулж, хэрэг шүү­хээр шийдэгдсэний да­раа сонсголыг үргэж­лүү­лэ­хээр болсон билээ. Гэвч одоо Ерөнхий проку­рор энэ хэргийг дахин шалгуулахаар үүрэг өг­сөн тул сонсголыг ч бас хойш­луулахаас арга­гүйд хүрээд байгаа юм байна. Гэтэл 250 гаруй иргэнийг шүүхээр яллаж, таван хүний аминд хүрсэн энэ хэрэг хэдхэн хоногийн дараа хоёр жилийнхээ ойтой золгох гэж байдаг. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо цагдаа нарын хэрэг шийдэгдэхийг хүлээлгүйгээр Нээлттэй сонс­голын дүгнэл­тийг УИХ-д танил­цуулахаар болжээ. Одоо УИХ-ын Хү­ний эрхийн дэд хороон дээр бэлтгэж байгаа сонс­голын дүгнэлтийг ирэх долоо хо­ногт УИХ-д танил­цуулж, Хууль зүйн байнгын хороо болоод нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх гэнэ.

Сануулахад, долдугаар сарын 1-ний онц байдлын үеэр тушаалгүйгээр гал нээсэн, таван хүний амь хөнөөсөн хэрэгт холбог­дуулан тухайн үед Цагдаа­гийн ерөнхий газрын дар­гын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан хошууч генерал Ч.Амарболд, Нийс­лэлийн цагдаагийн газрын дарга асан О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан Г.Ганбаатар, Эргүүл хамгаалалтын газрын дар­га асан Ш.Батсүх нарт Эрүү­гийн хуулийн 263-ын 2 буюу “Албан тушаалаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохи­рол, хор уршиг учруулсан” гэх зүйл ангиар, Эргүүл хамгаалалтын тасгийн зургадугаар хэлтсийн ал­бан хаагчид болох Я.Хор­­лоо­рем­бүүчий, Д.Төмөр­баа­тар, Ү.Даржаа, Ю.Ган­тул­га, А.Ууганбаяр, Б.Батцэрэн, Н.Ариунболд нарт Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91-ийн 1 буюу “Хүндрүүлэх нөхцөл­гүйгээр хүнийг санаатай алсан” гэдэг зүйл ангиар эрүү үүсгэн шалгасан. Гэвч мөрдөн бай­цаал­­тын ажиллагаа жил ха­гас үргэлжилсний эцэст өнгө­­рөгч хоёрдугаар сард Нийс­лэлийн прокурорын газ­рын хоёрдугаар хэлт­сийн хяналтын прокурор Ё.Сагсайгийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон би­лээ. Ингэхдээ цагдаагийн дарга нарын хэргийг албан тушаалын гэмт хэргээр зүйлч­лэн Өршөөлийн хуульд хам­руулж, харин буудсан цагдаа нарын хэргийг “Цагдаа нар хэр­гээ хүлээсэн ч хэний су­манд хэн өртсөн нь тог­тоогдоогүй” гэдэг үн­дэс­лэлээр хэрэгсэхгүй бол­го­сон байдаг. Гэвч талийгаачдын ар гэрийнхэн Нийслэлийн прокурорын тогтоолыг үл зөвшөөрөн Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Мөн өнгөрөгч дөрөвдүгээр сард хотын төв талбайд жагсаал цуглаан зохион байгуулж, өлсгөлөн зарласан Иргэний хөдөлгөөнүүд ч тэдэнтэй хэлэлцээр хийхээр томи­логдсон УИХ-ын аж­лын хэсгийн гишүүдтэй “Долдугаар сарын 1-нд хүний амь хөнөөсөн хэрэгт хэн буруутайг олж тогтоох, энэ тухай прокурорын тайлбарыг УИХ дээр сон­сох” тохиролцоотойгоор өлсгөлөнгөө тараасан. Нэг үгээр хэлбэл, энэ асуудал хуулийн байгууллагын хүрээ­нээс хальж, УИХ-ын төвшинд асуудал тавигдаад байгаа гэсэн үг. Ерөнхий прокурор энэ хэргийг сэргээхдээ цаг­­даа­­гийн дарга нарын хэргийг Өршөөлийн хуу­льд хамрагдахгүй өөр зүйл ангиар шалгах, хүн буудсан цагдаа нарын зүйл ангийг ч мөн өөрчилж, хуулиар хариуцлага хү­лээл­гэж болох шинэ зүйл ангиар хэрэг үүсгэх үүр­гийг прокурорын мөр­дөн байцаах албанд өгөөд байгаа тухай бид өмнө мэдээлсэн. Манайд хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй гэсэн Үндсэн хуулийн зарчим үйлчилдэг хэдий ч долдугаар сарын 1-ний хэрэг дээр энэ хэрэгт холбогдсон цагдаагийнхан болон иргэдэд шүүх ялга­вартай хандсан гэдгийг мэргэжлийн хүмүүс хэл­дэг. Дээр нь УИХ-ын даргын захирамжаар байгуул­­сан, онц байдал зарласан үеэр төрийн өн­дөр албан тушаалтнууд хэрхэн ажилласан бэ гэд­гийг үнэлж дүгнэх ёс­той ажлын хэсэг одоо бол­тол дүгнэлтээ УИХ-д танил­цуулаагүй, ҮАБЗ рүү явуул­сан нэрээр дарчихаад байгаа. Тиймээс дуулиант хэргийн хоёр жилийн “ой” болохоос урьтаж парламент ямар нэгэн байр суурь илэрхийлэхээс өөр гарцгүй болоод байна.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж