Францын Ерөнхийлөгч Сочийн Олимпийг зорихгүй

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

Францын Ерөнхийлөгч Сочийн Олимпийг зорихгүй

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд болон Францын улс төрийн зарим лидер ирэх хоёрдугаар сард ОХУ-ын Сочи хотод болох өвлийн Олимпийн наадамд очихгүй болохыг Гадаад хэргийн сайд нь мэдээлжээ. Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус энэ талаар “Европ 1” радиогоор дамжуулан мэдэгдсэн боловч шалтгааныг нь тайлбарлаагүй аж. Гэхдээ ажиглагчдын зүгээс үүнийг ОХУ-д ижил хүйстний эсрэг хууль батлагдсан болон хүний эрх ихээр зөрчигдөж буйтай холбоотой хэмээн тайлбарлаж байна.

Үүнээс өмнө өнгөрсөн долоо хоногт Германы Ерөнхийлөгч Йоахим Гаук Сочийн Олимпийг бойкотлосон бөгөөд Европын холбооны комиссын орлогч дарга Вивиан Рединг ч мөн өвлийн спортын наадамд очихгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ижил хүйстэн тамирчдыг өвлийн Олимпод оролцохыг урьсан боловч залуу үеийг ижил хүйстэнтэйгээ явалдах асуудлаас хамгаалсан хууль батлах хэрэгтэй байсныг илэрхийлжээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж