Н.Алтанхуяг: Хорт бодис илэрсэн нь үндэслэлгүй

Хуучирсан мэдээ: 2014.03.06-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуяг: Хорт бодис илэрсэн нь үндэслэлгүй

Уламжлал ёсоор “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр болж, Засгийн газар энэ сард хөдөлмөр эрхлэлтэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ. Улсын хэмжээнд ажил идэвхитэй хайж байгаа 40-өөс дээш насны 12 мянган иргэн Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаагаас 3500 гаруй нь нийслэлд харьяалалтай аж. Эхний ээлжинд энэ жил 40-өөс дээш насны дор хаяж 3000 иргэнийг ажил, орлоготой болгоход төр дэмжлэг үзүүлэх болж байгаа аж. Тодруулбал, уг хөтөлбөрийн хүрээнд энэ насны иргэдэд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвөөс нийгмийн үйлчилгээний чиглэлээр ажил санал болгож, хийсэн ажилд нь хөлс урамшуулал олгоно. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц зохицуулах, иргэдийгосол гэмтлээс урьдчилан сэргийлэх эргүүлийн ажлууд, байгаль хамгаалах болон нөхөн сэргээх төслүүдэд хамрагдаад урамшуулал авч болно. Мөн 40-өөс дээш насны иргэд дангаараа буюу хамтраад хувийн аж ахуй эрхлэх тохиолдолд тоног төхөрөөмж авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь борлуулахад дэмжлэг үзүүлнэ. Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах, оёдол урлалын үйлдвэрлэл эрхлэх зэрэг олон хэлбэрээр хувийн аж ахуй эрхлэх иргэд энэ хөтөлбөрт хамрагдан төрөөс дэмжлэг авч болох аж. Дээрх чиглэлүүдээр 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зориулж энэ жил 3.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний зэрэгцээ жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд зориулж энэ жилийн төсөвт тусгасан 17 тэрбум төгрөгийн эх үүсвэрээс 40-өөс дээш насныхан зээл авах боломжтой юм байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хоёр дахь суваг нь оюутнууд руу чиглэнэ. Хөдөлмөрийн яам нь Монголын Залуучуудын холбоотой хамтран өнгөрсөн жил 1500 оюутныг зуны амралтаар нь ажилтай байлгаж, цалинжуулсан. Оюутандаа ч хэрэгтэй улсдаа ч хэрэгтэй арга хэмжээ болсон тул хүрээг нь өргөтгөж 10 мянган оюутныг ажлын байраар хангах зорилго тавьсан байна. Энэ хүрээнд хуульд өөрчлөлт оруулах асуудал ч хөндөгдөх аж. Мөн их, дээд сургуульд суралцаж дээд боловсрол эзэмшихээс илүүтэй мэргэжилтэй ажилтны хэрэгцээ Монголын хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй байгаа тул ирэх дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн яамнаас мэргэжилтэй ажилтан болохоор бэлтгэгдэж байгаа залуусын төлөөлөл оролцсон томоохон арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөгдсөнийг Ерөнхий сайд онцоллоо.

Түүнчлэн энэ сард “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар ТОСК шийдвэрлэсэн. Энэ сард багтаан шаардлагатай бүхий л мэдээллийг ТҮЦ машинаас хэвлэж авах боломжийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн аймгийн төвүүдэд орон сууц худалдаж авах иргэдэд 8 хувиас бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа хийж байна, энэ сард эцэслэнэ гэлээ.

Уран ашиглалтын талаар Засгийн газар ямар бодлого баримтлаж байгааг сэтгүүлч асуулаа. Ураны хайгуулын лицензтэй компаниуд бий. Харин ашиглалт, олборлолтын лицензтэй ганц ч компани байхгүй гэдийг Ерөнхий сайд мэдэгдлээ.
Монголд ургасан төмс, хүнсний ногооноос хорт бодис илэрсэн гэсэн мэдээллийн тухайд “Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсч байна” гэлээ. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдэд оёж эхлэхэд мөн ийм мэдээлэл цацаж байсан. Хүнсний ногооноос хорт бодис илэрсэн талаар мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг шинжилгээгээр баталсан гэлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж