Боливи анх удаагаа хиймэл дагуултай болов

Хуучирсан мэдээ: 2013.12.21-нд нийтлэгдсэн

Боливи анх удаагаа хиймэл дагуултай болов


Боливийн хиймэл дагуултай пуужингийн хөөрөлт
Фото: Handout / Reuters

Арванхоёрдугаар сарын 21-ны шөнө Боливи хиймэл дагуулаа тойрог замд гаргажээ. Түүнийг Хятадын Long March-3B зөөгч пуужингаар  Хятадын баруун өмнөд хэсэгт байдаг хиймэл дагуул хөөргөх Сичан (Xichang) талбайгаас  тойрог замд нь оруулсан байна. Энэ тухай Agence France-Presse мэдээлэв.

Пуужин хөөргөхөд Боливийн ерөнхийлөгч Эво Моралес байлцлаа. Теле холбооны хиймэл дагуулыг Тупак Катари (Tupac Katari) гэж нэрлэв. XVI зуунд Испанийн колончлогчдын эсрэг бослого гаргасан индианчуудыг толгойлогч тийм нэртэй байсан гэдэг.

Хиймэл дагуулыг ирэх оны гуравдугаар сараас ашиглаж эхлэх бөгөөд тэр нь тус оронд жилдээ 25 сая долларыг хэмнэх боломжийг өгөх гэнэ. Хиймэл дагуулын үнэ нь 300 сая доллар болсон байв. Түүний 250 саяыг нь Хятад зээл болгон олгожээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж