Ураны салбарт хамтран ажиллах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Ураны салбарт хамтран ажиллах боломжтой гэв

Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг өнөөдөр  БНЭУ-ын Элчин сайд Сатбир Сингхийг Итгэмжлэх жуух бичиг барисантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.  Уулзалтаар эртний сайхан харилцаатай Жагарын орныг төлөөлөн манай оронд ажиллахаар томилогдсон Элчин сайдад баяр хүргэхийн хамт Монгол Энэтхэг хоёр улсын найрсаг харилцаа сүүлийн жилүүдэд улам эрчимжиж шинэ агуулга, хэлбэрээр баяжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийллээ.

Үүний тод илэрхийлэл болсон Энэтхэгийн мэдээлэл харилцааны салбарын ололт амжилтаас суралцаж, оюутан залуучуудыг өргөнөөр хамруулан манай боловсролын салбарт томоохон хөрөнгө оруулагч болж, хоёр орны ард иргэд улам ойртон дотносож байдагт сэтгэл ханамжтай байдагаа илэрхийлэв. Тэр мөн хоёр талын харилцаанд мэдээллийн технологи, биотехнологи, нанотехнологи зэрэг орчин цагийн техникийн дэвшлийг агуулсан салбарууд хөгжих боломж бий бөгөөд энэ салбар нь манай хоёр орны “Оюун санааны хөрш”-ийн уламжлалт агуулгыг орчин үеийн агуулгаар шинэчлэн баяжуулах хэлбэр байх болно гээд Энэтхэг улс уул уурхайн салбарт тэр дундаа ураны салбарт саналаа илэрхийлээд байгааг дурдаж энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой гэдгийг онцоллоо.

Ноён элчин сайд Монголын сайхан оронд ажиллах болсонд баяртайгаа байгаа илэрхийлээд идэвхи зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв. Тэрээр ажлаа Монгол улсын ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлалын дүнд тохирсон асуудлуудыг хэрэгжүүлж ажил хэрэг болгохоос эхэлж, хамтран ажиллаж байгаа гэлээ. Түүнчлэн хоёр улсын парламент хоорондын харилцаа төдийгүй нам хоорондын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан айлчлалуудыг зохион байгуулах боломжтой гэдгийг онцлон дурдсан юм.
Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг ноён Элчин сайдыг манай оронд ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж ажлын амжилт хүслээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж