Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Нийслэлийн гудамж, зам талбайг зүлэгжүүлэн, цэцэрлэгжүүлэх ажил энэ сарын 1-нээс эхэлсэн байна. Энэ жил аль замуудад ногоон байгууламж байгуулах талаар Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.

-Өнгөрсөн жилийн ногоон байгууламж, цэцэрлэгжилт нийслэлчүүдэд нилээдгүй таалагдсан бүтээн байгуулалт болсон.  Энэ жил аль газруудад ногоон байгууламж байгуулж, зүлэгжүүлэх вэ?

-Тийм шүү. Өнгөрсөн жил нийслэлийг зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлэхэд 4.6 тэрбум төгрөгийг зарцуулсан бол энэ жил 5.6 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Энэ жилийн тухайд нилээдгүй олон нийтийн гудамж, зам талбайг ногооруулж, цэцэрлэгжүүлнэ. Мөн олон наст ургамал тарих асуудлыг хэлэлцэж эхэлсэн. Зүлэг, цэцэгний өнгөний сонголт, өндөржилт гээд олон зүйлийг өнгөрсөн жилээс сайжруулахыг зорьж ажиллаж байна. Тарих цэцэгний өнгөний хувьд улаан, цагаан, шар, улаан шар цэцэгнүүдийг голчлон тарих юм.

-Арчлалт хамгаалалтыг аль байгууллага хариуцах вэ. Цэцэрлэгчид бэлтгэж байгаа гэсэн үү?

-Арчлалт хамгаалалтын тухайд бид 20 гаруй жил тасраад байсан асуудал буюу мэргэжлийн цэцэрлэгчин бэлтгэж эхэлсэн. Өнгөрсөн жил 200 цэцэрлэгчинг бэлтгэсэн бол энэ зун нэмж 250 цэцэрлэгчинг ажиллуулна. Цалингийн хувьд 600 орчим мянган төгрөг байх учраас иргэд ажиллах сонирхолтой байгаа.

-Хэзээнээс нийслэлийн гудамж талбайд цэцэг тарьж, зүлэгжүүлэх вэ? 

-Баянзүрх дүүрэгт гэхэд эхэлсэн байгаа. Ирэх даваа гаригаас нийслэлийн 85 гол гудамжийн ногоон байгууламж, арчилгаа усалгааг хийж эхэлнэ. Мөн өглөөний 05.00-09.00 цагийн хооронд нийслэлийн гол гудамж талбайг угааж байгаа шүү дээ. 

-Хотын гудамжийг цэвэр усаар угааж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа. Хэрэглэсэн усыг дахин ашиглаж цэвэр усаа хэмнэх боломжгүй юу?

-Аль болох цэвэр усаар гудамж талбайг угаахаас татгалзаж байгаа юм. MCS болон цэвэр ус үйлдвэрлэдэг компаниудын шил, сав угаасан усыг авч ашиглаж эхлээд байна. Эдгээр компаниуд хоногт л гэхэд 150 мянган  тонн ус хэрэглэдэг. Энэ усыг нь дахин ашиглаж зам угааж эхэлсэн.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж