Амьтны хүрээлэнгийн анаашаар арслан хоолложээ

Хуучирсан мэдээ: 2014.02.10-нд нийтлэгдсэн

Амьтны хүрээлэнгийн анаашаар арслан хоолложээ

Данийн Копенгаген хотын амьтны хүрээлэнгийнхэн өчигдөр /II.9/ хоёр настай анаашийг нядалж, арслан, ирвэс зэрэг бусад махчин амьтдыг хоолложээ. Амьтны хүрээлэнгийн захиргаанаас Мариус нэртэй анаашийг цус ойртсон гэх шалтгаанаар нядалсан аж. Харин амьтны эрхийг хамгаалах байгууллагынхан үүнийг ихээр эсэргүүцэж, анаашийг аврахын тулд өөр амьтны хүрээлэнд 500 мянган евро /682 мянган ам.доллар/-аар худалдах саналыг гаргаж, онлайнаар 30 мянга орчим гарын үсэг цуглуулсан байна. Гэтэл Копенгагений амьтны хүрээлэнгийнхэн дээрх саналаас татгалзаж, эрүүл байжиж байсан анаашийг нядалж орхисон нь олны дургүйцлийг төрүүлжээ. Зарим амьтанд хайртай хүмүүсийн зүгээс хүрээлэнгийн захирлын амь насанд заналхийлсэн захидал хүртэл илгээжээ.

Үүний зэрэгцээ амьтны хүрээлэнгийн захиргаанаас анаашийг нядлах ажиллагааг эцэг, эхийнх нь зөвшөөрлөөр хүүхдүүдэд үзүүлсэн гэнэ. Эцэг, эхчүүдийн зүгээс хүүхдээ анаашны анатомыг ойлгуулах зорилгоор нядлах ажиллагааг үзүүлжээ.
 
Копенгагений амьтны хүрээлэнд одоо Африкаас гаралтай долоон анааш үлдсэн байна.

Б.АНХТУЯА



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж