АНУ-ын арми Велкрогоос татгалзаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын арми Велкрогоос татгалзаж байна

АНУ-ын Арми “Velcro” наалдагчаас татгалзаж оронд нь буцаад ердийн товч хэрэглэдэг болж байна. Наалдагч товчны оронд ердийн товч хэрэглэх нь тийм ч их анхаарал татам асуудал биш санагдах хэдий ч олны анхаарлыг татаад байна. “USA Today” сэтгүүлд бичсэнээр Афганистаны цөлд үүрэг гүйцэтгэж буй цэргүүд элснээс болоод велкрогийн барьцалдах чадвар нь муудаж халаасуудыг нь найдвартай хааж, таглаж чадахгүй байна гэж гомдол мэдүүлсэн байна.

Үүнтэй холбоотойгоор АНУ-ын арми 2700 цэргээс судалгаа авахад тэдний 60 хувь нь өөрсдийн халааснуудад наалдагч велкро биш харин ердийн товч байхыг илүүд үзэж байна хэмээн санал бодлоо илэрхийлжээ. Цэргүүдийн зөвхөн 11 хувь нь л велкротой хэвээр үлдэхийг сонгосон байна. Албан тушаалтнууд цэргүүдийнхээ саналыг сонссон бөгөөд цэргийн хувцсаа хуучин хэвэнд нь оруулж товч хэрэглэдэг болгож байна. Ингэснээр АНУ-ын Арми дүрэмт хувцас тус бүрээс нэг ам.доллар хэмнэх болно. Гэхдээ өөр ч давуу талтай гэж үзэж байна. Тухайлбал велкрогоос ялгаатай нь товч ямар ч дуу чимээ гаргадаггүй бөгөөд энэ нь ямар ч дуу чимээгүй ажиллагаа явуулах шаардлагатай үед илүү давуу талтай гэж үзэж байна. Гэхдээ Арми велкрогоос 100 хувь татгалзаагүй бөгөөд велкрог цэргийн хувцасны ханцуй болон нэрийн пайзны доор ашигласаар байх болно.

Велкрогийн түүхийг сөхвөл велкрог Швейцарийн зохион бүтээгч Жорж де Местрал зохион бүтээсэн гэдэг. 1948 онд тэр ойд явж байгаад гэртээ буцаж ирсэн. Буцаж ирснийхээ дараа тэр хувцсанд нь маш олон тооны зангуу, өвс наалдсан байхыг олж хараад, яагаад ингэж наалдаж үлдэв гэдгийг нь сонирхох бодол төрөөд де Местрал зангууг микроскопоор томруулж харсан бөгөөд тэгэхдээ маш олон тооны жижиг дэгээнүүд нь хувцасны утаслаг хэсгүүдтэй орооцолдсон байхыг олж харжээ. Үүнээс тэр өөрийн алдарт бүтээлээ хийсэн гэдэг. Де Местрал энэ бүтээлээ аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх гэж оролдож олон жил болсон бөгөөд эцэст нь амжилтанд хүрсэн байна. Харин өдгөө Америкийн сансрын нисэгчийн хувцаснаас авахуулаад настай хүмүүсийн спорт пүүзэнд хүртэл хэрэглэдэг болжээ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж