Миний охин алуурчны гарт амиа алдсан

Хуучирсан мэдээ: 2013.12.25-нд нийтлэгдсэн

Миний охин алуурчны гарт амиа алдсан

Найз залуу Г.Алтанхүүд зодуулж, олон удаагийн зодуураас цөс нь цоорч, бүх биеэр нь тарсан 21 настай охин Б.Цэдэн-Ишийн аав Баянхонгор аймгийн Загд сумын малчин н.Бадрах, талийгаач охины нагац эгч н.Сүрэнхорлоо, хуульч М.Ичинноров нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Охиныг үхэлд хүргэсэн шалтгааныг тогтоосон гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа энэ үеэр мэдэгдлээ. Энэ сарын 16-ны өдөр гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт талийгаачийг цөсний цоргоны үрэвсэл, элэгний үрэвсэл, үхжилтийн улмаас амиа алдсан, хүндэвтэр зэргийн гэмтэлтэй, гадны нөлөөгүй гэж дүгнэжээ. Талийгаач гэр бүлийн хүчирхийлэлд амиа алдсан байхад ийнхүү нэг талыг барьсан, хууль бус дүгнэлт гаргасанд  ар гэрийнхэн нь гомдолтой  байна гэлээ.
 

М.Ичинноров: Дахин шинжээч томилуулна

-Шүүх эмнэлгийн дүгнэлт ямар ч нүдээр харсан хууль бус, сэжигтний талд үйлчилсэн дүгнэлт гарсан. Шинжилгээний дүгнэлтийг гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч н.Энхбаяр, н.Ганбат, н.Чулуунцэцэг нар илт Г.Алтанхүүгийн талд үйлчилсэн, хууль бус дүгнэлт гаргасан. Жишээ нь, үхэлд хүргэсэн шалтгаан цөсний цоргоны үрэвсэл гэсэн байгаа. Бодит байдал дээр цөсний хүүдий цоорч, цөс ногоорсон. Гэтэл дүгнэлтэд цөсний хүүдий цоороогүй гэж дүгнэсэн байна. Арваннэгдүгээр сарын 14-нд Гэмтлийн эмнэлэгт хоёр дахь хагалгааг хийхэд цөсний хүүдийг авсан байдаг. Үхэлд хүргэсэн бас нэг шалтгаан нь элэгний  үрэвсэл, үхжил гэж дүгнэсэн. Гэтэл шинжилгээ хийх үед элгэнд оёдол тавигдсан байсан. Яагаад гэхээр Гэмтлийн эмнэлэгт хагалгаа хийх үед элэг задарсан байсан учраас оёдол тавьсан. Үүнийг шинжээч дүгнэлтдээ оруулаагүй.

Үхлийн шалтгаан гадны нөлөөгүй гэж бас дүгнэсэн байгаа. Харин хагалгааг хийсэн эмч Цэнд-Очир талийгаачийг гадны нөлөөтэй, зодуулсан байдалтай ирснийг хэлсэн. Мөн биеийн гадна хэсэгт үүссэн цус хуралтыг дутуу тоочиж бичсэн. Ар нуруу, толгойд үүссэн гэмтэл маш их  байсан, зарим шарх сорви тодорхой хугацааны өмнө үүссэн, бүрэн эдгэж амжаагүй шарх байсныг шинжилгээ хийхэд оролцсон хохирогчийн талынхан хэлж байгаа. Энэ нь удаа дараа  зодож байсныг  батлах баталгаа мөн. Дотуур цус алдалтын шалтгааныг элэг задарснаас цус алдсан гэж үзэж байгаа. Их хэмжээний цус алдсан учраас эхний хагалгааг зогсоож, цус тогтоох эмчилгээ хийж, дахин хагалгаа хийсэн. Гадна үүссэн шарх сорви, хөхрөлтийг гэмтлийн хүндэвтэр зэрэг гэж тодорхойлсныг эсэргүүцэж байгаа. Энэ дүгнэлт нь гэмт хэрэгтэн тэнсэн харгалзах ял аваад өнгөрөх боломжийг бүрдүүлсэнд туйлын их харамсч  байна.

Хагалгаа хийсэн эмч “Хэвлийн хөндийн битүү гэмтэл гэж оношлоод, үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй” гэж дүгнэсэн байхад шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарсан нь маш ноцтой. Залуу хүн цөс, элэгний үрэвслээр 2-3 хоногийн дотор нас барна гэж байх уу. Үүнийг эрүүл оюун ухаанаар бодож үзээсэй.

Тиймээс дээрх нэр бүхий эмч нарыг АТГ-т шалгуулахаар хандаад байна. Мөн энэ хэрэгт дахин шинжээч томилж өгөх хүсэлтийг прокурорт тавьсан. Хууль зүйн сайд анхаарал хандуулна гэдэгт итгэж байна. 

Талийгаачийн аав н.Бадрах: Цэцэг цэврүү шиг охиноо алдлаа

Миний охин боловсролтой, ухаантай сайхан бүсгүй байсан. Цэцэг цэврүү шиг сайхан охиноо хүний гарт алдсандаа үнэхээр харамсч байна. Миний охин найз залуудаа зодуулж, дарамтанд нь байснаа аав, ээждээ хэлээгүй. Заналхийлдэг байсан болоод нуусан байх. Ийм байхад шинжээчид гадны нөлөөгүй гэж дүгнэсэнд үнэхээр харамсч, гомдож байна. Г.Алтанхүү гэж залууг танихгүй, ганц нэг удаа утсаар ярьж байсан байх.

Энэ үеэр талийгаачийг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт байхад нь очсон талийгаачийн нагац эгч н.Сүрэнхорлоотой ярилцлаа.

-Та талийгаачийн бие муу байгааг анх хэзээ мэдэж ирсэн бэ. Таныг очиход ямархуу байдалтай байсан бэ?

-Хэл дуулгангуут нь ГССҮТ-д ирсэн. Би охинтойгоо уулзана л гэж бодож  ирсэн. Гэтэл уулзах нь битгий хэл сэхээний тасагт ямар ч ухаангүй, хиймэл амьсгаатай, бүх бие нь хөхөрч няцарсан, хүн харахын аргагүй болчихсон байсан. Өшиглөснийг илтгэх маш том хөхөрсөн хэсгүүд, эрүү нүүр гээд эрүүл газар үлдээгүй байсан. Гарч ирээд Г.Алтанхүүгийн үеэл Болормаа гэдэг хүүхэнтэй уулзаад “Миний дүүг хэн зодсон бэ” гэхэд найз нь зодсон гэсэн. Ингээд Г.Алтанхүүтэй уулзаад “Миний дүүг ямар болгосноо нэг хараач” гэхэд “Би ороод яахав дээ” гэх зүйл хэлээд зогсч байсан. Японд хоёр жил шахуу суралцсан, ямар ч архаг хууч өвчингүй дүү минь Г.Алтанхүүд зодуулаад амиа алдчихлаа. ГССҮТ-ийн эмч н.Цэнд-Очиртой уулзахад “Энэ хүүхэд гадны нөлөөтэй, зодуулсан байдалтай хүнд ирсэн. Эхний шатанд нь биш юм гэхэд дунд шатанд нь ирсэн бол амь насыг нь аврах боломж байсан. Яагаад найдваргүй болчихсон байхад нь ирж байгаа юм бэ” гэсэн. Ер нь эхний зодуулсан  шарх нь эдгэж амжаагүй байхад л дараагийн зодуураа амссан ул  мөр үлдсэн байсныг би өөрөө харсан. Миний дүү хоёр удаа хагалгаанд ороод үүрийн 04.00 цагт нас барсан.

-Г.Алтанхүүгийн ар гэрийнхэн юу хэлж байна вэ?

-Ээж нь хүүгээ хаана, юу хийж явааг нь мэддэггүй л ухааны юм ярьж байна лээ. Хүүгээ хүний охин үрийг дарамталж, тарчлааж байгааг бидэнд эртхэн дуулгахгүй яав дээ гэхэд тоосон шинжгүй байна лээ.

-Талийгаач гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихдаа энэ тухай  ярьж байсан уу?

-Намайг утсаар ярихад “Сайн байгаа” гэдэг байсан. Г.Алтанхүүтэй өнгөрсөн долдугаар сараас л хамт амьдарч эхэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд сүүлдээ залгахаар утсаа авахгүй, эсвэл утас нь унтарчихдаг болсон. Тэр үеэс л Г.Алтанхүүгийн дарамтанд бүрэн дүүрэн орсон байсан юм билээ. Найз нөхөд нь үүнийг хэлж байгаа. Утас руу хүн гурваас дээш залгахад л хардаж, зоддог байсан. Үүдээ түгжиж байгаад л зоддог байсан гэсэн.

-Талийгаачийг эмнэлэгт хүргэхээсээ өмнө хувийн эмнэлгээр авч явсан гэсэн. Ингэж хугацаа алдсан байх?

-Надад мэдээ дуулгахаас өмнө хувийн хоёр эмнэлэгт үзүүлсэн байдаг. Би тэр эмнэлгээр нь очсон. “Үнэхээр хүнд байдалтай ирээд толгойгоо үзүүлсэн, хэвлийн ЭХО-д харах гэтэл орилж босч ирээд үзүүлээгүй” гэж байна лээ. Охиныг минь эмнэлэгт хүргэж ирсэн Болормаа  гэж эмэгтэй аль эмнэлэгт хэзээ үзүүлснийг биднээс нууцалж байсан.

 Г.Алтанхүүд хүний амь нас хохироосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг талийгаачийг удаа дараа зодож дарамталдаг байсныг нотлох хангалттай баримт, гэрчийн мэдүүлэг байгаа аж. Мөн талийгаачид хагалгаа хийсэн эмч нараас гэрчийн мэдүүлэг авахыг мөрдөн байцаагчаас хүссэн байна. Хамгийн гол нь энэ хэрэгт дахин шинжээч томилж, шүүх эмнэлгийн дүгнэлтийг үнэн зөвөөр гаргахыг тэд хүсч байна.

С.ОТГОНСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж