Хуучирсан мэдээ: 2014.01.11-нд нийтлэгдсэн

“Гоо зүйн дээд шагнал” хэмээх нэр хүнд, үүнийг дагалддаг 10 сая төгрөгийн урамшуулал эзэндээ онгод, урам, дэм авчирдаг болоод бараг арваад жил болох гэж байна. Хорьдугаар зууны шилдэг эрдэмтэн, нийгмийн зүтгэлтүүдийн нэг доктор С.Лувсанвандагийн нэрэмжит сан 1997 оноос ажиллаж эхэлсэн ч сангийн нэрэмжит “Гоо зүйн шагнал”-ыг 2005 оноос бий болгосон юм. Уг шагналын анхны эзнээр архитехторч Ө.Ганболд болон түүний дараа уран барималч Б.Дэнзэн, тользүйч Л.Амарсанаа, төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, дуурийн дуучин Э.Амартүвшин нар тодорч байсан. Гоо зүйн дээд шагналын отгон эзэн өчигдөр шалгарч, 2013 онд хийсэн бүтээл, туурвил, амжилтаараа “Улаанбаатар” чуулгын бүжиг дэглээч Д.Энхгэрэл хүртсэн юм. Түүнд баяр хүргэж, уран бүтээлийн амжилт хүсэхийн ялдамд “Гоо зүйн дээд шагнал”-ын талаар болон С.Лувсанвандан агсны талаар энд танилцуулахыг  зорилоо.

Тодорхой хүрээнд танигдаж, үнэ хүндтэй болсон “Гоо зүйн дээд шагнал” нь өнөөдөр урлаг, соёл, утга зохиол, гоо зүйн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээл, уран бүтээлчдийн чансааг илэрхийлэх нэгэн үнэлэмж, хэмжүүр болж амжжээ. Нөгөө талаас уг шагналын эзнийг олохын тулд чамгүй олон салбарыг хамран шигшүүр шүүлтүүр явуулдаг нь ч учиртай юм.

Хорьдугаар зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг, эрдэмтэн Сономын Лувсанвандан хэмээх эрхэм хүний нэр алдрыг үргэлж сануулах “Гоо зүйн дээд шагнал” нь аль нэг салбарын хэмжээний байх аргагүй юм. Учир нь эл эрдэмтэн Монголд утга, уран зохиол, хэлбичиг, үндэсний өв уламжлал, язгуур урлаг, сонгодог урлаг, кино урлаг, гоо зүй, толь зүй гэх зэрэг олон салбар, тэдгээрийн шүүмж судлөл хөгжин цэцэглэхэд хувь нэмэр оруулсан. Ялангуяа үндэсний язгуур урлагийг устахын даваан дээр аварч үлдэх, уламжлан хөгжүүлэхэд маш үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Тэрээр Монголын орчин үеийн утга зохиол, гоо зүйн онолыг тогтвортой шинжлэх ухаан болгоход амьдрал, үйлс бүтээлээ зориулсан. Нөгөө талаар нийгэм, улс төрийн зүтгэлтэн байсан. Соёлын яамыг бүтэн дөрвөн жил толгойлж байхдаа өнөөгийн бидний ярьж байгаа сонгодог урлагийг жинхэнэ ёсоор нь үүсгэн хөгжүүлэхийн төлөө хатуу ширүүн жилүүдэд тэмцэж байсан гэдэг.

Мөн Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын монголч эрдэмтдийн байнгын хорооны нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж, ээлжит их хурлуудыг зохион байгуулж, удирдаж, Олон улсын монгол судлалын холбооны хэвлэлийг үүсгэн санаачилж, үйл ажиллагааг нь сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Гээд тоочвол С.Лувсанвандан гуайн гар бие, мэдлэг оюун, сэтгэл зүтгэл оролцоогүй салбар ховор учраас түүний нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал” олон салбарыг хамрахаас аргагүй биз ээ.

Мөн эрдмийн ажлаас гадна төр, нийгмийн ажилд ч өөрийг зориулсан учраас соён гэгээрүүлэгч, төр-нийгмийн зүтгэлтэн гэх тодорхойлолтыг С.Лувсанвандан агсанд хамаатуулах ёстой байх.

С.Лувсанвандан гуайн талаар уран бүтээлчид, эрдэмтэн судлаачид, тэр үеийнх хамтран зүтгэгч, найз нөхдийнх дурсамж дуртгал, үнэлэлт, дүгнэлтийг цуглуулбал элбэг нэг ном босох нь гарцаагүй. Энэ удаад тэдгээр дурсамжуудаас цухас сөхье.

“Өнөөдрийн гайхуулаад байгаа язгуур урлаг, утга соёлын өвийг үгүй болохын даваан дээр аварсан хүн шүү дээ”

Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров:

-Өнөөдрийн өнгө царайнаас эргээд бодоход дэлхий нийтийн эзэмшвэл зохих сонгодог урлагтай, олон зууны өвөө хадгалан хөгжүүлж, уламжилж чадсан ардын урлагийн сан хөмрөгтэй, Монголын уран сайхны соёл, Монголын урлаг судлалын шинжлэх ухаан хөл дээрээ босч ирсэн энэ бүгдэд гарцаагүй манай Лу докторын хувь нэмэр их байсан  гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэр уул гоо зүй, театр судлал, уран баримал, ардын урлаг судлал, уран сайхны судлал, шүүмж, толь зүй гэсэн олон салбар уултай… Жинхэнэ эрдмийнхээ цагаас нийгэм, нийтэд нэлээдийг нь алдчихсан хүн гэж боддог юм. Хаана л хурал зөвлөгөөн болно,хаана л урлаг уран сайхны ажил, яриа хөөрөө болно, тэнд л цохиж явдаг уран цэцэн үгтэй, сэтгэл ихэд догдлуулдаг, ихээхэн гялалзсан хүн байсан даа.

1982 онд Монголын язгуур урлагийн анхдугаар их наадам, урлагийн үзлэгийг зохиох санаачилга Лу докторын талаас гарч би тэр үед Намын Төв хорооны тогтоол гаргуулан улсаас 350 мянган төгрөг зарцуулж зохион байгуулснаар тэр их наадамд гурван настай бяцхан хүүгээс 87 настай өвгөн туульчийг хүртэл хамарсан том ажил болсноор барахгүй өнөөдрийн бидний гайхуулаад байгаа язгуур урлаг, утга соёлын өвийг үгүй болохын даваан дээр тогтоон барьж чадсан шүү дээ.  Үүнийг түүний гавьяа гэхгүй юу гэх вэ?

Лу доктор хөгжим судлал ихээхэн хоцрогдсоныг байн байн сануулж, Хөгжмийн зохиолчдын холбооны дарга байсан миний биеийг хичээн зүтгэхийг үргэлжид хэлж байсан тэр санаачилгаар 1980-аад онд 20 орчим хөгжим судлаачийг хуучин ЗХУ-д бэлтгэсний нэлээд нь одоо доктор болчихоод байгааг ерөөс Монголын хөгжим судлаачдын нэг бүтэн үеийг бий болгосон гавьяатай. 

Өөрийнхөө гоо зүй, уран сайхын соёлын онол бичихдээ урлагийн салбаруудын шинжлэх ухааны хэлийг төлөвшүүлэхэд оруулсан хэрэглэгдэхүүнүүдийг бас юу гэх вэ? “Монголын нэвтэрхий толь” хэмээх аварга бүтээлд хөгжмийн 300 гаруй төрөл бүрийн  нэр томьёоны тайлбар сэлтийг хийлгэж амжсаныг нь гавьяа гэхгүй юу гэх вэ?

“Шатрыг зөв өрж, сайхан хожилд хүрдэг удирдагч байв”

Ардын уран зохиолч Т.Галсан:

-Тэр үед Соёлын яам сайд тогтддоггүй газар болоод байв.  Аугаа их Лодойдамба, Ванган нарыг бурхан болсны дараачаар голдуу үзэл суртлын хүн манадаг, тэгээд урлаг, соёл маань хөгждөггүй үе байлаа. Тэгсэн чинь удирдах ажлын арга барилын хувьд ч, улс төрд ч, урлаг соёлоо таван хуруу шигээ мэддэгийн хувь арга байхгүй нам, төр хүнээ олоод тавьчихсан юм. Тэгсэн хэрнээ тэнсэнтэй юм шиг сайд бус сайдын үүрэг гүйцэтгэгч гээд л яваад байдаг. Тэр богинохон хугацаанд манай Бандгай /С.Лувсанвандан/ урлагийн нэг өрөөсгөл салбарыг биш урлагийг иж бүрэн хөгжүүлэх, хэтийн их цар, хүрээтэй тийм хөтөлбөрийг гаргаж, хэрэгжүүлж эхэлснээр Монголын урлагийн байгууллагууд шавар баримал шиг шалхайж байснаа чулуу, шуумал шиг зүмбэрлэсэн. Зөвхөн киногоор жишээлэхэд монгол кино хөгжлийн сайн үедээ байсан ч дэлхийн кино рулагтай харьцуулахад хамгийн жижиг өчүүхнээсээ эхлээд урлагийн зарим төрөлдөө тахир дутуу байлаа. Тухайлбал, манайх хар, цагаан кинотой ч тэр нь бага дэлгэцийнх байсан. Тэгэхэд Бандгайн үе дээр өргөн дэлгэцийн, олон улсын дэвжээнд Монголын бүтээлүүд гардаг боллоо. Тэр ч байтугай үзэл суртлын зэвсэг өчүүхэн хүүхдүүдийн өөрсдөө гаргадаг кино, диафильм гээд хүүхэлдэйн киног ч байлгахгүй байсан шүү дээ. Гэтэл Бандгай сайд болонгуутаа тэгж болохгүй гээд л. Тэгээд зургаар зурж хийдэг киног анх туршиж бүтээлгээд тогтмол үйл ажиллагаатай тасаг цех болгож байлаа. Тэр ажлыг Бандгай сайдын шууд удирдлагаар хийсэн. Гурван До гэж гурван буянтай хүн бий. Монголын киноныхон гурван До-гийн үе Монгол киноны алтан үе байсан гэдэг юм. Энэ нь Донров дарга, Доржп  алам гэдэг уран сайхны удирдаач, Дооров зохиолч гурав. Шатрыг буруу өрөхөөр тоглож болдоггүй шүү дээ. Сайд тийм чадвартай, ажлаа хийж чадах хүнийг ингээд зөв өрөөд эхлэхээр сая тийм сайхан хожил гардаг. Тиймгүй болохоор бэрсний байран дээр хүү тавьчихаад л, тэрэгний байран дээр тэмээ тавьчихаад хориглоод байхаар чинь хожил гардаггүй юм байна лээ…

Дээрх дурсамжуудыг С.Лувсанвандан гуайн Түүвэр, зохиолын 9 боть дундаас хэсэгчлэн авлаа. Өвгөн эрдэмтэн маань “Эрдэмтэн хүн мэдлэг чадлаа, уран бүтээлч хүн авьяас билгээ, философич хүн оюун сэтгэмжээ хүн арддаа, нийгэм үндэстэндээ зориулах хэрэгтэй” гэж хэлсэн Брехтийн үгийг иш татсан нь харагдана. Энэ үг түүний хувьд өөртөө тавих шаардлага, хүсэл, уриалга нь байсан мэт. Яагаад гэвэл тэр хүн өөрөө яг л тэгж амьдарсан хүн юм.

Т.ХӨВСГӨЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж