Чөлөөт бөхөөс хоёр гавьяат төрлөө

Хуучирсан мэдээ: 2014.03.21-нд нийтлэгдсэн

Чөлөөт бөхөөс хоёр гавьяат төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөт бөхийн дасгалжуулагчаар идэвх зүтгэлтэй ажиллаж эмэгтэй чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх үйлсэд оруулж байгаа их хувь нэмрийг нь үнэлж эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаярт Гавьяат дасгалжуулагч, тив, дэлхийн дэвжээнд спортын өндөр амжилт гаргаж байгаа эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчин Т.Мөнхтуяад Гавьяат тамирчин цол олгожээ.

Б.Батбаяр нь чөлөөт бөхийн спортоос төрсөн ес дэх Гавьяат дасгалжуулагч, Т.Мөнхтуяа нь 39 дэх Гавьяат тамирчин ажээ.

Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр нь Гавьяат тамирчин Б.Болдын төрсөн дүү юм, иймд чөлөөт бөхөөс төрсөн гурав дахь ах дүү гавьяатууд болжээ.

Гавьяат дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер
Буяндэлгэрийн Батбаяр

1976 онд Улаанбаатар хотод төрж Сүхбаатар дүүргийн 45 дугаар арван жилийн сургуулийг 1994 онд дүүргэж 2005 онд МУБИС-ийг нийгэм судлаач мэргэжлээр төгсөж мөн сургуулийн Биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр энэ хавар төгсөнө. 2012 онд ШУТИС-ийн Компьютер-менежментийн сургуульд “Төрийн захиргааны удирдлагын менежмент” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ.

1988 оноос “Тулгат” клубт дасгалжуулагч Н.Ганбаатарын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1997-1999 онуудад “Монгол-Амикал”, 1999-2001 онуудад “Алтайн барсууд”, “2001-2004 онуудад “Хангарьд” клубын тамирчин, 1997-2004 онуудад үндэсний шигшээ багийн тамирчин байсан.

2006 онд дасгалжуулагчийн ажид шилжиж мөн оноос “Аварга-Алтай” клубын дасгалжуулагчаар, 2009 оноос үндэсний шигшээ багийн болон залуучуудын шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаад 2013 онд эмэгтэй үндэсний шигшээ багийн  ахлах дасгалжуулагчаар томилогдсон.

1999 онд спортын мастер, 2001 онд олон улсын хэмжээний мастер цол хүртэж 2011 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, 2014 онд Гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдсан.

Залуучуудын УАШТ-нээс алт, хошой хүрэл, Бүх ард түмний наадмаас алт, мөнгө, УАШТ-нээс хошой алт, гурван мөнгөн медаль хүртсэн.

ДАШТ-нд 1997, 2001, 2003 онуудад гурван удаа, 1998 онд Тайланд улсын Бангкок хотод болсон Азийн зуны спортын наадамд оролцсон.

2001 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн.

“Монгол говь” олон улсын тэмцээнээс 1998 онд мөнгө, 2000 онд хүрэл, 1998 онд ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын тэмцээнээс алт, Грек улсад болдог “Гран-При” олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Зуны олимпийн “Лондон-2012” наадамд, ДАШТ-нд 2009-2014 онуудад таван удаа, Оюутны зуны “Казань-2014” универсиад наадамд, залуучуудын ДАШТ-д хоёр удаа дасгалжуулагчаар оролцоод байна.

2013 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд манай эмэгтэй баг 5 медаль хүртэж багаараа хоёрдугаар байр эзэлж байлаа.

Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд 2013-2014 онуудад хоёр удаа дасгалжуулагчаар оролцсоноос манай эмэгтэй баг 2013 онд Улаанбаатар хотод болсон тэмцээнд мөнгөн медаль хүртэж байв. 

2013 онд Оны шилдэг дасгалжуулагчаар шалгарч байсан.

Гавьяат тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт
Тунгалагийн Мөнхтуяа

1988 онд Булган аймгийн Тэшиг суманд төрж 2007 онд Булган суманд дунд сургууль, 2011 онд “Аварга” биеийн тамирын дээд сургууль дүүргэсэн.

2008 оноос Гавьяат дасгалжуулагч Х.Намширын удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээлэж эхлэсэн. Одоо Орхон аймгийн “Хангарьд” клубын дасгалжуулагч Ч.Раднаабазар, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн багш Ю.Гандолгор, Улсын харцага Л.Бадарч нарын удирдлага бэлтгэл сургуулилтаа хийж байна.

2011 онд үндэсний шигшээ багийн тамирчин болсон. 2011 онд спортын мастер, 2012 онд олон улсын хэмжээний мастер цол авсан. 2013 онд “Алтан гадас” одонгоор, 2014 онд Гавьяат тамирчин цолоор шагнагдсан.

Бүх ард түмний спортын наадмаас алт, УАШТ-нээс мөнгө, хүрэл медаль хүртээд байна.

ДАШТ-нд хоёр удаа оролцсон. 2012 онд Канад улсын Страткон Канти хотод болсон ДАШТ-нд 59 кг-ийн жинд нэгдүгээр тойрогт канадын бөх Мишель Фаззарийг 1:0, 0:1, 3:1, хоёрдугаар тойрогт АНУ-ын бөх Лей Жейнсийг 3:0, 0:1, 3:1 онооны харьцаагаар хожиж мөнгөн медалийн төлөө барилдаанд беларуссын бөх Залина Сидаковад 0:2, 0:1 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө барилдаанд энэтхэгийн бөх Шеофан Шилпийг 3:3, 4:2 онооны харьцаагаар ялжээ.

2013 онд Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-нд нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт польшийн бөх Анна Тереза Звиридовскаг 4:2 онооны харьцаагаар хожиж гуравдугаар тойрогт ДАШТ-ний мөнгө, хүрэл медальт Марианна Шастинад 0:7 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд тайваны бөх Мин Вен Хьюг 10:2 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө японы бөх Аяко Итатой барилдаж 9:2 онооны харьцаагаар өвдөг шороодуулжээ.

Дэлхийн цомын төлөө эмэгтэй багуудын тэмцээнд хоёр удаа оролцсон.

2013 онд Энэтхэг улсын Нью-Дели хотод болсон Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль авчээ.

“Mongolia Open” олон улсын тэмцээнээс 2012 онд мөнгө, 2013 онд алт, 2014 онд хүрэл, 2012 онд ОХУ-ын Красноярск хотод болдог И.Ярыгиний нэрэмжит “Гран-При” тэмцээнээс хүрэл, 2013 онд Азербайжан улсад болдог “Алтан Гран-При” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

2013 онд Оны шилдэг тамирчнаар шалгарч байв.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж