&#34Давхар дээл&#34-ээ тайлахгүй

Хуучирсан мэдээ: 2014.01.14-нд нийтлэгдсэн

&#34Давхар дээл&#34-ээ тайлахгүй

"Давхар дээл"-ийг энэ оноос хэрэгжүүлэх санал унав

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг төсөлд Засгийн газрыг бүрдүүлэгч сайд нараас зөвхөн Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байхаар заагаад буй. Тодруулж хэлбэл, Ерөнхий сайдаас бусад бүх сайд нь парламентаас гадна сонгогдох заалттай юм.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат дээрх асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан юм. Үүнд УИХ-ын сонгуульд аль ч нам эвсэл олонхи болоогүй нөхцөлд Засгийн газрын гишүүний гуравны хоёроос ихгүй нь УИХ-аас сонгогдож болно гэх заалт гарсан нь гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ. Мөн УИХ-ын сонгуулийн дүнд олонхи бүрдсэн нөхцөлд 50 хувиас илүүгүй хувь нь Засгийн газрын гишүүн байж болно гэх санал дэмжлэг хүлээв.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий чиг үүргийн яамдын сайд нь УИХ-аас сонгогдож болно гэх саналыг дэмжлээ. Мөн хуулийг 2014 оны долдугаар сарын 1-нээс мөрдье гэх заалт гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй. Эцэст нь хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж