Компаниуд хямарч эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2014.03.10-нд нийтлэгдсэн

Компаниуд хямарч эхлэв үү?

Интернет дэх гадаад мэдээнүүдийг уншиж байтал  АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр өнгөрсөн хоёрдугаар сард АНУ-д нийт 175 мянган шинэ ажлын байр бий болсон тухай мэдээлэл анхаарал татав. 

Америк, Монгол хоёрыг харьцуулна гэдэг тэмээг, ямаатай эсвэл бөмбөгийг цагаан будаатай жишсэн мэт утгагүй санагдах байх. Гэхдээ манай дарга нар сав л хийвэл Америкийг амьдралын үлгэр жишээ болгодог учраас  тус улсад  ганцхан сард 175 мянган ажлын байр шинээр болж байхад Монголд юу болж байгааг харьцуулан харахыг хүслээ.

“Мобиком”-д оператораар ажилладаг байсан нэгэн эмэгтэй ажлаасаа гэнэт халагджээ.  Ажлаас халах болсон шалтгаанаа тус компанийн удирдлагууд бүтцийн өөрчлөлт хэмээн тайлбарласан байна. Нийтдээ 200 гаруй ажилчнаа халж, цомхотгол хийсэн тус компани цаашдаа ч хүний нөөцөө багасгахаар төлөвлөөд байгаа сурагтай.

Ажлаа аваад удаагүй байгаа гадаад захирал  энэ олон монгол ажилчныг дэмий тэжээх хэрэггүй гэж үзсэнийх үү, эсвэл тус компанийн эдийн засгийн байдал үнэхээр тааламжгүй байна уу гэдэг нь хэдийгээр тодорхойгүй ч 200 монгол ажилчнаа  гэнэт гудамжинд гаргасан асуудлыг  “Төрийн албан хаагчдын цалинг нэм” гэж байнга хашгирдаг Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон нэг анхаарчихад гэмгүй байх.  Хэрэв төрийн албанд ажилладаг 200 хүн ажлаасаа гэнэт халагдсан бол Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон хамгийн түрүүнд тэнд оччихсон дуу чимээгээ өргөж байх биз ээ.  Уг нь бол яагаад ажилчдаа гэнэт халсан шалтгаан болоод халагдсан ажилчдын нийгмийн асуудлын тухайд ажил олгогчдоос тайлбар авбал, “Тэмээ хариулах эзэнтэй юм байна” гэдгээ гадаадын хөрөнгө оруулагчдад харуулах бус уу.

Ер нь сүүлийн саруудад монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай жижиг компаниуд хаалгаа барьж, олон арван ажилчнаа цомхотгоод байна.  Тухайлбал,  Өмнөговьд хайгуулын үйл ажиллагаа явуулдаг “Занаду Майнс”, “Терра энержи” зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд  зарим нэгэн ажилчиндаа халагдах тушаалыг нь гардуулсан гэх мэдээлэл байгаа.  Хувийн хэвшлийн олон арван хүн ажилгүйчүүдийн эгнээд шилжиж, жижиг дунд үйлдвэрүүд хаалгаа барихад хүрээд байхад Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооныхон төрийн ордныг тойрч гороолохоос өөр асуудалд анхаарлаа хандуулах сонирхолгүй байх шиг.  Хувийн хэвшлийнхэн ажлаасаа халагдах, ажил олгогчид хямрах эсэх тэдэнд  тийм чухал сэдэв  биш юм уу? Эсвэл тэд зөвхөн мөнгөтэй хөрөнгө оруулагчдын эсрэг дуугардаг хэрэг үү.

Ямар ч байсан эдийн засгийн хямралыг давахын тулд хувийн хэвшлийнхэн ажилчдаа цөөлөх бодлого баримталж байгаа нь илэрхий байна. Хэрэгтэй, хэрэггүй орон тоогоо цөөлөхөөс эхлээд ажилчдадаа сарын цалингүй чөлөө олгох маягаар эдийн засгийн хүндрэлийг давахын тулд хувийн хэвшлийнхэн байдаг аргаа хэрэглэж эхэллээ. Хамгийн гол нь тэдэнд ажлын байраа нэмэгдүүлэх нь битгий хэл орон тоогоо цомхотгох бодлого хэрэгжүүлэхээс өөр сонголт алга байна гэдэг нь санхүүгийн асуудал хүнд байгаагийн илрэл байх. Ингэлээ гээд тэднийг буруутгах нь утгагүй. Гэвч нөгөө талаасаа өч, төчнөөн хүн ажлын байраа алдана гэдэг өрх бүлүүдэд хүндхэн цохиолт болж байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байхад ажлын байраа алдана гэдэг хоногийн хоол, өдрийн талхгүй болж байгаатай ялгаа юун.  Эдийн засагт орж ирэх ам.долларын урсгал царцаж байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын санхүүгийн асуудлыг хямрааж буй нь мэдээж, тэднийг буруутгах   аргагүй шалтгаан. Тиймээс тэдний  зүгээс баримталж буй ажилчдынхаа тоог цөөлөх бодлогыг үгүйсгэх аргагүй ч энэ нь  эдийн засаг сайн үр дагвар авчрахгүй нь ойлгомжтой.

Нэг хүний ард дор хаяж хоёр ам байгаа гэж тооцвол хичнээн өрхийн амьдралд эдийн засгийн  хямрал “хар сүүдрээ” үлдээж буйг хэлж чадахгүй юм.  Тэгэхээр хувийн хэвшлийнхнээ гаргуунд нь гаргачихгүйн тулд төрийн зүгээс татварын уян хатан бодлогыг яаралтай эхлүүлэх. Тодруулбал, Татварын хоёр дахь шатны шинэчлэл, санхүүгийн өршөөл, НӨАТ-ын өөрчлөлтөөр хувийн хэвшлийнхний санхүүг дэмжих маягаар  тэнд ажиллаж байгаа мянган, мянган хүмүүсийг ажилтай байлгахад анхаарахгүй бол тэд хэзээ мөдгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжихэд бэлэн байна. Тэгэхээр  Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн “цалин нэм” гэх биш монгол хүнийг ажилтай, орлоготой байх бодлогоо хэрэгжүүл гэдэг шаардлагыг Засгийн газарт тавибал эдийн засгийн хувьд илүү үр дүнтэй байх  болов уу. Эдийн засгийн хямралыг давах тулах хүч нь хувийн хэвшлийнхэн гэж үзвэл тэдний санхүүгийн асуудлыг дэмжих бодлого Монголд "ус, агаар" мэт  хэрэгтэй байна шүү дээ. Хувийн хэвшлийнхний хүч сулрах тусам эдийн засгийн томууг эмчлэх эмгүйднэ гэсэн үг.  Тиймээс л ажлаасаа халагдаж байгаа хувийн хэвшлийнхний асуудлыг төр анхаарахгүй орхивоос бүр ч том асуудал толгойг нь зовоож мэдэх нь байна шүү
 

 Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж