Хамтын тэтгэврийн хуулийн төсөл өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.01.13-нд нийтлэгдсэн

Хамтын тэтгэврийн хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.  Хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүний нь амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэж байгаа аж.

Гэхдээ хуулийн төсөлд тусгаснаар энэ талаар тодорхой шалгуур тавигдах юм байна. Тухайлахад хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрүүтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй  юм байна.

Түүнчлэн Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай энэ хуулийн төслийг адилтган ойлгож болохгүй гэдгийг төсөл санаачлагчид хэлж байв. Учир нь Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуульд уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг аж.

С.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж