Эрлийн ажил дахин саатлаа

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

Эрлийн ажил дахин саатлаа

Малайзын агаарын тээврийн 370-р нислэгийг хайх олон улсын хамтарсан багийн эрэл өнөөдөр /III.27/  дахин саатлаа. Австралийн албаныхны мэдээлснээр цаг агаар муудсанаас Энэтхэгийн далайд эрэл, хайгуул хийж байсан бүх нисэх онгоц, хөлгүүд өнөөдөр /III.27/ Перт хот руу буцжээ.  Боинг 777-200 онгоцны сэг байж болох зүйлсийг хайх ажил үзэгдэх орчин хязгаарлагдсанаас үүдэн түр зогссон байна. Албаныхны мэдээлж буйгаар цаг агаар сайжирвал олон улсын эрэл маргааш /III.28/ дахин эхлэх гэнэ. 239 хүний хамт сураггүй болсон Боинг 777-200 онгоцны эрлийн түр саатсан нь энэ долоо хоногт хоёр дахиа болоод байна.

Үүнээс өмнө Францын хиймэл дагуулын зурагт сураггүй болсон Боинг 777-200 онгоцны сэг байж болох 100 гаруй зүйл илэрсэн тухай мэдээлсэн билээ.

Малайзын агаарын тээврийн 370-р нислэг Куала Лумпураас энэ гуравдугаар сарын 8-нд Бээжинг чиглэн хөөрснийхөө дараа радарын дэлгэцнээс алга болж сураггүй болсон билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж