МИАТ-ийн хэрэгт Дээд шүүхээс тайлбар хийжээ

Хуучирсан мэдээ: 2013.12.18-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн хэрэгт Дээд шүүхээс тайлбар хийжээ

“МИАТ” компанийн зарим удирдлагуудад  холбогдох хэргийг саяхан Дээд шүүх хянан хэлэлцээд тэдэнд оногдуулсан мөнгө угаасан гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, ялыг нь хөнгөрүүлсэн юм.

“Шүүхийн шийдвэрийн цахим сан” буюу shuukh.mn-д  сайтад МИАТ-ийн  хэргийн тогтоолыг  байршуулжээ.  Энэ тогтоолд  Ч.Хоролсүрэн нарын “мөнгө угаасан” гэх үйлдлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарласан байна.

МИАТ-ийн удирдлагуудыг мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж прокурор Эрүүгийн хуулийн 166.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, анхан болондавж заалдах шатны шүүх энэ зүйлийн дагуу ял оногдуулсан. Гэтэл “хууль бус эх үүсвэрийг халхавчлах, нуун дарагдуулах, хуулийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор гэмт хэрэг үйлдэж олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, мөнгийг санаатайгаар хүлээн авсан, хадгалсан, ашиглаж шилжүүлсэн, хувиргасан үйлдэл”-ийг мөнгө угаах гэмт хэрэгт тооцсон энэ зүйл заалт нь 2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар тус хуульд орсон байна.

Харин Ч.Хоролсүрэн нарын зургаан хүнд холбогдуулж прокурор яллах дүгнэлт үйлдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэл оногдуулсан мөнгө угаах гэмт хэрэг нь анх 2007 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 2009 оны тавдугаар сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж тогтоосон. Иймээс тэдэнд гэмт үйлдэл төгссөн хугацаанаас нь хойш батлагдсан Эрүүгийн хуулийн 166.1 заалтын дагуу ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамаарч тухайн гэмт хэрэг үйлдсэн үеийг гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд тооцно”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “гэмт хэрэгт шинээр тооцсон буюу оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж Дээд шүүх үзсэн нь тогтоолд тусчээ.

Ер нь манай улсад 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн хуулиар мөнгө угаах үйлдлийг анх удаа гэмт хэрэгт тооцсон ажээ. Гэхдээ зөвхөн “зэвсэг, хар тамхи, хүн худалдаалах, эсхүл хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэж олсон орлого, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл, терроризмыг санхүүжүүлэх зорилготой илт хууль бус эд хөрөнгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь халхавчлах, нуун далдлах, хууль ёсны болгох зорилгоор гүйлгээнд оруулсан” үйлдэл мөнгө угаах гэмт хэрэгт тооцогдож байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж