”Уул уурхай”-н олигархиудын зөрчил хурцадлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

”Уул уурхай”-н олигархиудын зөрчил хурцадлаа

УИХ-ын Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэрхэн батлах явц улс орны хэмжээнд төдийгүй дэл­хийн анхаарлыг татаж байна. Тухайлбал, өчигдөр Австралийн Сидней хотод “Монголын уул уурхайн хөрөнгө оруулалт” чуулга уулзалт нээлтээ хийлээ. Гадны хөрөнгө оруулагчдын анхаарлыг анх удаа “Зөвхөн Монгол”-ын зүгт татсан энэ  чуулга уулзалтаар ярих гол сэдэв нь Монголын төр гадаадын хөрөнгө оруулагчдад хэрхэн хандаж байна, хууль эрх зүйн орчин нь хэр тогтвортой байх вэ, ямар хугацаа, болзолтой гэрээ хийж байна вэ гэдгийг илүү анхаарч буй. Харин яг энэ мөчид Монголын улстөрчид өөрсдөө ч зүг чигээ бүрэн тодорхойлоогүй, дахиад л хуульдаа өөрчлөлт оруулахаар мэтгэлцэж суугаа нь тоогүй.  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гурван төсөл, дээр нь Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг УИХ-ын чуулганаар хаалттай хэлэлцсэн. Хамгийн их маргаан тарьсан ч тэр хэмжээгээрээ дэмжлэг авч чадсан нь УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Бям­бацогт нарын санаачилсан төсөл байв. Гол үзэл санаа нь Хөрөнгө оруулалтын гэрээний хугацаа 30 хүртэлх  жил гэсэн хатуу байр суурийг эвдэж 15 жил хүртэл гэсэн заалтад оршиж байсан. Урьд нь урт хугацаатай гэрээ байгуулаад тавхан жилийн дотор алтаа цөлмүүлсэн гашуун жишээ уг төслийг дэмжихэд томоохон түлхэц өгсөн. Хариуд нь Н.Батбаяр өөрийн болон өрөөлийн намынхнаас “Оюутолгойн эрх ашгийг хөндөгдөхөөс хамгааллаа” гэсэн хатуу үг сонсоход хүрсэн юм.

Харин Э.Бат-Үүл гишүүн МАХН-ын гишүүн Н.Ганбямбатай нударга зөрүүлэх шахан байж, хуулийн төслийнхөө талаар тайлбар хийсэн. Тэрбээр 30 жи­лийн хугацааг 15 болгон богиносгох хэрэггүй хэмээж байлаа. Түүнчлэн УИХ-ын даргын өгсөн даалгавраар Европын холбоо, АНУ, бусад оронд хөрөнгө оруулалтын гэрээг хэрхэн байгуулсан туршлагаас ихээхэн судалжээ. Саналаа дэмжүүлэхдээ ч үүнийгээ ашиглан хүч нэмсэн боловч дэмжлэг авсангүй. “Баатар” гишүүн Э.Бат-Үүл “Засгийн газрын төслийг дэмжихгүй” гэдгээ шулуухан хэлсэн бөгөөд  “Эдийн засгийн сонирхлоороо нэгдсэн нам байгуулсан ч болохгүй гэх газаргүй” гэсэн сонирхолтой санал цухуйлгаад авна билээ. Нөгөөтэйгүүр, УИХ, Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах гэрээг байгуулахад шийдвэрлэх үүрэгтэй байгаад сэтгэл дундуур яваа ажээ. Тэр ч байтугай “Тавантолгойгоо хулгайчаар мануулах гээд байна” хэмээн “Эрдэнэс МГЛ”-ийн эсрэг сэмхэн дайн зарлаад авсан. Гэвч хамтарсан Засгийн газар байгуулаад үйл ажиллагаа явуулж буй энэ цаг үед эрхэм гишүүний ганцаарчилсан тоглолт ямар үр дүнд хүргэхийг урьдчилан тааварлах аргагүй юм.  Харин  асуудлын нөгөө талд З.Энхболд, Г.Баярсайхан, Б.Ганхуяг нар гар гараасаа барин гарч ирсэн. Тэд “30 жилийн хугацааг 30 хүртэл жил болгох ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсч байв.  Учир нь Оюутолгойн гэрээг байгуулсан үетэй харьцуулахад хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, ханш ихээхэн өөрчлөгдсөн тул  өөрчлөх нь зүйтэй” гэж үзэж байв. Хэдийгээр тэдний санал дэмжлэг авч чадаагүй ч уг хуульд хандах хандлагын хувьд итгэл үнэмшил маань хэвээрээ байгаа гэж ярьцгааж байна.
Ямартай ч хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд өрнөсөн маргаанаас олигархиудын ашиг сонирхлын зөрчил тодорхой харагдаж байв. Мөн нийт гишүүний байр суурийг ажиглахад Тавантолгойг  дэмжигч, Оюутолгойг хамгаалагч ба сонгогчдод зөв харагдах гэсэн үндсэн гурван хэсэгт хувааж болохоор байсныг нуух юун.  АН-ын хувьд асуудалд хатуу байр суурьтай, идэвхтэй, нухацтай оролцох оролдлого, эрч хүчтэй байдал нь илт мэдрэгдэж байсан.  Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдын хоёр нь АН-ын бүлгийн гишүүн билээ.  Тэд мөн энэ л бүрэлдэхүүнээрээ Тавантолгойн гэрээг батламжлах биз ээ. Тиймээс тэр хоёр нөхрийнхөө нэр хүндийг 2012 оны сонгуулийн өмнө унагачихгүй байхын төлөө тус намаас ихээхэн анхаарал тавьж буй. Энэ  нь ч зүйн хэрэг. Тухайлбал, Засгийн газраас оруулсан төсөлд “Эрдэнэс МГЛ” нь хөрөнгө оруулагчийн үндсэн болон санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахаар заасан байна. Харин Засгийн газрын эрх, үүргийг тодорхойлохдоо татвар, байгаль орчин зэрэгтэй холбоотой харилцааг шууд хянах болом­жийг зааж өгөөгүй Хяналтын энэ эрхийг тодорхой заагаагүй нь хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуултын хариу олдохгүйд хүргэж буй. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд Л.Гансүхтэй хариуцлага тооцох эсэх нь ойлгомжгүй үлдэж байна. Үүнд “Бритиш Петролиум” компани Мексикийн булан­гийн цооногоос газрын тос олборлож байгаад их хэмжээний газрын тосыг далай руу алдсан ослыг жишээ болгон дурьдаж болно. Эдүгээ АНУ-ын Уурхай, эрдэс баялгийн албаны хяналтын чиг үүргийг  хэрхэн зааглан салгаж, сонирхлын зөрчлийг арилгах асуудал ид яригдаж буй. Сангийн сайд С.Баярцогтын хувьд Оюутолгойн гэрээнээс “Баахан “ногоон” олоод, авлига аваад баяжчихлаа” гэсэн ойлголт одоо ч олон нийтийн санаа бодлоос арилаагүй байгаа нь нууц биш. Энэ удаад Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны бонус  төлбөр авахаар Засгийн газрын саналд тусгасан байна. Энэ төлбөрийг авах эрх зүйн орчныг бүрдүүлчих хэрэгтэй. Нэгэнт хөрөнгө оруулалтын болон бусад төрлийн гэрээ байгуулж, хөрөнгө оруулагчдад төрийн зүгээс баталгаа гаргаж өгсний төлбөр болох энэ мөнгийг төсөвт орох шууд орлого, мөн олон улсын хэмжээнд байдаг асуудал гэж бодож байгаа бол авах нь зүйтэй гэж үзэх улстөрч, эдийн засагч цөөнгүй. Үнэндээ гэрээ байгуулсны төлбөр авсных нь дараа авлигачнаар нь дуудаж байхаар авах эсэхийг УИХ хуульчлаад өгөх нь зөв ч байж мэдэх юм.  Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсоход “Засгийн газрын саналд Тавантолгойн ордын тодорхой хэсгийг төрийн өмчит компани олборлож ашиглахаар заасан нь оновчтой шийдэл биш. Хэрэв  заавал ийм компани байх шаардлагатай бол “Эрдэнэс МГЛ”-ээс тусдаа компани байж болно. “Эрдэнэс МГЛ” нь оператор бус зөвхөн холдинг компани байснаар ашиг сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлнэ” гэж зөвлөж байна. Энэ нь эрхэм гишүүн Э.Бат-Үүлийн байр суурьтай нэгдэж байгааг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

У.Оргилмаа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж