&#34Дэлхийн хэмжээнд аялаад явах боломж тэр болгон олддоггүй&#34

Хуучирсан мэдээ: 2014.03.14-нд нийтлэгдсэн

&#34Дэлхийн хэмжээнд аялаад явах боломж тэр болгон олддоггүй&#34

Тун удахгүй тайзнаа амилах “Тэнгэрийн аялгуу” уран бүтээлд ажиллаж буй жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Баясгалантай бэлтгэл хийж байхад нь уулзаж ярилцлаа. “Тэнгэрийн аялгуу” гэх Монгол домгоор сэдэвлэн тус жүжгийг бүтээжээ. “Эхийн сэтгэл, бүүвэйн дууны үүслийн тухай, үндэсний хэв шинжийг агуулсан бүтээл юм” тэрээр бүтээлээ товчхон танилцууллаа. “Тэнгэрийн аялгуу” жүжгийн зохиолыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид бичжээ. Харин найруулагчаар нь саяхан “Анирлагч” киногоороо үзэгчидтэй уулзсан Д.Сангибат ажиллажээ. Тэрээр урьд нь ихэвчлэн телевизийн уран бүтээл найруулдаг байсан бол энэ удаад тайзны уран бүтээл дээр ажиллаж байгаа нь сонирхол татлаа. Хөгжмийн зохиолчоор Д.Хишигбаяр ажиллаж байна. “Хөгжмийн хувьд далайцтай том том хөгжим бичсэн. Гэхдээ техник тоног төхөөрөмж маань ямар байхаас бүх зүйл шийдэгдэнэ дээ. Эсвэл бүр амьдаар дуулах ч юм уу шийдээгүй байна” Ц.Баясгалан ярьж байна. Ингээд түүний яриаг хүргэе.
 
-Энэ жүжиг ганц хүний жүжиг үү?

-Мэдээж моно. Өнгөрсөн жил би “Эдит Пиаф” гэж өөрийнхөө моно жүжгийг үзэгчиддээ танилцуулсан. Уг уран бүтээл маань Тэнгэрийн аялгуу уран бүтээлээ хийх маш том урам болж өгсөн. Үзэгчид маань маш гоё хүлээж авсан. Дахиж тоглох хүсэлт ч чамгүй тавьж байлаа. “Эдит Пиаф” жүжиг маань Косово руу дөрөвдүгээр сарын 16-22-ны хооронд “Ганц хүний Моно жүжгийн фестиваль”-д оролцохоор уригдсан байгаа. Уг фестивальд явж ирчихээд “Эдит Пиаф” жүжгээ дахин тоглоно. Ер нь Монголын драмын урлаг том том бүтээлүүдтэй. Монгол жүжиг аваад гадаад орныг зорино гэдэг бол уран бүтээлч бид нарын хувьд мөрөөдөл шүү дээ. Хэзээ ч биелэгдэшгүй мөрөөдөл. Бид нарын зардлыг даагаад аваад явах газар хэд билээ. Ядаж л урагшаа Монгол туургатны фестивальд явах гэж бөөн юм болно. Явлаа явлаа гэхэд, Улаан-Үүд рүү яваад ирэх жишээтэй. Түүнээс цааш дэлхийн хэмжээнд аялаад явах боломж тэр болгон олдодгүй. Тиймээс ганц хүний жүжгээр Монголын драмын урлагийг олон улсын тавцанд гаргаж болох юм байна гэж үзээд төсөл бичиж ССАЖЯ-нд хандсан. Яам маань ч дэмжсэн. Мөн урлаг хөгжүүлэх сан, ССАЖЯ-ны дэмжлэгтэй “Тэнгэрийн аялгуу” жүжиг босч, төсөл маань хэрэгжиж байгаа юм. Уг төсөл нь хөдөө орон нугийн урлаг сонирхогчдод ч гэсэн хүрнэ.

-Та “Хөгжим маш гоё болсон” гэлээ. Таны сэтгэлийг юу нь их хөдлөгөсөн бэ?

-Хөгжим маш гоё, гоё аялгуутай сайхан дуунууд хийж байна. Хамгийн гоё нь, хөгжмийн зохиолч маань таван минут 30 секундын бүүвэйн дууг бичсэн. Бүүвэйн дуу гэж юу вэ гэхээр, яг л ардын дуу шиг хүн бүрийн аманд аялагддаг ам дамжиж ирсэн байдаг. Сүүлийн үед бүүвэйн дууг дуулж байна уу, үгүй юу бид нар сайн мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээд шинэ бүүвэйн дуу гэхлээр хүмүүс хүлээж авахад жаахан хэцүү. Гэтэл хэзээний хүний сэтгэлд хоногшоод байж байсан юм шиг тийм аялгууг хөгжмийн зохиолч маань зохиосон. Хамгийн гоё нь бүүвэйн дуундаа клип хийсэн. Клипэндээ дандаа нялх, балчир үрсийн зургийг оруулсан. Фейсбүүк хаягаар зар тавьж, олон хүн өөрсдийн хүүхдүүдийнхээ зурагнуудыг явуулсан байсан. Бүүвэйн дууны үг бас сайшаалтай, 

-Олныхоо оройнд нь яваарай
Түмнийхээ түрүүнд нь яваарай
Хаан аавын хүү билээ бүү ай бүү ай
Хатан ээжийн үр билээ, бүү ай бүү ай… гэх мэт их гоё үгтэй.

-Манайд эмэгтэй хүн моно жүжигт тоглосон тохиолдол хэр олон байдаг вэ?

-Монголд моно жүжгийн төрөл өнгөрсөн жилээс гарч ирж байгаа. Моно жүжгийг өнгөрсөн жил Драмын мэргэжлийн жүжигчдийн төв Гэгээн муза академи болж арван жилийнхээ ойг өнгөрсөн жил тэмдэглэж олон улсын шинж чанартай болгосон. Гэгээн муза академиас дэлхийн алдартай жүжгүүдийг орчуулан драмын эрдмийн театрын жүжигчдэд санал болгосон нь “Эдит Пиаф” зохиолыг авч ажиллаж өнгөрсөн жил тоглосон. Моно жүжгийн бусад жүжгүүдээс ялгагдах нь юу вэ гэвэл ганц хүн тайзан дээр тоглоно. Бүтэн жүжгийн турш ганцаараа тайзан дээр үзэгчдийг уйдаахгүй, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөнө гэдэг бол хэцүү. Тэр болгон жүжигчид ч оролдоод байх зүйл биш ээ.

Өнгөрсөн жилийн хувьд бол жүжигчин Ганцэцэг, Одончимэг нар Гэгээн музад зориулан жүжиг тоглосон. Бид нарын хувьд анх тайзнаа моно жүжгийг  амьдруулсан байдаг юм. Миний хувьд үзэгчдийн хүртээл болгож “Эдит Пиаф” жүжгээ тоглосон түүнээсээ ч маш их урам орсон.

-“Тэнгэрийн аялгуу” жүжиг яг хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?

-Дөрөвдүгээр сарын 14-нөөс уг жүжиг маань гурван өдөр тоглоно. Энэ жүжгийг хийж байгаагаараа би үнэхээр их бахархаж байна. Учир нь “Тэнгэрийн аялгуу” жүжгийн маань утга санаа маш гоё. Одоогийн нийгэмд газар шороо эх дэлхийгээ хайрладаг хүмүүс хэд байдаг билээ. Байх ёстой зүйлийг голдирлоос нь салгавал муу бүхэн дэгдэж босдог учиртай юм шүү дээ. Ганц ширхэг чулуу нь хүртэл чиний эхээс өөрцгүй хайрлах ёстой юм шүү. Тийм учраас бид эх дэлхийнхээ үр нь байж эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй гэдгийг энэ жүжгээрээ бид үзүүлэх юм.

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж