Бизнес эрхлэх орчинг өөд татах боломж

Хуучирсан мэдээ: 2014.01.24-нд нийтлэгдсэн

Бизнес эрхлэх орчинг өөд татах боломж

-Бизнес эрхлэлтийг дэмжихэд зөвхөн төр биш, хувийн хэвшил хувь нэмрээ оруулж байна-

“Та бизнест санхүүжилт хайж байна уу” сэдэвт уулзалтыг өнөөдөр Хэвлэлийн хүрээнгийн дэргэдэх Эдийн засгийн “Өөрчлөгч” клубээс зохион байгууллаа. Уулзалтад Хөдөлмөрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх газар, Ханган нийлүүлэгчдийн чанарын төв, “Геомаш” ХХК-ийн албаныхан, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцсон юм. Уулзалтын гол зорилго нь бизнесийн санаа, шийдэлтэй ч эхлэл хөрөнгө байхгүйгээс бизнесээ эхлүүлж чадахгүй байгаа болон бизнесээ өөд татан гаргаад ирсэн ч цаашид тогтвортой ажиллуулахад тулгардаг саадыг хэрхэн давах тухай зөвлөх байлаа.

Төрөөс жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө, санхүүжилт урьд жилүүдийнхийг бодвол илүү шийдэж өгөх болсон ч бизнес эрхлэлтийн орчин тун муу, дээрх хөнгөлөлттэй зээл хэрэгтэй хүндээ очиж чадахгүй байна гэсэн шүүмжлэл тасрахгүй байгаа. Энэ тал дээр уулзалтад ирсэн Ханган нийлүүлэгчдийн чанарын төвийн Гүйцэтгэх захирал Ж.Баярмагнай бизнесийг анхлан эхлүүлэх, цаашид авч явахад аливаа байгууллагуудын хамтын ажиллагаа чухлыг онцолсон. Тодруулбал, тус төв нь шинээр бизнес эхлэх гэж байгаа болон эхлүүлсэн бизнесээ тогтвортой авч явахад нь тусалдаг юм байна. Ингэхдээ зах зээлд аль хэдийнэ байр сууриа олсон болон том бүтээн байгуулалт өрнүүлж буй байгууллагуудыг тусламж шаардлагатай байгаа жижиг компаниудтай холбож өгдөг ажээ. Үндсэндээ том компаниудад шаардлагатай туслан гүйцэтгэгчийн орон зайг тэдгээрээс нөхөж, хооронд нь холбох юм байна. Энэ нь бизнесээ өргөжүүлэхэд  хэрэгтэй мэдээлэл, хамтрагч компаниудын харилцаа холбоо дутмаг байдгийг засах бөгөөд үүнд төрийн бодлогын мөн дэмжлэг хэрэгтэй нь уулзалтаас ажиглагдсан юм. Ийнхүү хувийн хэвшил ч сайн сэтгэж чадваас жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэлтийг дэмжээд өөд татах боломж бий гэдгийг эндээс харлаа.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрийг 500 тэрбумд хүргэнэ

Хувийн байгууллага том, жижиг компаниудыг холбож өгөөд бизнес эрхлэлтийг дэмжиж болоод байтал салбар яамнаас ямар бодлдого хэрэгжүүлж, ажил хийж байна вэ гэж асуух нь дамжиггүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхийн тулд төрөөс санхүүгийн дэмжлэгийг сүүлийн үед илүү анхаарах болсоныг уулзалтад ирсэн Хөдөлмөрийн яамны албаныхан хэлсэн. Тухайлбал энэ чиглэлээр жижиг, дунд бизнес эрхлэгчид “Сум хөгжүүлэх сан”, “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”, “Зээлийн батлан даалтын сан”, “Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” зэргээр санхүүгийн дэмжлэгийг авах боломжтой бөгөөд өнгөрсөн жилийн тайланг энэ үеэр сонирхууллаа.

Сум хөгжүүлэх сангийн шугамаар 2013 онд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилж, нэг суманд ногдож буй хөрөнгө оруулалт дунджаар 150 сая төгрөгт хүрсэн байна. Тус сангаас 2013 онд хүнсний үйлдвэр 1000, хөнгөн үйлдвэр 1696, газар тариалан 951, мал аж ахуй 1215, барилга-497, худалдаа үйлчилгээ 790, бусад 1337 нийт 7486 төсөл дэмжигдэн 40,990,450 сая төгрөгийг зарцуулжээ. Энэхүү зээлийн үр дүнд шинээр байнгын 10628, түр ажлын байр 1821, хадгалагдсан 6840 нийт 19289 ажлын байр бий болсон талаар албаныхан дуулгалаа.

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хувьд одоогоор 263.6 тэрбум төгрөг төвлөрөөд буй бөгөөд 2016 онд энэ сангийн эх үүсвэрийг 500 тэрбум төгрөгт хүргэхээр зорьж байгаа ажээ.Эдгээр эх үүсвэрийг арилжааны банкиудаар дамжуулан хөнгөлөлттэй зээлийн нөхцлөөр зээл олгох, эргэлтийн хөрөнгийг шийдэх зэргээрзарцуулжээ.

Харин 2013 оны арваннэгдүгээр сарын мэдээллээр 2895 ААН, иргэний 21 тэрбум 267 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гаалийн  болон НӨАТ-аас чөлөөлсөн байна.   2013 онд барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 44 иргэн, аж ахуйн нэгжийн нийт 9,2 тэрбум төгрөгийн зээлд 3,2 тэрбум төгрөгийн батлан даалтыг гаргажээ.

Түүнчлэн одоо батлагдаагүй байгаа Татварын тухай багц хуулиар жижиг дунд үйлдвэрийн салбарыг мөн хэрхэн дэмжих боломжтой вэ гэх бодлогын асуудлууд тодорхой болох юм.

Ийнхүү Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдийгбодлогын хүрээнд эрсдлээ тооцож, шаардлага биелүүлсэнийг нь сонгож дэмжлэг олгох тал руугаа байдаг. Хөдөлмөрийн яаманд гэхэд аль салбарт ямархуу бизнес эрхлэгчид байгаа талаарх албан ёсны мэдээлэл байдаг боловч дээр дурдсан шиг жижиг, том компаниудаа холбож өгсөняг ийм бодит тусламж бус, бодлогын хүрээнд дэмжиж байгаа. Тиймээс Хөдөлмөрийн яам, зуучлан холбогч компани, жижиг дунд үйлдвэрлэгчид, том бүтээн байгуулагчид хамтарсан нягт харилцааг бий болгох хэрэгтэй ажээ. Энэ нь бидний удаан жил ярьж байгаа төр, хувийн хэвшлийн жигд оролцооны нэг тод илрэл болох нь.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж