Татварын хөнгөлөлтөө эдлээрэй

Хуучирсан мэдээ: 2014.01.06-нд нийтлэгдсэн

Татварын хөнгөлөлтөө эдлээрэй

Эрхэлсэн ажилтай, сар бүр улсдаа татвар төлдөг бол зарим төлбөрөөсөө тодорхой хэмжээний мөнгийг эргүүлэн авах боломжтой. Энэ бол хувь хүний  орлогын албан татвар юм. Тодруулбал, анх удаа амьдран суух зориулалтаар байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бол, хувьдаа орон сууцны барилга бариулсан, сургалтын төлбөр төлсөн бол тодорхой хэмжээний мөнгөө эргүүлэн авах боломж хуульчлагдсан байдаг. Энэ хөнгөлөлтөө эдлэхийн тулд цөөнгүй бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай  бөгөөд үүнийг сонссон нэг нь цаг зав алдахын нэмэр гэж төвөгшөөх нь ч бий зарим нь үнэхээр мэдээгүй байдаг юм. Гол үр дүн нь шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж өгөөд гурван сая хүртэл төгрөгийн буцаан олголтыг  татвараа хэрхэн төлж байснаас хамааран тооцоолуулж жил дамнуулан эсвэл нэг жилдээ багтан авах боломжтой. Гэхдээ энэ нь олон жилийн өмнө худалдан авч байсан байрныхаа мөнгийг тооцоолж, түүнээсээ хөнгөлөлт авахыг тооцохгүй гэдгийг санаарай. Жишээ нь, 2013 онд шинэ орон сууц худалдан авсан, сургалтын төлбөр төлсөн бол энэ жил хөнгөлөлтөө эдэлж, буцаан олголтоо авах юм. Энэ жилийн хувьд татварын хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалыг дүүрэг бүрийн татварын хэлтэст хоёрдугаар сарын 15-ныг хүртэл хүлээн авах ажээ. Материалаа эрт өгвөл буцаан олголтын мөнгө нэгдүгээр ээлжинд багтан дансаар хурдан орж ирнэ, эсвэл хамгийн сүүлчийн хугацаа тавдугаар сар байх юм байна.

Татварын хөнгөлөлт эдэлж, буцаан олголтоо авахад бүрдүүлэх бичиг баримтыг сонирхуулъя.


Эхний жил орон сууцны төлбөрт өгсөнөөс хөнгөлүүлэхэд,

  • Чөлөөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт /бичгээр үйлдсэн байх/
  • Иргэний үнэмлэх, Нийгмийн даатгалын дэвтэр, хуулбарын хамт 
  • Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх /эх хувиараа байгаа тохиолдолд нотариатаар баталгаажуулахгүй/ 
  • Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт /гэрээг нотариатаар баталгаажуулах/ 
  • Орон сууцны захиалгын болон худалдах, худалдан авах гэрээ / Энэ нь орон сууцны барилгыг захиалан, худалдан авахад байгуулсан гэрээний хуулбар. Хэрэв гэрээ гэр бүлийн гишүүний нэрээр байгуулсан бол гэр бүл болохыг батлах бичиг баримт. 
  • Орон сууц худалдан авах болон хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлогын эх үүсвэрийг нотлох баримтууд. Хэрэв бэлэглэлийн орлого хүлээн авсан бол бэлэглэгч этгээдийн иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлан авчрах. 
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсаны албан татвар төлсөн баримт
  • Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр. Оршин суугаа дүүргийн татварын албанаас авсан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтэрт орлого, татвараа бүртгэж, тэмдэгдэл хийж баталгаажуулсан байх
  • Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт.  
  • Тухайн иргэний харилцдаг банк, дансны дугаар

Сургалтын төлбөр төлөлтөөс буцаан олголт авахад,

  • Чөлөөлөлтөд хамрагдах иргэний хүсэлт /бичгээр үйлдсэн байх/
  • Иргэний үнэмлэх, хуулбар, сургалтын төлбөрийг төлсөн хүүхдийн төрсөний гэрчилгээ, эсвэл үрчилсэн гэрчилгээ, нотариатаар баталгаажсан байх
  • Суралцаж буй оюутны сургуулийн тодорхойлолт. Үүнд оюутны нэр, овог, сурч буй сургууль, мэргэжил, сургалтын төлбөрийн хэмжээг бичсэн байна. Гадаадын их, дээд сургуульд сурч буй оюутны сургуулийн тодорхойлолтыг факс болон шуудангаар ирүүлсэн байна. Баримтыг орчуулгын товчоогоор орчуулсан байх. 
  • Сургалтын төлбөр төлсөн эцэг, эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөр төлсөн тухай хүчин төгөлдөр эх баримтууд, эсвэл хуулбар 
  • Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт 
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нотариатаар баталгаажуулсан байх 
  • Орлого нотлох бичиг баримт. Орлогын эх үүсвэрээс шалтгаалан холбогдох нотлох баримтуудаа авчрах. Гадаадын их, дээд сургуульд сурч буй өндөр төлбөртэй оюутны сургалтын төлбөрт төлсөн орлогыг нотлох баримтууд 
  • Тухайн иргэний харилцдаг банк, дансны дугаараа бичиж өгөх шаардлагатай юм байна.

Энэ бүх бичиг баримтаа амьдран суугаа харьяа дүүргийнхээ татварын хэлтэст хоёрдугаар сарын 15-ны дотор бүрдүүлэн өгөх юм. Дээр хэлсэнчлэн буцаан  олголтын мөнгийг нэг жилдээ багтаан олгохгүй, жил дамнуулан өгөх бол дараачийн жилд материалаа дахин бүрдүүлэн өгдөг байна. Ингэхдээ хоёр болон түүний дараачийн жилүүдэд бүрдүүлэх материал хоёр дахин багасдаг. Ийнхүү дээд тал нь 30 сая төгрөгийн төлбөрт буцаан олголыг тооцох бөгөөд хувь хэмжээ 10 хувь байх юм. Өөрөөр хэлбэл дээд хэмжээ нь гурван сая төгрөгийг буцаан авах боломжтой. Буцаан олголтын хувь хэмжээ татвар төлөлтөөс шалтгаалан харилцан адилгүй тул татварын хэлтсийн ажилтнаас энэ талаар заавал лавлаарай.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж