Анхаар амьсгалж болохгүй, “түгшүүрийн харанга дэлдсэн”

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Анхаар амьсгалж болохгүй, “түгшүүрийн харанга дэлдсэн”

Өвөл цаг болдгоороо болж, зуух яндан угсарсан хэнийх боловч галаа өрдөж, ам хамраа хэчнээн боогоод ч нэмэргүй хоолой ам бачуурч, хахаж цацаад, дээр нь өмссөн хувцаст үнэр нь шингэдэг Улаанбаатарын утаатай улирал ашгүй дуусах дөхөж байна. Өнгөрч буй өвөл манай улсын нийслэлд 100 гаруй мянган айл өрх өвөлжиж, 400 гаруй мянган тонн түүхий нүүрс, 270 орчим мянга шоо метр түлээ түлдэгээрээ түлжээ. Бас 500 гаруй маркийн 57 мянга гаруй тээврийн хэрэгсэл дутуу шаталтад хөдөлгүүрээр утаа савсуулж, гурван цахилгаан станц таван сая орчим тонн нүүрс шатааж өвөлжлөө. Энэ байдлаас харахад нийслэлийнхэн минь өнтэй сайхан өвөлжиж.

Энэ жилийн хувьд хотын хэмжээгээр цас бага орж, агаарын чийгшил муу байсан гэдгийг Цаг, уур орчны шинжилгээний төвөөс мэдээлж буй. Энэ нь агаарын бохирдлыг саармагжуулахад хангалтгүй гэсэн үзүүлэлт аж. Тиймээс агаарын бохирдлыг өнгөрсөн онтой харьцуулахад хорт хийн агууламж буурсан гэж байгаа ч нүдэнд үзэгдэх утааны хэмжээ нэмэгдсэн байна. Угтаа манай улсын нийслэлд агаарын бохирдол 20-иод жилийн өмнөөс яригдах болсон гэдэг. Тэр үеэс эхлэн Баянзүрх дүүрэгт утаанд зориулсан төсөл, хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн байна. 2001 оноос эхлэн БОЯ-наас эсгий гэрт тохирсон утаа бага гаргадаг, түлш хэмнэдэг “Ёнтон” зуухны төсөл хэрэгжиж байсан. Энэ төсөлд тухайн үед нэг сая ам.доллар зарцуулж, үүний тэн хагасыг Баянзүрхийнхэн “шатаалцсан” гэдэг. Улмаар “Хас”, “Дөл”, “Өлзий” зуухыг хэрэглэж, энэ дүүргийнхэн утааны эсрэг туг ч барьж, тугал ч хариулсан. Гэвч Баянзүрхт агаарын бохирдол байсаар…Хэдэн жил үргэлжлэхийг таашгүй ч өнгөрсөн онд БОНХЯ Баянзүрх дүүргийг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсийн хоёрдугаар хэсэгт оруулсан. Ингэснээр энэ дүүргийнхэн боловсруулсан  түлшний нөөц нэмэгдсэн  тохиолдолд түүхий нүүрс хязгаарлах дэд бүс болсон юм. Ямартай ч Баянзүрх дүүргийнхэн утааны эсрэг нэгдэх сэтэр нэгээр нэмэгдсэн ч анхаар амьсгалж болохгүй, “Түгшүүрийн харанга дэлдсэн” хэмээн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй олон нийтийн газрын үүд орчимд хадах цаг болж. Ингэж хэлэх үндэс нь өнгөрсөн сарын эхээр Нийслэлийн Агаарын чанарын албаны Хяналт, үнэлгээний хэлтсээс Баянзүрх дүүргийн агаарын чанарт хэмжилт хийсэн байна. Хэмжилтээр тус дүүргийн нутагт байрлах Санхүү эдийн засгийн дээд сургуулийн орчимд SOS-2 хүхэрлэг хий 250, NO-2 азотын давхар исэл 475, PM2.5-жижиг ширхэглэгт тоосонцор 310, PM10-том ширхэглэгт тоосонцор 165 мг/метр куб байгаа нь Сансрын “Петровис”-ын орчимтой харьцуулахад аюултай зэрэгт байна. Баянзүрх дүүргийн хамгийн их агаарын бохирдолтой нь Цэргийн госпитал орчим байсан аж. Энэ орчимд дээрх нэр бүхий агаар бохирдуулагч химийн бодис 100-150 мг/метр куб их агууламжтай гарсан байна. Тухайлбал, Цэргийн госпитал орчимд SOS-2 хүхэрлэг хий 500,  NO-2 азотын давхар исэл 325, PM2.5-жижиг ширхэглэгт тоосонцор 4012, PM10-том ширхэглэгт тоосонцор 2012 мг/метр куб байгаа нь түгшүүрийн харанга дэлсэнийг илэрхийлж байна.

М.АРИУНТУУЛ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж