МСБХ ээлжит бус их хурлын товоо зарлалаа

Хуучирсан мэдээ: 2014.02.14-нд нийтлэгдсэн

МСБХ ээлжит бус их хурлын товоо зарлалаа

52 жилийн түүхтэй Монголын сагсан бөмбөгийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, тус холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг хоёрдугаар сарын 23-нд МСБХ-ны ээлжит бус их хурал хуралдуулахаар болсон тухай албан ёсоор мэдэгдлээ. “Хас”-ын гэгддэг Ч.Ганхуяг өнгөрсөн нэг жилийн хугацаанд МСБХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж буй бөгөөд цаашид холбоонд өөрчлөлт, шинэчлэл хийх цаг нь болсон гэж үзжээ. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ сарын 23-нд их хурал хуралдуулахаар болсон байна. Өнөөдрийн хэвлэлийн хуралд түүнтэй хамт МСБХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Шаравжамц, ахмадын зөвлөлийн гишүүд болох П.Сампилноров, Р.Цэвэгмэд, шүүгч Д.Энхсайхан, МҮСБХ-ны генсек С.Тулга нар оролцлоо. Тус хурлаар Монголын сагсан бөмбөгийн хүрээнд үүсээд буй үл ойлголцлыг шийдэж, сагсан бөмбөгчид нэгдсэн нэг зорилго, бүтэц, зохион байгуулалттай болгох чиглэлд чухал шийдвэр гаргах гэнэ. Мөн МСБХ-ны удирдлага, бүтцийг шинэчлэх аж.

Их хурал 150 гишүүний бүрэлдэхүүнтэй болох бөгөөд Үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй багийн төлөөлөл, лигийн тоглогчид, ахмадын төлөөлөл, багш дасгалжуулагчид, багийн эзэд, шүүгчид, сонирхогчдын сагсан бөмбөгийн төлөөлөл, хүндэт гишүүд зэрэг бүрэлдэхүүнтэй байх юм байна.

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж