Ханзанд хадгалсан мөнгийг гаргана

Хуучирсан мэдээ: 2014.04.02-нд нийтлэгдсэн

Ханзанд хадгалсан мөнгийг гаргана

Хятадын бодлого боловсруулагчид эдийн
засгийн чиг баримжаагаа экспортын баримжаатай хүнд үйлдвэрлэлээс
холдуулж, ДНБ дэх эзлэх хэрэглээг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа тухай
Харвардын их сургуулийн профессор, эдийн засагч Мартин Фиелдштэйн
бичжээ. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалыг хөхиүлэн дэмжих замаар хийх гэж
байгаа хэмээсэн байна. Хэрэглээг дэмжиж чадвал Хятадын эрх баригчдын
зорьж байгаа “Хятад мөрөөдөл” буюу өрхийн амьжиргааны дундаж түвшинг
дээшлүүлж чадна гэж тооцоолж байгаа аж. Тэрнээс гадна хэрэглээг
дэмжсэнээр олон сая ажлын байр бий болж, улмаар удаашраад байгаа Хятадын
эдийн засгийн өсөлтийг түргэсгэнэ гэж үзэж байгаа юм байна. Жил бүр
хэдэн сая хүн хөдөө аж ахуйгаа орхин хот суурин газар руу нүүдэллэж
байгаа, мөн хэдэн сая оюутан их дээд сургууль төгсөөд хөдөлмөрийн зах
зээлд шилжиж байгаа.

Өнөөдрийн байдлаар Хятадын ДНБ-д
хэрэглэгчийн зардлын эзлэх хувь 36 байгаа нь АНУ, Баруун Европтой
харьцуулбал хоёр дахин бага гэсэн үг. Гэсэн ч хятад өрхүүдийн дийлэнхийх
нь орлого бага ч их бага ямар нэг хэмжээний хадгаламжтай байдаг. Энэ нь
хятад өрх бүр гэр бүлийн гишүүний хэн нэг нь өвдлөө гэхэд эмчилгээнд
зарцуулах хөрөнгийг хураадагтай холбоотой. Хэрэв та өвдлөө гэхэд
эмчилгээний өндөр төлбөр төлж байж л амьд үлдэж чадна гэдгийг хятад хүн
бүр мах цусандаа хүртэл ойлгодог. Уг нь энэ мөнгө эрүүл мэндийн даатгал
хэлбэрээр байж болох ч хятадууд эрүүл мэндийн даатгалын тогтолцоондоо
төдийлөн итгээд байдаггүй. Тэгээд ч эрүүл мэндийн даатгалын тогтолцоо
Хятадад дөнгөж хөгжлийн эхэн шатандаа явж байгаа гэж хэлж болно. Сүүлийн
жилүүдэд хувийн эрүүл мэндийн даатгалын хэлбэрүүд Хятадад гарч ирж
байгаа ч энэ нь олон хүнийг хамарч чадахгүй байгаа. Тиймээс хятад өрх
бүр ирээдүйд хэзээ нэгэн цагт өвдсөн үедээ хэрэглэнэ хэмээн санаж бэлэн
мөнгө хадгалахыг илүүд үздэг.

Чухамхүү эрүүл мэндийн даатгалын
хувийн компаниудыг хөгжүүлэх замаар хятадуудын гудсан дор хэвтэж байгаа
мөнгийг эргэлтэд оруулж, улмаар хэрэглээг нэмэгдүүлнэ хэмээн тооцож
байгаа юм байна. Хувийн даатгалын компаниуд хувь хүн болоод аж ахуйн
нэгжүүдийн ажилтнуудыг даатгалд хамруулж, хэрэгтэй цагт эмчилгээнийх нь
зардлыг гаргах юм. Өвдсөн цагт хэрэглэх мөнгөө дааьгуулсан хүмүүс
суларсан мөнгө гэр бүлийн хэргцээнд зориулна гэж тооцож байна. Ингэхдээ
хувь хүн, аж ахуйн нэгжүүдийн эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгийг
татвараас чөлөөлөх бодолтой байгаа нь хамгийн хөшүүрэг болох юм. Энэ бол
АНУ болоод Их Британид өргөн хэрэглэгдэг даатгалын хэлбэр.

Энэ
яригдаж байгаа хувилбарыг хэрэгжүүлэхгүй гэвэл зардал өндөртэй эмчилгээ,
мэс ажилбаруудын даатгалыг татвараас чөлөөлөх хувилбар ч бас байж болох
талаар хэлэлцэж байна. Ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалыг татварын
бодлоготой уяж, хүрсэн үр дүндээ хүрэх бодолтой байгаа хэмээн Мартин
Фиелдштэйн бичжээ.

Эрүүл  мэндийн даатгалыг хөхиүлэн дэмжсэнээр
нийт салбарын үйлчилгээний чанар сайжирч хэн хэн нь хожно гэж тооцоолж
байна. Нэг үгээр хэлбэл, даатгалын эрүүл бодлогоор эрүүл мэндийн
салбараа ч нийт эдийн засгаа ч илааршуулахаар тооцоолжээ.

Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж