Шилдэг морин хуурчид шагнал гардуулав

Хуучирсан мэдээ: 2014.02.05-нд нийтлэгдсэн

Шилдэг морин хуурчид шагнал гардуулав

Шилдэг морин хуурчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. 2013 оны шилдэг морин хуурчаар СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, морин хуурч Бадамдарийн Мөнхтүвшинг тодруулжээ. Уг шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулах тухай зарлигт “Морин хуур хөгжмөөр олон шилдэг бүтээл туурвиж, морин хуур хөгжмийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, гадаадын сонирхон судлагчдад ур чадвараа заан өвлүүлж, сургалт, уран бүтээл, эрдэм шинжилгээний ажлыг хослуулан ажиллаж соёл, урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн багш, морин хуурч Бадамдарийн Мөнхтүвшинд шилдэг морин хуурчид олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2013 оны шагналыг хүртээсүгэй” гэжээ.

Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан товч үг хэлэв. Тэрээр “Морин хуур, уртын дуу гэдэг бол Монголын ард түмний төдийгүй дэлхийн хүн төрөлхтний сонгодог урлагийн нэгэн төрөл юм. Италийн Ромоос эхтэй дуурь, балет байхад сонгодог урлагийн нөгөө нэг төрөл нь морин хуур, уртын дуу юм гэж боддог. Монголын ард түмний, манай өвөг дээдсийн их өв соёлыг сүүлийн 10, 20 жилд сэргээн мандуулсан нь дэлхий нийтийн талархал, таашаалыг хүлээж  байна. Энэ ариун үйлсэд үнэтэй хувь, нэмэр оруулж байгаа Б.Мөнхтүвшин багшийн энэ шагнал нь нүдээ олсон, эзнээ олсон шагнал гэж бодож байна. Таны багшлах, уран бүтээл туурвих, бусдад түгээх ариун үйлсэд их амжилт хүсэн ерөөе.

Морин жилдээ морь шиг хурдан, цог золбоотой байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Танай хамт олонд баяр хүргэе” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртсэн морин хуурч, багш Б.Мөнхтүвшин “Монгол Улсын төр, засаг морин хуурыг ихээхэн хүндэтгэж үздэг. Төрийн ордонд Төрийн хан хуурыг залсан байдаг. Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч морин хуурыг хүндэтгэх, залах талаар зарлиг, шийдвэр гаргаж байсан. Морин жилийн эхэнд Монгол УлсынТөрийн тэргүүний нэрэмжит шагнал гардаж авсандаа баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлье” гэв.

Эх сурвалж: www.president.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж