Үндэсний хөтөлбөр танилцуулах семинар маргааш эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Үндэсний хөтөлбөр танилцуулах семинар маргааш эхэлнэ

Улсын их хурал, Засгийн газраас батлан гаргасан “Ус” үндэсний хөтөлбөр, Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг төвийн бүсийн 10 аймгийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулах семинар Төв аймгийн төвд маргааш эхэлнэ. Энэ сарын 22-23-нд болох уг  семинарт Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Архангай, Өвөрхангай, Төв, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар, Хэнтий аймгийнхан оролцох юм.

Үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөтэй дэд хөтөлбөр боловсруулах удирдамж чиглэл өгөх юм.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны нарийн бичгийн дарга Д.Баярбат, Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Д.Доржсүрэн нар орон нутгийн холбогдох салбарын удирдлага, мэргэжилтнүүдэд үндэсний хөтөлбөрүүдийг нарийвчлан танилцуулж, бодлого зорилтоо тайлбарлана. Үүнээс гадна байгаль орчныг хамгаалах талаарх бодлогын баримт бичгүүд, цаашид баримтлах бодлогын талаар БОАЖЯ-ны ТХСТГ-ын дарга Ц.Банзрагч, гүйцэтгэж буй ажлын талаар ХБОБНГ-ын дарга Д.Энхбат, яамнаас хийж гүйцэтгэсэн хяналтын болон бусад ажлын талаар МХШҮГ-ын дарга О.Уранчимэг нар тус тус дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Харин орон нутгийн төлөөлөгчид цөлжилттэй тэмцэх, гол горхи, булаг ус хамгаалах, зөв зохистой ашиглах чиглэлээрх ажлынхаа мэдээлэл өгч хэлэлцүүлэх аж. Бодлогын чиглэлээр хэрэгжиж буй “Цөлжилттэй тэмцэх, газрын тогтвортой менежмент”, “Цөлжилтийг сааруулах” төслүүдийн ажлын талаар ч мөн НҮБХХ, Швейцарийн хөгжлийн агентлагаас дэлгэрэнгүй тайлбар танилцуулга хийх гэнэ.

Хөтөлбөрүүдийн үзэл баримтлал, бодлогыг бүсүүдэд танилцуулах, орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж чиглэл өгөх ийм уулзалт цаашид үргэлжилнэ.

Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг 2010 оны 4-р сарын 14-ний өдөр Засгийн газрын 90 дүгээр тогтоолоор, “Ус” үндэсний хөтөлбөрийг 2010 оны 5-р сарын 20–ны өдөр УИХ-ын 24 дүгээр тогтоолоор баталсан билээ.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж