Б.Насанбаярт талархая

Хуучирсан мэдээ: 2014.02.13-нд нийтлэгдсэн

Б.Насанбаярт талархая

Монголчууд монгол хэлэндээ хайртай юм байна. Монгол хэлний яруу тансгийн илэрхийлэл болсон утга зохиолоо хайрлан хүндэлж, өмгөөлөн хамгаалах сэтгэлтэйгээ байгаа юм байна. Ийн баярлах шалтгааныг өгсөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярт талархая.

Түүний эсрэг өрнүүлсэн монголчуудын дайралт өөрөө ховрын ховор үзэгдэл байлаа. Учир нь бид өнгөрсөн хугацаанд хайрлах, хүндлэх, хамгаалах, өмгөөлөх мөн чанараа гээчихсэн байж. Гээчих гэхээс илүүтэй нуун дарагдуулдаг байж гэвэл үнэнд нийцэх биз. Гэгэлзсэн сэтгэлээ шүлэг болгон тэрлэж, яруу уянгаар өөрийгөө хөглөгч нэгнээ бараг л “тэнэг, мангар”-аар дуудах нь бий. Гэзэг үсээ ургуулсныг нь “халтар, хөдөөний” гэж загнана. Дээл өмсөөд шүлэг уншвал нь “Энэ ёстой тас хөдөөгөөрөө” гэж эгдүүцэж, шоолно. Яг үнэндээ бид утга зохиолд, яруу сайханд ийм хатуу ханддаг байсан.

Үүгээр ч зогсохгүй яруу найрагчид, зохиолчид нь өөрөө өөрсдийнхөө дархлааг устгахад том үүрэг гүйцэтгэх нь бий. Өөр зуураа өрнийн, дорнын гэх сэтгэлгээгээр “хэмлэлдэж” утга зохиолын өвөг эцэг, үнэт зүйл болох гэж хэвлэлээр хэрэлдэнэ.

Ард олонд тэдний хэн нь мундаг вэ гэдгээс илүүтэй эх хэлээ хамгаалдаг, монгол сэтгэлгээг өмгөөлдөг мөн чанар нь юу юунаас илүү хэрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл өвгөн найрагчдаас бусад нь эвлэлдэн нэгдэж монгол хэлийг хамгаалахын төлөө тэмцэж, тэрсэлдсэн нь үгүй. Бид ийм л ядуу амьдарч ирсэн. Ийм л туйлдсан, ядарсан сэтгэлгээтэй байсан.

Монгол хэлийг Монгол Улсын дархлаа, тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг гэж үзэхээс илүүтэй “дайвар бүтээгдэхүүн” шиг ханддаг нь ч олон. Энэ үг хэтэрхий хатуу мэт сэтгэгдэл төрүүлж болох ч туйлын үнэн байх магадлал өндөр үү гэвэл өндөр. Наад зах нь үр хүүхэддээ гадаад хэл сургахыг чухалчилснаас бус монгол хэлний өв соёлыг заахад ямар эцэг эх төлбөр төлж, багш хөлсөлж байсан билүү. Хэрэв “Монгол хэлний багш гэрээр хичээл заана” гэвэл “Илүү ажил” гэх нь халгүй болчихсон.

Тиймээс яг ийм үед монголчууд бидний эх хэлээ хайрлах, яруу сайхныг өмгөөлөх сэтгэлийг сэргээсэн Б.Насанбаяр хатагтайд талархая.

Тэр буруу ярьсан уу гэвэл ярьсан. Гэхдээ энэ алдаа монголчууд та бидний монгол хэлээ хайрлах хайр, хамгаалах хамгаалалтыг сэргээсэн учраас түүнийг уучилдаггүй юм гэхэд уурлаж, зүхэхээ байцгаая. Монголдоо хайртай монголчуудыг олж харахад сайхан байсан учраас ийн бичих сэтгэл төрөв. Монголоо мартсан монголчууд байхаа больцгооё бултаараа.

Г.ОТГОНЖАРГАЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж