Хуучирсан мэдээ: 2013.12.19-нд нийтлэгдсэн

Яг одоо л сүү уумаар байна. Утааны хордлого тайлах ганц бүтээгдэхүүн нь өнөөдрийн хувьд сүү  болчихоод байна шүү дээ. Тиймээс сүү ууж хороо тайлахыг хүсч байна. Эмээ маань өдөр болгон сүүтэй цай уухгүй бол даралт нь нэмэгдчихдэг. Гэтэл сүүний үнэ нэмэгдсэн. Дор хаяж 500 төгрөгөөр сүүний үнэ өссөн байна лээ. "Ногоон"-ы үнэ өссөн гээд ногоо иддэг малын сүү хүртэл нэмэгдэж байна.  Тиймээс эмээ сүүгээ хэмнэдэг болсон. Уг нь ийм аймаар утаатай байгаа нөхцөлд эмээ сүү биш юм аа гэхэд сүүтэй цайгаа сайн уух хэрэгтэй байгаа юм. 

Монгол мал аж ахуйн орон гэгддэг. Жилээс жилд мал нь өсч, хүнээсээ хэд дахин илүү болсон. Малыг төрөөс маш сайн харж үздэг. Гэтэл сүүний үнэ жил ирэх тусам нэмэгдсээр.  Малчид малаа саахаа больчихсон уу хөдөөгийнхөн хүртэл зундаа бор цай уудаг болсон байна лээ.

Улсын хэмжээнд 1-5 тоннын хүчин чадалтай 10, 10-аас дээш тоннын хүчин чадалтай 10, нэг тонн хүртэл хүчин чадалтай 80 орчим гээд нийт 100  орчим сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цех ажиллаж байгаа ажээ. Эдгээрт төрийн өмчит, төрөөс туслан дэмждэг үйлдвэрийн газар байдаггүй буюу бүгд хувийн үйлдвэрүүд юм байна. Өөрөөр хэлбэл, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хувийн хэвшлийнхэн авч явж байна. Нийт үйлдвэрийн хоёр нь л нийтэд хувьцаагаа гаргасан байдаг бол бусад нь бүгд ХХК ажээ. Уг салбарыг дэмжихээр энэ жил “Чингис” бондын хөрөнгөөс 27.7 сая ам.долларыг төсөвлөсөн бөгөөд энэ нь аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй зээл, сүүний чиглэлээр ашиглахын тулд импортоор үхэр авахад зориулагдах ажээ. Харин  ирэх жил хөрөнгө мөнгө төсөвлөөгүй тухай  албаныхан хэлсэн. Үндсэндээ он дуусах болсон тул үлдсэн бондын хөрөнгөө ирэх жил үр ашигтай зарцуулахад анхаарах юм байна. Одоогийн байдлаар бондоос төсөвлөсөн хөрөнгөөс 30 хувийг буюу 11.1 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох байдлаар зарцуулжээ. Хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгож буй учраас банкны шалгуурыг заавал давах  ёстой. Банкны шалгуур дээр аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид их унаж байгаа болохоор зээл олголт ерөнхийдөө удаашралтай байна. Энэ жил зээлээ авсан сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулдаг  аж ахуйн нэгжүүд ирэх жилийн гуравдугаар сараас ажиллаж эхлэх төлөвлөгөөтэй байггаа ажээ. Учир нь сүүний үйлдвэрлэл улирлын хамааралтай тул ийнхүү зээлээ авч, үйл ажиллагаа эхлүүлэхээр зэхэж буй. Мөн 27.7 сая ам.долларын “Чингис” бондын хөрөнгөөс ирэх жилийн гуравдугаар сараас импортоор үхэр авч эхлэх юм байна. Сүүний гарцыг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар сүүний үйлдвэрлэлийг эрчимжүүлэхийн тулд гаднаас импортоор үхэр оруулж ирэх юм. Ийм байдлаар үйлдвэрүүдийг дэмжихийг оролдож байна.

Сүүний үйлдвэрүүдийн эрүүл ахуйн нөхцөл муу байна

Энэ салбарын үйлдвэрлэлд шалгалт оруулсан талаар мэдээлэл дуулдлаа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ийнхүү оны төгсгөлд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүдэд шалгалт хийхэд ялангуяа орон нутагт байрлалтай үйлдвэрүүд эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зөрчил зонхилжээ. Шалгалтад нийслэлийн 15 сүүний үйлдвэр, Архангай, Дархан-Уул, Сүхбаатар, Ховд аймаг дахь 14 үйлдвэр, цехийг хамруулсан байна. Энэ шалгалтын дүнгээс харахад орон нутгийн сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр, цехүүд халуун усны хангамж муутай, зарим нь огт халуун усгүй байх зөрчил гарсан байна. Түүнчлэн хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлөх сүү, сүүн бүтээгдэхүүний  үйлдвэр, цехэд ашиглах усаа шинжилгээнд хамруулдаггүй, эцсийн бүтээгдэхүүн хадгалах агуулав сав стандартын шаардлагыг хангасан чийглэгийг болон температур хэмжигчгүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, хаяг, шошго, хадгалах хугацааг тодорхой бичдэггүйг тогтоожээ. Хөдөөд усан  хангамжийн асуудал, тэр дундаа халуун ус  ашиглах нь дан ганц оршин суугчдын асуудал биш, улсын үйлдвэрлэлд тулгараад буй хүнд асуудал болох нь. Хотын иргэд халуун усаар хангагдаж чадахгүй байхад хөдөөд ийм асуудал гарах нь аргагүй санагдах юм. Үүнд гагцхүү дэд бүтцийг сайжруулах нэн шаардлагатай бөгөөд богино хугацаанд хийчих ажил биш. Эхний ээлжинд нийслэлийн айл өрхийг халуун усаар хангасан цагт хөдөө рүү чиглэх нь ойлгомжтой. Харин дээрх шалгалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 15 үйлдвэрийг хамруулсан. Энэ үйлдвэрүүд хөдөө орон нутгийнхыг бодвол  хангамж сайтай, эрүүл ахуйн шаардлага хангах нь арай дээр юм байна. Хэдий тийм боловч мөн л эрүүл ахуйн шаардлага хангаагүй, итгэмгүй зөрчил  мэр сэр гарчээ. Сүүн бүтээгдэхүүний нэг төрөл болох зайрмагны үйлдвэрлэлд энэ илэрсэн байна. “ТЭСО” ХХК-ийн “Айсмарк” зайрмагны үйлдвэрт гэхэд түүхий эдээ зөөвөрлөх савны угаалга цэвэрлэгээ хангалтгүй, үйлдвэрийн тоног төхөөрөмж, ажилтнуудын ажлын хувцас, гараас авсан арчдасны шинжилгээний 3,5 хувьд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нян илэрчээ.

Ийнхүү үндэсний үйлдвэрлэлийг хамт хөгжүүлж яваа энэ салбарынханд дэд бүтэц, хөрөнгө мөнгөний асуудал бэрхшээлтэй ч ядаж үйлдвэр, цехийнхээ эрүүл ахуйг хангах нь наад захын хийх ажил байлтай. Боловсон хүчний хувьд дээхэн үед ХААИС дан ганц бэлтгэдэг байсан бол одоо харьцангуй их сургуулиуд үйлдвэрлэлд орж ажиллах боловсон хүчин бэлтгэх болжээ. Гагцхүү орчин үеийн техник, технологийг бүрэн ойлгож, бодит ажлын байран дээр биеэ даан ажиллах чадварыг нь сайжруулах хэрэгтэй талаар салбарынхан нь хэлэх юм. Ямартай ч бидэнд сүү, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх арвин туршлага бий ч үйлдвэрийн зохион байгуулалтад орж ажиллахад бэрхшээл тулгарсаар байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж