Дөрвөн ихэр мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2013.12.24-нд нийтлэгдсэн

Твиттерчдийн
хувьд мөн л нам тайван өнгөрлөө. Шинэ жил дөхсөн, өмсөх даашинз,
оролцсон арга хэмжээ, авсан шагнал мэт нь асуудал тойрон маргалддаг
ширүүхэн уур амьсгалыг ч намжаажээ. Лав он дуустал иймэрхүү байх
бололтой. Гэвч ойрд сонсогдоогүй сайхан мэдээ цахим хуудаснаа түгсэн нь
дөрвөн ихэр хүүхэд мэндэлсэн тухай мэдээ байв. Дөрвөн мянга гаруй ихэрүүд
дунд маань дөрвөн ихэр арай ч байдаггүй байх. Энэхүү мэдээг төр засаг
анхааралдаа авахыг хүссэн үгс ар араасаа хөвөрч байлаа. Олон зүйлд
халамжийн гараа сунгадаг төр маань энэ удаад хэрхэх бол гэсэн хүлээлт
бий болжээ. Уг мэдээг тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний
төвд өчигдөр дөрвөн ихэр хүүхэд төрсөн байна. Ихрүүдийн гурав нь хүү,
нэг нь охин гэнэ.  Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.
Ихрүүдийн ээжийг  н.Хандсүрэн гэдэг бөгөөд 23 настай, аавыг н.Баттулга
гэдэг юм байна. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд амьдардаг.
Хосууд ихрийн удамтай бөгөөд дөрвөн ихэр хүүхэдтэй болсондоо хязгааргүй
баяртай байгаа гэнэ.

Энэ явдлаас өөр нэгэн анхаарах ёстой зүйл
гарсан нь орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын оношлогоо, чанарын
асуудал. Сумынхаа эмнэлэгт хоёр ихэр хүүхэдтэй гэж оношлуулж байсан
бүсгүй хотод ирээд дөрвөн ихэр тээж буйгаа мэдсэн гэдэг нь яахын аргагүй
эмнэлгийн байгууллагын хариуцлагагүй явдал. Гэвч баярлаж хөөрсөн олон
энэ мэт асуудлыг тоосонгүй.

Дараагийн онцлох жиргээ нь Чингис
хааны намын тухай байлаа. Улсын Дээд шүүхийн өчигдрийн 15.00 цагийн
хуралдаанаар “Чингис хааны нам"-ыг бүртгүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн.
Улс төрийн намын тухай хуулиар намын нэрийг Улсын Дээд шүүхэд
бүртгүүлснээр үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болдог аж. Жиргээчид
энэхүү нэр, намыг “төрөх”-ийг тааламжтай хүлээн авсангүй. “Улсын Дээд
шүүхэд 22 нам бүртгүүлэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Чингис хааны нам
гэх намыг бүртгэвэл 23 намтай болох нь. Зуун ямаанд жаран ухна гэдэг шиг
зүйл болох нь. Чингис хааны нам гэчихээд зөвхөн ганц дарга,
тамгатайгаас цаашгүй ажиллавал онцгой л юм” гэх зэргээр жиргэцгээв.

Утаа,
засгийн газрын ажил, ерөнхий сайд нарын уулзалт, Чойжилсүрэн гишүүн
мэдээллийн салбарт хүч үзэхээр болсон тухай мэдээллүүд зарим хэсэг
жиргээчдийн амны зугаа болж байсан ч “дөрвөн ихэр”-т баяр хүргэсэн үгс
хүчтэй байлаа. Харин оройхон дөрвөн ихрийн биеийн байдал сайнгүй байгаа
тухай нэгэн жиргээ орж ирсэн даруйдаа олны анхаарлыг татлаа. Бид тэднийг
ажиглаж байна..

Цахим Болжмор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж