Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална

Хуучирсан мэдээ: 2014.02.19-нд нийтлэгдсэн

Чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батална

УИХ-ын 2014 оны хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг ирэх сарын 20-нд хуралдах ээлжит бус чуулганаар батална хэмээн УИХ-ын Тамгын газраас мэдээллээ. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг намрын чуулганы хаалтын өмнөхөн хэлэлцсэн. Гэсэн ч хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон хуулийн төслүүдийн талаар нам, эвслийн бүлгээс санал аваагүй гэсэн шүүмжлэл гарч хойшлуулсан юм. Тухайн үед “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Л.Цог, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын гишүүн “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд бүх нам, эвслийн саналыг аваагүй. Ардчилсан намын бүлгээс өөрсдийн санаачилсан хуулийн төслүүдийг түлхүү хэлэлцэх гэж байна” хэмээн эсэргүүцсэн юм. Мөн  Ардын намын бүлгийн гишүүдийн зүгээс “Манай намын бүлгийн гишүүдээс өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдийг санаатайгаар хэлэлцэхгүй, унагаж байна” гэсэн шүүмжлэлийг ч хэлж байсан билээ.

Өмнө нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөл, Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай тогтоолын төсөл, Газрын тухай хуулийн төсөл гэх мэт 19 нэр бүхий хуулийн төслийг хэлэлцэхээр өргөн барьсан. Мөн хуулийн төслүүдийн жагсаалтад, “Урт нэртэй хууль”, Малын индексжүүлсэн даатгалын тухай, Хамтын тэтгэврийн тухай, Шилэн дансны тухай зэрэг хуулийн төсөл ч багтсан байсан. Харин Ардын намаас өргөн барьсан Малчдын тэтгэврийг нөхөн тооцуулах тухай гэх мэт хуулийн төслийг оруулаагүй нь маргаан дагуулсан гэж хэлж болно.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг ээлжит бус чуулганаар батална. Намрын чуулганы төгсгөлд батлах байсан ч унасан. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг гаргахдаа өргөн мэдүүлээгүй ч хэлэлцэх шаардлагатай хуулийн төслүүд, УИХ-д өргөн мэдүүлсэн, өргөн мэдүүлээгүй ч хаврын чуулганаас өмнө өргөн барих буюу бусад гэсэн гурван чиглэлээр хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталсан. Одоо ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг батлахад бэлэн болсон” гэлээ. Ээлжит бус чуулганыг ирэх сарын 10-наас хуралдуулж эхлэх товтой байгаа билээ.

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж