MH370: Хариулт нэхсэн асуултууд

Хуучирсан мэдээ: 2014.03.27-нд нийтлэгдсэн

MH370: Хариулт нэхсэн асуултууд

Малайзын агаарын тээврийн MH370 нислэгийн эрлийн ажиллагаа Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт үргэлжилж байна. Гуравдугаар сарын 8-нд Малайзын нийслэл Куала Лумпураас Бээжинг зорин ниссэн 239 зорчигчтой “Боинг 777-200” онгоц учир битүүлэг байдлаар сураггүй болсон хэргийн цаана хариулт нэхсэн олон асуулт торойж байна.

ОНГОЦ ЯАГААД ЧИГЛЭЛЭЭ ОГЦОМ ӨӨРЧЛӨВ?

Онгоц төлөвлөсөн чиглэлээс гэнэт хазайж, баруун тийш огцом эргэсэн болохыг цэргийн радарын өгөгдлийг ашиглан хангалттай хэмжээнд нотлоод буй. Түүгээр ч зогсохгүй онгоцны дохио дамжуулагчийг унтраахтай зэрэгцэн онгоц чиглэлээ өөрчилсөн байгаа юм.

Агаарын тээврийн түүхэнд ийм төрлийн огцом эргэлт тун ховор үзэгдэл гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Онгоцонд ноцтой асуудал үүссэн үед л нисгэгч ийм маневр хийдэг гэнэ. Эсвэл онгоцыг газардуулах шаардлагатай болсон үед…

Тиймээс MH370 нислэгийн бүхээгт гал гарсан, эсвэл гэнэт онгоцны бүхээгт агаарын даралт унасан байж болох тухай Крэнфилдийн их сургуулийн нислэгийн дата мониторингийн мэргэжилтэн Дэвид Бэрри гэгч ярьжээ. Өөр өнцгөөс тайлбарлавал онгоцны нисгэгч, эсвэл нисгэгчийн бүхээгт байсан хэн нэгэн зориуд чиглэл өөрчилсөн байж болох нэг хувилбар. Энэ тохиолдолд онгоц барьцаалагдсан, хулгайлагдсан гэх магадлалыг хүчинтэйд тооцож болох гэнэ.

Гэхдээ онгоцны нисгэгчийн бүхээгт чухам юу болсон талаарх бодит үнэнийг олж мэдэх хамгийн зөв бөгөөд цорын ганц гарц нь онгоцны хар хайрцгийг олж, тайлж унших явдал.

НИСГЭГЧ АМИА ЕГҮҮТГЭХИЙН ТУЛД ОНГОЦООР ДЭНЧИН ТАВИВ УУ?

Онгоц сураггүй болсон шалтгаан нь нисгэгч амьдралаа төгсгөхийг хүссэн, тиймдээ ч эхлээд мэдээлэл дамжуулж болохуйц бүх сувгийг хааж, онгоцны чиглэлийг зориуд өөрчилж, улмаар сүйрүүлсэн гэх таамаг. Нисэхийн түүхэнд ийм хэрэг нэг бус удаа гарч байсан болохоор байж болох хувилбар гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа.

1999 онд сүйрсэн Египетийн агаарын тээврийн 990 нислэг, 1997 оны Силк эйрийн 185 дугаар нислэг амжилтгүй болж, онгоц сүйрсэн шалтгааныг нисгэгчтэй нь холбон тайлбарладаг. Агаарын аюулгүй байдлын албаны мэдээлэлд 1976 оноос хойш онгоцны нисгэгч амиа хорлохтой холбоотойгоор онгоц осолдсон найман тохиолдол бүртгэгдсэн тухай дурджээ.

Гэхдээ MH370 нислэгийн тухайд онгоцны ахмад, нэгдүгээр нисгэгч Захари Ахмад Шах болон хоёрдугаар нисгэгч Фарик Абдул Хамид нарын гэрээс цагдаа болон бусад албаны хүмүүс ямар нэг сэжигтэй зүйл илрүүлээгүй байна. Шах эхнэртэйгээ маргалдаж, сэтгэл санааны хувьд тавгүй байсан гэх яриа гарсан ч түүний сэтгэл зүйн байдлыг тодорхойлох боломжгүй, тийм зүйлийг баталсан эх сурвалж одоогоор гараагүй байна. Цагдаагийн байгууллагынхан одоо ч Шахын гэрээс сураггүй болсон онгоцтой холбогдох сэжүүр хайсаар байгаа аж.

Онгоцны дохио дамжуулах системийг унтраасан нь дээрх таамаглалыг үнэмшилтэй болгож байгаа ч нисгэгч амиа хорлохыг хүссэн гэдгийг баталж чадахгүй гэдгийг албаны хүн тайлбарлажээ.

ОНГОЦ ХУЛГАЙЛАГДСАН БАЙЖ БОЛОХ УУ?

Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш дэлхийн хэмжээнд агаарын тээврийн компаниуд хяналтаа өндөржүүлсэн. Онгоцны экипажийн бүхээгт нэвтрэх тийм ч амаргүй, тэр хэсэг бол сумны хамгаалалттай, цоож, бариулыг алх, сүхээр эвдээд орох боломжгүй гэдгийг “Flight International” сэтгүүлийн редактор Дэвид Леармонт хэлжээ.  Товчхондоо бол нисгэгчийн бүхээгт  хүчээр нэвтрэх боломжгүй.

Гэхдээ хаалга аюулгүй байдлын хувьд баттай байсан ч нисэх багийн гишүүдийн хэн нэг нь угаалгын өрөө орох, зорчигчдын танхимыг ажиглах зэрэг шалтгаанаар кабинаас гарах үед онгоцыг хулгайлах зорилготой хэн нэгэн нисгэгчийн бүхээгт нэвтрэх боломжтой. Уг нь Израилийн “El Al” зэрэг зарим агаарын тээврийн компаниуд онгоцныхоо нисгэгчийн бүхээгийг давхар хаалгатай байлгадаг. Хаалга онгойх үед нисэх багийн нэг гишүүн хаалгыг манаж байх шаардлага ч тавьдаг байна.

Аль ч тохиолдолд онгоц хулгайлахаар санаархсан хэн нэгэн нисгэгчийн бүхээгт нэвтэрсэн бол нисэх багийн аль нэг гишүүн аваарын дохио өгөх бүрэн боломжтой гэнэ.

ОНГОЦ ОСОЛДСОН БАЙЖ БОЛОХ УУ?

Онгоцонд юу тохиолдсон талаарх таамаг дэвшүүлэхдээ Малайзын албаныхан онгоцны дохио дамжуулах, холбоо тогтоох систем ажиллахгүй болсон, автомат хариулагчийг унтраасан зэргийг гол үндэслэлээ болгож буй. Зарим шинжээчдийн таамгаар бол онгоцны нисгэгчийн бүхээгт ямар нэг зүйл болсон. Тухайлбал, гал гарч улмаар онгоцны тоног төхөөрөмж, систем ээлж дараагаар доголдож, ажиллагаагүй болсон байж болно. Гэхдээ онгоцны нисэх эд анги хэвийн, товчхондоо бол онгоц агаарт ниссээр байсан гэх таамаг бас байгаа юм. Удалгүй онгоц аажим аажмаар өндрөө алдаж, осолдсон байж болох гэнэ.

Грект 2008 онд уул мөргөж осолдсон “Helios Airways”-ын 522 дугаар нислэгийн бүхээгт агаарын даралт унаж, улмаар нисэх багийн гишүүд хүчилтөрөгчийн дутагдалд орж эхэлсэн боловч онгоц автомат удирдлагаар ниссээр байсан аж. Хэрэв онгоц уул мөргөж осолдоогүй бол онгоцны түлш дуусах хүртэл ниссээр байх боломжтой байсан гэнэ. Тэгэхээр MH370 нислэгийн тухайд дээрх тохиолдолтой адилгүй ч ийм нэг хувилбар байж болохыг мэргэжилтнүүд дэвшүүлжээ.

Гэхдээ онгоцонд ямар нэг байдлаар ослын дохио илэрсэн бол нисгэгч хамгийн түрүүүнд агаарын удирдлагын төвд ямар нэг байдлаар мэдээ дамжуулах учиртай.

АЛБАНЫХАН ЯАГААД ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВАААГҮЙ ВЭ?

Онгоц Зүүн Хятадын тэнгисийн дээгүүр нисч байхдаа Малайзын агаарын хилийг давж, Вьетнамын агаарын зам руу орох тэр зааг газар дээрх радартай холбоо тогтоох үүрэгтэй автомат хариулагч унтарсан. Хэрэв онгоц Европт ийнхүү холбоо тасарсан бол агаарын удирдлагын төвүүд даруй цааш нь мэдэгдэж, аваарын дохио ажиллуулж эхлэх байсан гэдгийг Европын агаарын тээврийн салбарынхан мэдэгдэв. Ядаж л хамгийн ойр нисч байгаа онгоцтой холбогдож, холбоо тасарсан онгоцтой шууд холбоо тогтоох байсан гэнэ.

Гэтэл онгоцны автомат хариулагч ажиллахгүй болсны дараа хэн ч онгоц сураггүй болсон талаар анхаарал тавиагүй. Малайзын агаарын удирдлагын төвийнхөн онгоцыг Вьетнамын замд орсон гэж бодоод тоолгүй орхичихсон байж болох тул ийм учир шалтгаанаар ажилдаа хариуцлагагүй хандсан гэх шүүмжлэлийн бай болоод байна.

ОНГОЦНЫ ТҮЛШ ДУУССАНЫ ДАРАА ДАЛАЙН УСАНД ШУМБАН ОРСОН БАЙЖ БОЛОХ УУ?

Онгоц нисгэгчийн удирдлагаар нисч байсан эсэхээс сүүлчийн хоромд юу болсон эсэх нь хамаарна. Хэрэв онгоц жолоодлоготой байсан бол далайн ус руу аажмаар шумбан орох боломжтой.

Нью-Йоркийн Хадсон мөрөнд осолдсон Airbus онгоцны түлш дуусч, хоёр хөдөлгүүр ажиллагаагүй болох үед нисгэгч нь онгоцоо усан дээр “газардуулах” шийдвэр гаргаж байсан. Үүнийхээ ачаар олон хүний амийг аварсан юм.

Хэрэв онгоц жолоодлогогүй болсон бол онгоц ус руу огцом, хүчтэй унах нь гарцаагүй.

ЗОРЧИГЧИД ЮУ БОЛЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙСАН БОЛОВ УУ?

Онгоцонд ямар нэг ноцтой доголдол гараагүй бол нисгэгчид болж буй процессийн талаар мэдсэн эсэх нь тодорхойгүй. Олон цаг үргэлжлэх нислэгийн үеэр зорчигчид ихэнх тохиолдолд бэлтгэлтэй байдаг. Тиймээс онгоц сураггүй болсон гэх 01:00 цагийн үед зорчигчдын дийлэнх нь унтаж байсан байх магадлалтай.

Малайзын албаныхны зүгээс онгоц өндрөө алдаж, 13 мянган метрийн өндөрт нисч байснаа 7000 метр хүртэл буусан гэж мэдэгдсэн. Энэ тохиолдолд онгоцонд сууж яваа зорчигчдод мэдрэгдэх ёстой гэнэ.

ЗОРЧИГЧИД ЯАГААД ГАР УТСАА АШИГЛАСАНГҮЙ ВЭ?

Онгоцонд ямар нэг таагүй зүйл учирсан бол 239 хүнээс яагаад нэг нь ч гар утсаа ашиглаж, ямар нэг дохио өгөөгүй вэ гэсэн асуулт. Гэвч дунджаар 9000 метрийн өндөрт нисч яваа онгоцонд гар утасны сүлжээ барина гэдэг бараг л боломжгүй. Онгоцонд гар утас ажиллах боломжийн тухайд бараг 0 хувьтай тэнцэх гэнэ.

С.ЦЭЛМЭГ



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж