&#34Гэмтсэн&#34 гэмтлийн төв

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр нь тамга тэмдгээ авч зугатсан, шинээр томилогдсон А.Мөнхтайван нь гэнэт албан үүргээсээ татгалзсан гэх хошин шогийн үзүүлбэр тэнд жинхэнэ утгаараа өрнөж байна. Энэ бол тус эмнэлэг дээр өрнөж буй шог гараануудын зөвхөн нэг хэсэг нь. Хамгийн хачирхалтай нь, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын
үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр  Эрүүл мэндийн сайдаа шүүхэд өгч,
хууль бус томилгоо явуулсан гэж буруутгасан байна. 

Гэмтсэн бэртсэн, осолдсон бүхэн ханддаг Монголдоо ганц Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирлын томилгоог тойрсон хэрүүл олон сарын турш үргэлжилэв.  Нэг хэсэг тус эмнэлгийнхэн шинэ дарга Ц.Энхбаяраа эсэргүүцэн ажил хаялт зарлан, аргагүйн эрхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал тус төвийнхний эмч нарын дунд нууцаар санал хураалт явуулж  байж  асуудлыг шийдэж байх вэ дээ.  Анхнаасаа энэхүү томилгоог хууль бус байсан гэх хэл ам өнөөдөр гэмтлийн эмнэлэгт хэнийг захирлаар томилох вэ гэдэг толгой өвтгөсөн асуудал үүсгэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж хэлж болно.

Багтайгаа учраа ололцон ажиллаж чадаагүй хэрнээ албан тушаалаа өгөх болохоор тамгаа өвөртлөөд зугатчихдаг тангараг өргөсөн эмч гэж байх уу. Бас нөгөөх нь "надтайгаа таарсан ямар ядарсан амьтан бэ" гэгчээр албан тушаалд томилогдмогцоо "ар гэрийн гачигдалтай" гэж татгалздаг нь ч ямар учиртай юм, бүү мэд ээ.

Сонгон шалгаруулалтад хууль ёсоор тэнцсэн гэх атлаа ямар хэрэг хийсэн гэхээрээ албан тушаалаасаа татгалзах хэмжээний гачигдалтай болчихсоныг нь мэдэхгүй ч түүний нэг том сул талыг хэн нэгэн эрх мэдэлтэн атгачихаад судсыг  нь барьчихав уу гэж хардахад хүргэж буй. Магад тийм бол Монголын эрүүл мэндийн салбарт эрүүл зүйл үлдээгүйн илрэл тодорхойлж болно. Чухамдаа бол гэмтэлийн эмнэлгийн даргаар Гочоо нь байна уу, Готов нь томилогдоно уу, гол асуудал биш. Иймхэн асуудлыг хэл амгүй шийдчихэж чадахгүй байгаа нь Н.Удвалын муугийнх. Тамга тэмдэгээ аваад зугатчихсан эмчээ тас загнаад авчирчихаж л чадахгүй байна шүү дээ. Энэ чинь хувийн эмнэлгийнх нь  тамга гэдгийг эрхбиш Ц.Энхбаяр эмч мэдэж л баймаар.  Энэ мэт даам гарсан эмч нартай Монголын эрүүл мэндийн салбар яаж шинэчлэгдэж чадах вэ. Тус эмнэлгийнь дарга Гочоог нь халж, Готовоор солилоо гээд олон жилийн турш дархлагдсан гаж тогтолцоог нь эвдэж чадахгүй нэгэнтээ ойлгомжтой байна. Тэнд ялзарч, бугшсан идээ бээрийг шахаж, эрүүл мэндийн салбарыг эрүүлжүүлэх нь тус эмнэлгийн даргын суудлаас ч илүү чухал асуудал. Үүнийг л хийж чадвал эрүүл мэндийг салбарт ийм шинэчлэлт хийлээ гэсэн "гоё" сурталчилгаатай болж чадах юм.
Төсвөөр тэжээлгэж, төрөөс цалинждаг тус эмнэлэг хэн мөнгөтэйд нь үйлчилдэг хувийн эмнэлэг шиг газар болоод удаж байгаа. Гэхдээ мэдээж, тэр мөнгө төрийн халаасанд бус хэн нэгэн эмчийг түрүүвчинд орж байгаа болохоор Гэмтэл согог судлалын үндэсний төв  хамгийн муу техник, технологитой байхаас яахав.  Эсвэл энэ эмнэлгийг чадалтай, мөнгөтэй хүмүүст хувьчилчихвал даргаар нь хэнийг сонгох вэ гэж төр оролцож, толгойгоо гашилгах шаардлагагүй болох юм. Харин ч тус  төвийг хувьчилчихвал хэдэн архаг дарга нарын хэтэвчийг угждаг мөнгө ил тод болно. Үйлчилгээ нь ч хурдан, шуурхай хүртээмжтэй болно. Өвчтөнөө үйлчлүүлэгч гэж хардаг болно.

Үнэндээ, Гэмтэл, согог үндэсний төвд ужгирсан асуудлыг бүхэлд нь ил болгохгүйгээр ганц даргын асуудлыг шийдээд ямар ч нэмэргүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харууллаа шүү дээ. Даргатай нь, цэрэгтэй нь, тогтолцоотой нь юутай хийтэй нь өөрчилж байж энэ эмнэлэг цэвэршинэ.  Харамсалтай нь, тус эмнэлгийг улстөржих тусам Монголын олон мянган иргэний амь амьдрал, эрүүл мэнд хутганы ирэн дээр байна. Гэтэл хэн нэгэн өвчтөний амь наснаас илүүү албан тушаалын төлөө тангараг өргөсөн эмч нар дотроо тонгорог болцгоогоод явах боллоо. Энэ бол Монголын эрүүл мэндийн салбарт их том өөрчлөлт хийх хэрэгтэй байгаагийн сануулга.  Эцэст нь энэ эмнэлгийн тогтолцоо нэр шигээ гэмтчихсэн гэдэг нь нэгэнтээ ил боллоо. "Гэмтсэн" гэмтлийн эмнэлгээ гэж.

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж