Ц.Элбэгдорж ӨвөрМонголын төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2010.06.18-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж ӨвөрМонголын төлөөлөгчидтэй уулзав

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга, ӨМӨЗО-ны Намын Хорооны дарга ноён Ху Чуньхуаг хүлээн авч уулзлаа.  

Ерөнхийлөгч,  Монгол Улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирсэн ноён Ху Чуньхуа болон төлөөлөгчдийг манай оронд тавтай морилохыг хүсээд ноён Ху Чуньхуагийн айлчлал нь Монгол Улс, ӨМӨЗО-ны харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Өнгөрсөн 4 дүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНХАУ-д төрийн айлчлал хийх үеэр ӨМӨЗО-нд халуун дотноор хүлээн авсанд талархал илэрхийлээд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн харилцан итгэсэн, түншлэлийн харилцаа бүх салбарт шинэ агуулга хэлбэрээр өргөжин хөгжиж, хоёр улсын хооронд дээд, өндөр хэмжээний  айлчлал, яриа хэлэлцээ тогтмолжиж, харилцан ойлголцол, итгэлцэл улам бэхжиж байгаад сэтгэл өндөр байгаагаа онцлов.
Саяхан БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Монгол Улсад албан ёсоор айлчилсан нь Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны, нэн ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулсныг Ерөнхийлөгч онцлон тэмдэглэв.
 Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхэд ӨМӨЗО чухал үүрэг гүйцэтгэж буйг мөн тэмдэглээд Монгол Улс, БНХАУ-ын хооронд хийгдэж буй худалдааны 80 гаруй хувийг тус ӨЗО-тай хийж байгааг дурдсан юм.
Мөн уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэлэхдээ, хоёр орны харилцаа соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, биеийн тамир зэрэг салбарт амжилттай хөгжиж, ӨМӨЗО-нд нийтдээ 2000 гаруй оюутан, сурагчид суралцаж байгаагийн 47 хувь нь ӨМӨЗО-ны засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгааг онцлон цаашид нарийн мэргэжлийн инженер, технологичдыг бэлтгэхэд илүү анхаарахыг хүсэв.
Түүнчлэн Монгол Улсад боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Хятадын зах зээлд гаргах, Монгол Улс нь бүс нутгийн эдийн засгийн харилцаанд идэвхитэй оролцох нөхцөлийг дэмжин  ажиллахыг хүслээ. Ялангуяа уул уурхай, мал аж ахуйн түүхийн эдийг эдийн засгийн үр ашигтай эргэлтэд оруулах тал дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн юм.
ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга, ноён Ху Чуньхуа хэлэхдээ, Миний бие Өвөр Монголд ирж ажлаа аваад 6 сарын богино хугацаа өнгөрч байгаа ч энэ хугацаанд ӨМӨЗО нь Монгол Улстай нягт хамтран ажиллаж худалдаа, эдийн засаг, соёл боловсролын өргөн хүрээнд хамтын ажиллагаандаа илүү анхаарал тавих хэрэгтэйг чухалчилж байгаа гэв.  Тэрээр энэ удаагийн айлчлал ньхоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа өргөтгөх, мөн талуудын хоорондох худалдаа, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой хэмээн онцлов.
Мөн тэрээр, Өвөр Монголын Өөртөө Засах орны эдийн засгийн хүчин чадавхи жилээс жилд нэмэгдэж Хятад Улсын хэмжээнд тэргүүлэх байруудын нэгэнд орж байгаа гээд зөвхөн нүүрс, эрчим хүч үйлдвэрлэлтээрээ л гэхэд хөрш зэргэлдээ мужууд болон Хятадын төв хэсгийн 200 сая оршин суугчдыг хангах бүрэн ирээдүйтэй гэж онцолж байв.
Уулзалтын төгсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч ӨМӨЗО-ны удирдлагуудад амжилт хүсээд тэдний энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дахин илэрхийлэв.
ӨМӨЗО-ны Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга, ноён Ху Чуньхуагийн хамт ӨМОЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, Хөгжил шинэчлэлийн хорооны дарга, Боловсролын хорооны дарга, Худалдааны тэнхимийн дарга болон Хөлөнбуйр, Эрээн хотуудын намын хорооны дарга нар хүрэлцэн ирсэн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж