Оюутнууд энэ сарыг дуустал виза картаар зорчино

Хуучирсан мэдээ: 2010.06.17-нд нийтлэгдсэн

Оюутнууд энэ сарыг дуустал виза картаар зорчино

Нийслэлд суралцаж буй оюутнууд виза картаар автобусанд үнэ төлбөргүй зорчих болоод удаж байгаа билээ. Энэ онд хотын даргын захирамжаар оюутнуудыг виза картаар зорчиход нь зориулж хотын төсөвт мөнгө суулгасан юм. Тэгвэл олонхи сургуулийн хичээл амарсантай холбоотойгоор нийтийн тээврийн том оврын автобусны кондукторууд “Виза карт хүчингүй болсон тул мөнгөө төл” хэмээн оюутнуудаас мөнгө нэхэж байгаа талаар манай сайтад иргэд мэдээлэл өгсөн юм. Уг нь виза картаар энэ сарыг уустал зорчих ёстой тул бид энэ асуудлаар  Нийтийн тээврийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга н.Баттулгаас тодрууллаа. Тэрбээр “Оюутны виза карт ашиглан автобусаар зорчих эрх энэ сарын 31-нийг дуусталх хугацаанд хүчинтэй байгаа. Нийслэлийн хэмжээний бүх сургуулийн оюутанууд ажлын өдрүүдэд чиглэл, цаг харгалзахгүйгээр цахим үнэмлэх, виза картаараа зорчино.  Нийтийн тээврийн газраас аж ахуйн нэгжийн удирдлагуудад энэ талаар чиглэл мэдээлэл өгч, хэвлэл мэдээллээр мэдэгдсэн байгаа. Нөхөн олговорыг тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд өгнө гэж  хотын төсөвт батлагдсан тул энэ сарыг дуустал оюутнууд виза картаараа зорчино. Хэрэв автобусны кондуктор визатай оюутнуудаас тасалбарын мөнгө нэхэж байвал тухайн автобусны чиглэл, дугаарыг нь тодорхой мэдээд бидэнд мэдээлж болно. Мөн оюутнууд өөрсдөө энэ талын мэдээлэл сайтай бол визагаар зорчих эрхтэй гэдгээ тэдэнд хэлж байх хэрэгтэй” гэлээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж