МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг Эрдмийн зөвлөл нь дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.16-нд нийтлэгдсэн

МУИС-ийн бүтцийн өөрчлөлтийг Эрдмийн зөвлөл нь дэмжжээ

МУИС-ийн Удирдах зөвлөлөөс 15 салбар сургуулиа тав болгон цөөлж бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргасан ч зарим багш нарын эсэргүүцэлтэй тулгараад байсан. Тэгвэл өнөөдөр МУИС-ийн эрдэмтэн багш нараас бүрддэг Эрдмийн зөвлөл ээлжит хуралдаанаа хийж Удирдах зөвлөлөөс гаргасан бүтцийн өөрчлөлтийг  дэмжсэн байна.

Эрдмийн зөвлөлийн хурлын үеэр МУИС-ийн дүрмийн хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх ажлын хэсгийн дүгнэлт болон Бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийн тайлангийн дүнг хэлэлцжээ. Бүтцийн өөрчлөлтийн ажлын хэсгийн тайланд дурьдсанаар ажлын хэсэг нэгдсэн хуралдаанаа хоёр удаа, ерөнхий хороо гурван удаа, Байгаль нийгэм хүмүүнлэгийн салбар хороо нийт 35 удаа, Бизнесийн салбар хороо хоёр удаа, Хэрэглээний салбар хороо таван удаа тус тус хуралдаж бүрэлдэхүүн сургуулийн нэрс, тэнхимийн нэрсийн анхны хувилбарыг гаргасаныг дурдсан байна.

МУИС-ийн Удирдах зөвлөлөөс “Урлаг, шинжлэх ухааны сургууль”, “Хэрэглээний шинжлэх ухаан, инженерийн сургууль”, “Хуулийн сургууль”, “Бизнесийн сургууль”, “Олон улсын харилцаа нийтийн удирдлдагын сургууль” гэсэн таван сургууль болгон нэгтгэхээр шийдвэр гараад байгаа.  

Тэгвэл өнөөдөр болсон Эрдмийн зөвлөлийн хуралдаанаар гишүүд бүтцийн өөрчлөлттэй холбоотой  гаргасан саналуудаа танилцуулжээ. Тэдний саналаар бол Байгалийн ухааны сургууль, Хүмүүнлэгийн сургууль, Нийгмийн ухааны сургуулийг  тусад нь сургууль болгох. Урлаг, шинжлэх ухааны сургуулийг Байгаль нийгэм, хүмүүнлэгийн сургууль гэж нэрлэх, Сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн тэнхим нэрийг Сэтгүүл зүй, олон нийттэй харилцах тэнхим гэж нэрлэх, Худалдааны сургуулийг Бизнесийн сургуулиас тусдаа харъяа сургууль болгох санал гарчээ. Мөн тэд Үндэсний их сургууль монгол судлалын салбар байхгүй байх бөгөөд Монгол судлал судалгааны түвшинд байж болно гэдгийг  ч хэлжээ. Түүнчлэн гадаад хэлтэй холбоотой тэнхмүүдийг Өрнө судлалын тэнхим, Дорно судлалын тэнхим гэж хоёр хуваах, хуучин сургууль байсан нь тэнхим болчихоор дотоодын бусад сургуулиудад давуу тал өгчих вий гэж сануулжээ. Мөн  их сургуулийн шинэчлэлийг төрийн зүгээс санхүүжилтээр дэмжих, Их сургуулийн бие даасан статустай болох чиглэлээр асуудал боловсруулж тавихийг хүсээд бүтцийн өөрчлөлтийг ерөнхийд нь дэмжсэн байна.


Б.БАТ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж