Улаанбуудай импортлох зайлшгүй шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2014.01.08-нд нийтлэгдсэн

Улаанбуудай импортлох зайлшгүй шаардлагатай гэв

Улсын улаанбуудайн нөөцийг хангахын тулд 100 мянган тонныг импортлох шаардлагатай болсон гэх бөгөөд энэ асуудлаар өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлэл хийлээ. 

Ургац хураалт амжилттай болж, бүтэн жилээ даана гэж нэг хэсэг ярьж байсан ч 100 мянган тонн улаанбуудай импортлох шаардлагатай болсон талаар шуугих болсон. Үүнтэй холбоотойгоор улаанбуудайнд ногдуулдаг НӨАТ, гаалийн татварыг чөлөөлөх тухай  хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.

Манай улс 2013 онд нийт 369 мянган тонн улаан буудай хурааж авсан ч гурил үйлдвэрлэгчдэд нийлүүлэх боломжтой буудайн хэмжээ нь 248 мянган тонн байгаа ажээ. Гэтэл дотоодын гурилын жилийн хэрэгцээ 340-360 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд нийт хэрэгцээг хангахын тулд 100 мянган тонн улаанбуудай гаднаас импортлох хэрэгтэйг салбарынхан тайлбарлаж байна. Түүнчлэн хамгийн гол нь иргэдэд үнийн дарамт үүсгэх буюу гурилын үнийг нэмэгдүүлэхгүйн тулд энэ хэмжээний улаанбуудайг импортлох шаардлагатай гэж байна. Өөрөөр хэлбэл, гурил үйлдвэрлэгчид  ОХУ -аас гааль, нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн үнээр буудай авсан тохиолдолд гурилын үнийн нэмэгдэх талтай ажээ. Тиймээс 100 мянган тонн улаанбуудайг импортлохдоо гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хэрэгтэй гэж байгаа юм. Энэ  нь нийт зургаан тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлт болох тооцоотой бөгөөд ирэх зургадугаар сарын 1-нээс эхлэн импортлох эсэхийг УИХ-аар хэлэлцэх ажээ.

Б.МИШЭЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж