Дээд боловсролын чанарын шинэчлэлийн суурь шийдэл

Хуучирсан мэдээ: 2014.04.03-нд нийтлэгдсэн

Дээд боловсролын чанарын шинэчлэлийн суурь шийдэл

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежууд өдгөө   800 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг.

Тэгвэл Боловсол, шинжлэх ухааны яамнаас “Мэргэжлийн чиглэл, индекс”-ийг шинэчлэн баталж дээрх тоог 175 болгож цөөлсөн байна.

Энэ талаар их дээд сургуулиудын захирлууд болон мэргэжлийн хүмүүс дараах байр суурьтай байна. 

“Оюутны эрх ашигт  нийцсэн шийдэл гарлаа”

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургууль, коллежууд өдгөө   800 гаруй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тэгвэл Боловсол, шинжлэх ухааны яамнаас “Мэргэжлийн чиглэл, индекс”-ийг шинэчлэн баталж дээрх тоог 175 болгож цөөлсөн байна. Энэ талаар “Дээд боловсролын шинэчлэл”-ийн төслийн зөвлөх Р.Бат-Эрдэнээс тодрууллаа. 

-Саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас бакалаврын хөтөлбөрийн жагсаалтыг баталсан байна. Ийм шинэ жагсаалт баталсан нь ямар учир шалтгаантай юм бол?

-Бид их, дээд сургуулиар мэргэжилтэн бэлтгэхдээ яамнаас баталсан мэргэжлийн жагсаалтын дагуу сургалтын төлөвлөгөө зохиож, түүнийхээ дагуу сургалтыг зохион байгуулж ирсэн. Энэ нь дээд сургуульд элсүүлэх хүний тоог төгсөх үед нь ажиллуулах ажлын байртай холбон төлөвлөж, сургуулиа төгсөхөд нь тэрхүү төлөвлөснийхээ дагуу ажилд  шууд томилж байсан төвлөрсөн төлөвлөгөөний нөхцөлд тохируулсан зохицуулалт байсан. Ийм ч учраас бид дээд сургуульд сургахыг  “мэргэжилтэн бэлтгэх”, “боловсон хүчин” бэлтгэх гэж ярьж хэвшсэн байна.  

Гэтэл 1990-ээд оны эхнээс, тодруулбал, албан ёсоор 1995 онд баталсан Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиар дээд боловсрол нь бакалавр, магистр, доктор гэсэн шатлалтай байхаар хуульчилж мөрдөж эхэлсэн. Энэ нь урьдчилан төлөвлөсөн ажлын байранд  зориулан “мэргэжилтэн бэлтгэж” байсныг өөрчилж, боловсрол олгох шинэ тогтолцоонд шилжүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл ажил олгохыг зөвхөн төр дангаараа төлөвлөж шийдвэрлэх боломжгүй болсон, иргэн хүн эзэмшсэн боловсролоо хэрхэн ашиглаж хэрэглэхээ өөрөө сонгож шийдэх боломж, хэрэгцээг тусгасан гэж ойлгож болно. Ийм шинэчлэлийг бидний хувьд загвар болж байсан зөвлөлтийн дээд боловсролын системтэй бүх орнууд хийсэн шүү дээ. Европын холбооны орнууд дээд боловсролын нэгдсэн орон зай бүтээх Болоний процесс гэдэг хамтын гэрээнийхээ хүрээнд бүгд бакалавр-магистр, доктор гэсэн шатлалтай системд шилжиж байна.  Энэ утгаараа ардчилал, зах зээлийн харилцааны шинэ нөхцөлд дээд боловсролыг шилжүүлсэн, дэлхий нийтийн чиглэж буй нийтлэг хандлагад нийцүүлсэн суурь шинэчлэл байсан. Харин үүнийг бүрэн хэмжээгээр хэрэгжүүлэх ажил олон жил үргэлжилж байна. Энэ суурь өөрчлөлтийг тусгалгүй, өмнөх жишгээрээ мэргэжилтэн бэлтгэсээр ирсэн. Үүний илэрхийлэл нь саяхан болтол дээд боловсролын “мэргэжлийн” жагсаалтыг яам батлан, түүний дагуу сургуулиудын сургалтын хөтөлбөрийг хянан баталж мөрдүүлж ирсэн явдал юм. Харин энэ жилээс хуулийн дагуу дээд боловсролын сургууль “мэргэжилтэн бэлтгэх” бус, дээд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх чиг үүрэгтэйг үндэслэн бакалаврын хөтөлбөрийн жагсаалт болгож баталсан байна.

    -Мэргэжил сонголтоос хөтөлбөр сонголтод шилжснээрээ ямар давуу талтай юм бэ?

Иргэн хүн боловсролдоо үндэслэн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх “мэргэжилтэн” болохын тулд эрх бүхий байгууллагын тогтоосон журмын дагуу шалгуулж, үнэлүүлж энэ эрхийг эдлэх шинэ зохицуулалт нэгэнт тогтсон. Тухайлбал, эмчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх бол Эрүүл мэндийн яам, багшлах эрхийг Боловсрол, шинжлэх ухааны яам, хуульчийн мэргэжлийн эрхийг Хуульчдын холбоо тусгайлан тогтоосон журмынхаа дагуу олгож байна. Жишээлэхэд, эрхзүйн дээд боловсрол эзэмшсэн хүн бүхэн заавал хуульчийн мэргэжлийн үйл  ажиллагаа эрхлэх албагүй, иймд эрхзүйн  хөтөлбөрт суралцах хүний тоог хуульчаар ажиллуулах орон тоотой тулган хязгаарлах шаардлагагүй гэсэн үг болно. Харин суралцах хүн энэ боловсролоо яаж ашиглах, үүний тулд цаг хугацаа, хөрөнгө хүчээ энэ хөтөлбөрт суралцахад зориулах нь хэр зохистой вэ гэдгээ өөрөө сонгож шийднэ.             

-Бакалаврын хөтөлбөрт шилжсэнээр ямар үндсэн өөрчлөлт орж байгаа вэ?

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, ажлын байрны шаардлага, шинж чанар байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байна. Өнөөгийн ийм  нөхцөлд хөрвөж ажиллах чадварыг сайжруулах үүднээс мэргэжлийн хувьд өргөн суурьтай болгохыг эрмэлзэж, хэт нарийвчилсан зарим хөтөлбөрийг нэг хөтөлбөртхамруулан баталсан гэж ойлгож байгаа. Ингэснээрээ өмнө байсан жагсаалт ихээхэн цомхон болжээ. Харин магистр, докторын шатанд илүү нарийвчлан мэргэших шаардлага, боломжийг тусгана. Эдгээр  шатны хөтөлбөрийн жагсаалтыг одоо боловсруулж байгаа. Хуулиар  тогтоосны дагуу дээд боловсролын хөтөлбөрт суурилсан сургалтын зохион байгуулалтад шилжих ажил жигдэрч, цэгцэрч, эрчимжихэд энэ шийдвэр чухал алхам боллоо гэж үзэж  байна. 

-Энэ өөрчлөлт оюутанд ямар ач тустай байх вэ? Гарч болзошгүй хүндрэл байна уу?  

-Дээд сургуульд элсэхдээ хүн бүр 4-5 жилийн дараа болон түүнээс цааш ямар чиглэлээр ажил хөдөлмөр эрхлэхээ ягштал тогтож баримжаа суусан байх нь  ховор.   Энэ байдал зөвхөн манайд ч биш, хөгжлийн түвшингээр түрүүлж яваа улс орнуудад ч түгээмэл байдаг. Энэ нь ямар чиглэлээр мэргэшихээ сонгоход бэлтгэгдсэн байдлаас гадна хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны хүрээнд маш эрчимтэй өөрчлөлт хөдөлгөөн явагдах болсонтой холбоотой. Ялангуяа хувийн хэвшил давамгайлсан, эдийн засгийн огцом өсөлт тэлэлт явагдаж байгаа нөхцөлд ирээдүйн ажлын байрны хэрэгцээ, түүнд тавих шаардлага ч маш хөдөлгөөнтэй болж байгааг тооцох хэрэгтэй. Сүүлийн хэдхэн жилийн дотор манай хүүхдүүдийн сонголт бизнес, олон улсын харилцаанаас барилга, дараа нь уул уурхай руу ихээр хэлбэлзэж байгааг бид харж байна. Дээд сургуульд сурч байх үедээ мэргэжих чиглэлээ тодотгох, өөрчлөх боломжийг энэ өөрчлөлт нээж баталгаажуулж байна. Өөрөөр хэлбэл оюутан хүний сонгох боломжийг өргөтгөж албажуулж байна гэсэн үг. Энэ нь нэгэнт элссэн явцуухан мэргэжилд уягдаж, өөрчлөх тохиолдолд цаг хугацаа, хөрөнгө зардлын алдагдал хүлээхэд хүрдгийг арилгаж байна. Иймээс юуны түрүүнд оюутан хүний эрх ашигт хамгийн нийцсэн, тэдэнд тустай шийдэл гарлаа.

1990-ээд оноос эхлэн шинэчлэлийг манлайлж, дэлхий нийтээр чиглэж буй энэ зарчимд баримжаалан ажиллаж байгаа олон сургууль онцын хүндрэлгүй хөтөлбөрөө шинэтгэж чадна. Харин “мэргэжилтэн бэлтгэдэг туршлагаа” үргэлжлүүлсээр байгаа зарим сургууль, багш нарын хувьд чамгүй хөдөлмөр зарж, хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Гэхдээ энэ бол бидний хэдийнээ хийх ёстой байсан үүрэг,  хойш тавих шаардлагагүй чухал алхам.

Яам зөвхөн хөтөлбөрт тавигдах шаардлагыг баталдаг болно


МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор  Д.Мөнхжаргал


-Их сургуулиудын шинэчлэлийн гол цөм нь хөтөлбөрийн  шинэчлэл гэж яриад байгаа. Яагаад заавал хөтөлбөр шинэчлэх шаардлагатай гэж? Өнөөгийн байгаа байдлын юу нь болохгүй болчихоод байна вэ?
   

    -Төрийн өмчийн их сургуулиудийн санхүүжилтийн эх үүсвэр нь оюутны сургалтын төлбөрт хэт дулдуйдсан байдал нь тэднийг оюутны тоогоор хөөцөлдөх, хэт явцуурсан мэргэжлээр давхардалихтэйгээрмэргэжилтэнбэлтгэх зам руу түлхсэн. МУИС-д электроник инженер, ШУТИС-д үйлдвэрийн цахилгааны инженер, ХААИС-д хөдөө аж ахуйн цахилгааны инженер гэхчлэн хэт явцуурсан мэргэжлээр давхардуулан бэлтгэж өөр хоорондоо өрсөлдөж иржээ. Ингэснээр эдгээр мэргэжилд тааруулсан сонголт хязгаарлагдмал хэт нарийвчилсан хөтөлбөрүүд бий болох, эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх жижиг тэнхим, сургууль үүсэн бий болох нөхцөлийг бүрдүүлж өгсөн.  Үүнийг өөрчилж өргөн суурьтай боловсролын хөтөлбөрүүдийг бий болгох, хүн хүчээ төвлөрүүлэх, хөрөнгө, санхүү, материаллаг нөөцөө оновчтой ашиглах замаар дээд боловсролд чанарын дэвшил гаргахад төр засгийн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа юм.

-МУБИС-ийн нөхцөл, байдал ямар байна вэ?

    -Манай сургуульд ч гэсэн нөхцөл байдал ижил байна. Тухайлбал, Математик, статистикийн сургуульд математик-физикийн багш бэлтгэж байхад хажуудах Физик, технологийн сургуульд физик-математикийн багш, Компьютер-мэдээлэл технологийн сургуульд мэдээлэл зүй-математикийн багш бэлтгэж байх жишээтэй.  Монгол судлалын сургуульд монгол-орос хэлний багш бэлтгэж байхад Гадаад хэлний сургуульд орос-монгол хэлний багш зэрэгцэн бэлтгэж байгаа юм.Бүрэлдэхүүний сургууль бүр оршин амьдрахын тулд чадах чинээгээрээ зүтгэж элсүүлж болох боломжтой бүхий л нарийвчилсан болон хосолсон мэргэжлийн хөтөлбөрийг өөр хоорондын уялдаа холбоогүйгээр боловсруулан мөрдөж ирсэн байдаг. Математикийн багш, физикийн багш, химийн багшийн мэргэжлийн хөтөлбөрүүд гэхэд л салангид, өөр хоорондоо уялдаагүй боловсруулагдсан, багш боловсролын нэгдсэн үзэл баримтлалд зангидагдаагүй байх жишээтэй.

-Тэгвэл хөтөлбөрийн шинэчлэлийг яаж хийвэл зохистой вэ?

    -ЮНЕСКО-гоос гаргасан хөтөлбөрийн үндсэн чиглэлүүдийг баримтлаж явцуу мэргэжлийн бус багцалсан боловсролын хөтөлбөрүүдийг бий болгохоор ажиллаж байна. Ингэснээр их, дээд сургуулиудын сургалтын төлөвлөгөөг яам баталдаг бус зөвхөн хөтөлбөрийн чиглэлээр сургалт явуулах зөвшөөрөл олгодог болох юм. Сургуулиуд өөрсдөө хөтөлбөрөө оюутныхаа эрэлт хэрэгцээ, сонголтонд нийцүүлэн уян хатан боловсруулах боломж нээгдэж байна гэсэн үг. Тухайлбал,  хими, физик, биологи, газарзүйн багш гэсэн нарийвчилсан мэргэжлээр элсэх бус байгалийн ухааны боловсролын хөтөлбөрт элсээд явц дундаа үндсэн /major/ болон /minor/ хөрвөх мэргэжлийн чиглэлээ оюутан өөрө сонгох боломжийг бүрдүүлэх юм.   

-Танай сургуулийн хувьд хичнээн хөтөлбөрийн чиглэл гарах бол?

    -Одоогийн байдлаар манай сургууль БШУЯ-аас 34 нарийвчилсан мэргэжлээр тусгай зөвшөөрөл авч, 34 сургалтын төлөвлөгөө батлуулдаг. Харин энэ шинэ индексээр 10 орчим өргөн суурьтай боловсролын хөтөлбөрөөр сургалт явуулах юм.    

Мэргэжлийн чиглэл индексийг хөтөлбөр болгосноор  инженерүүд
хөрвөх чадвартай болно

БШУЯ-аас “Мэргэжлийн чиглэл, индекс”-ийг шинэчлэн батлаад байна. Ингэснээр их дээд сургуулиудын мэргэжлийн чиглэл цөөрч байгаа бөгөөд энэ талаар  ШУТИС-ийн ректор Б.Очирбаттай ярилцлаа.

-Инженер, технологийн чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийн ангилал, индекс хэрхэн өөрчлөгдсөн бэ
?

-ШУТИСөнөөдөр БСШУ-ны Сайдын 2010 оны 235 тоот тушаалаар батлагдсан нийт 137 бакалаврын мэргэжлийн чиглэл, индекстэй сургалтын хөтөлбөрийг мөрдөж байна. Үүнээс Инженер, технологийн чиглэлийн хөтөлбөр – 106 /77,4%/, нийгмийн ухаан, менежмент, гадаад хэл, дизайны чиглэлийн хөтөлбөр – 31 /22.6%/ байна. БШУ-ны Сайдын тушаалаар 2014 онд шинэчилж баталсан хөтөлбөрийн индексийн дагуу инженер, технологийн чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрийн индексийн тоо 69 болж байна.

-Ямар үндэслэлээр мэргэжлийн хөтөлбөрүүдийн индекс шинэчлэгдсэн бэ?

-ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдийг олон улсын стандартад нийцүүлэн ангилж, индексүүдийг шинэчлэх санал, үндэслэлийг дараах хүчин зүйлүүдтэй холбон авч үзсэн. Үүнд:

  • Бакалаврын түвшний мэргэжлүүдийн тоо хэт олширч, сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх болсон, мөн зарим мэргэжлийн оюутны тоо цөөрсөн;
  • Мэргэжлийн давхардал ихсэж, мэргэжлийн нэр, ангилал, сургалтын агуулга олон улсын стандартаас зарим талаар хоцорсон;
  • Мэргэжил хэт нарийссанаас зарим мэргэжлээр төгсөгчдийн ажил эрхлэлт багасах хандлагатай болсон;
  • Сургалтын орчин, материаллаг баазын хүрэлцээ хангамж сул, зарим газруудад сургалт, судалгааны лабораторийн давхцал үүссэн, ашиглалт хангалтгүй.
  • Нэг багшид ноогдох оюутны тоо 19,5 байгаа нь сургалтын чанарт сөрөг нөлөөтэй болсон  /Олон улсын их сургуулиуд дунджаар 12-15 байдаг/.
  • Бүрэлдэхүүн сургуулиудийн удирдлага, мэргэжлийн хөтөлбөр хариуцаж буй профессоруудтай одоо мөрдөгдөж буй сургалтын хөтөлбөрийн талаар ажлын хэсэг уулзалт, ярилцлага хийн, хөтөлбөрүүдийг олон улсын ангилалд нийцүүлэн хэрхэн өөрчлөх талаар тэдний саналыг үндэслэн боловсруулсан нь чухал ач холбогдолтой.

-Мэргэжлийн чиглэл олон улсын ангилалын дагуу өөрчлөгдсөнөөр ямар давуу тал буй болж байгаа вэ ?

-Мэргэжлийн чиглэл индексийг хөтөлбөр болгож хамрах хүрээг өргөтгөснөөр хөтөлбөр нь уян хатан, бэлтгэн гарч буй инженерүүд хөрвөх чадвартай болно. Олон улсын боловсролын нэгдсэн ангилал, жишигт нийцсэн сургалтын хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулснаар их сургуулийн олон улсад өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.Бакалаврын түвшний инженерийн боловсролыг ерөнхийлж, хэт олон давхардсан мэргэжил болон хичээлүүдийн тоог багасгана.Мэргэжлүүдээр багцын сургалт бодит утгаараа хэрэгжин, сургалтын чанар, санхүүгийн хувьд үр ашигтай болох боломж бүрдэж байна.Багш, оюутны тооны зохистой харьцаа бий болсноор багшийн оюутан бүрт хүрч ажиллах цаг хугацаа, боломж цаашид нэмэгдэнэ.Сургалтын арга технологид “Олон улсын инженерийн боловсролын шинэчлэлийн шинэ систем болох CDIO”-г нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлнэ.

Мэргэжил хоорондын хамтын ажиллагаа хөгжих  боломжтой

МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал О.Мөнхбатаас тодрууллаа.

-Мэргэжлийн индексийг шинэчлэх  болсон шалтгаан нь юу байсан юм бол?

-Мэргэжлийн индексийг шинэчлэх асуудал бол дээд боловсролын шинэчлэлийн тулгуур багана гэж би ойлгож байгаа. ЮНЕСКО-гийн  боловсролын стандарт ангилал гэж байдаг. Энэ стандарт 2013 онд шинэчлэгдсний дагуу Боловсрол, шинжлэх ухааны  яамнаас мэргэжлийн индексийг цэгцлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан мэргэжлийн сургуулиадын сургалтын алба хариуцсан хүмүүс, судлаач эрдэмтэд  ажлын хэсэг болж ажиллаж  индексийг шинээр боловсруулж гаргасан ирсэн. Манай улсын хэмжээнд 800 гаруй мэргэжлээр бакалврын зэрэг олгодог байсан бол индексийн шинэчлэлээр 175 орчим чиглэлээр бакалврын зэрэг олгохоор болж байна. МУИС-ийг төлөөлөн ярьж байгаа хүний хувьд индексийн шинэчлэлийн  ач холбогдлыг хэдэн зүйлээр харж байгаа. 1990 оноос хойш их, дээд сургуулиудад хийгдсэн бодлогын хүрээнд олон хүндрэл бэрхшээл гарч байсан. Түүний дотор их, дээд сургуулиудаас эзэмшүүлж байгаа мэргэжлийн нэр томьёо нэлээд хүнд  асуудлуудыг нэг  болж хувирсан. Яагаад гэвэл,  зах зээлийн харилцаанд  орсноор  их, дээд сургуулиуд оюутнуудынхаа төлбөрөөр амь зогоодог  болсон. Тэгээд оюутнуудаа зах зээлээс татаж авахын тулд янз бүрийн шинэ мэргэжлийг зохиож эхэлсэн. Энэ дотор шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжил бий. Гэхдээ ихэвчлэн элсэгчдийг татахын тулд хүний чихэнд сонсголонтой сонсогдох зах зээлд эрэлттэй байж болох гэсэн утгаар олон мэргэжлийг шинээр зохиож гаргаж ирсэн.Тэр дунд дэлхийн  хаана  ч байхгүй мэргэжлүүд ч явж байгаа. Эсвэл нэг хөтөлбөрийн хүрээнд 2-3 мэргэжлийг давхар эзэмшүүлдэг асуудал гарсан. Үүнийгээ дагаад бид дэлхийн хаана ч байдаггүй мэргэжлээр  бэлтгэгдсэн  хүмүүсээ  хөдөлмөрийн ямар  зах зээл дээр борлуулах юм бэ гэдэг асуудал сүүлийн жилүүдэд тулгарч байна. Өөрөөр хэлбэл, сонин гоё нэртэй мэргэжлээр төгссөн хүмүүст ажлын байр алга. Нөгөө талаасаа  маш олон мэргэжил бий болоод ирэхээр багш нарын хувьд ч гэсэн янз бүрийн хичээлийг тухайн мэргэжилдээ тааруулаад зохиож эхэлсэн нь салбар дундын өрөслдөөнийг хумисан.Шинэчилсэн индексээр энэ байдал өөрчлөгдөж байгаа. Манай МУИС дээр 180 гаруй мэргэжлээр бакалаврын зэрэг олгож байсан бол шинэчилсэн индексээр энэ тоо 80 орчим болж буурсан.

-Шинэчилсэн индексээс харахад олон мэргэжил хасагдаж байгаагийн цаана олон багш ажилгүй болж байна гэсэн ойлголт яваад байгаа?

-Энэ бол маш буруу ойлголт байна. Багш оюутнуудын орон тоо цөөрч байгаа асуудал огт биш. Харин олон задарсан мэргэжлийг нэгтгэж нэг журманд оруулж, системтэй  болгож буй ажил юм. Ингэснээр  шинжлэх ухаан  хөгжих боломж илүү тавигдаж эхэлнэ, мэргэжлийн сургалтын чанар дагаад сайжирна. Багш нарын хувьд өөр өөрсдийн хичээлийг санал болгох боломж  нь хэвээрээ байгаа. Дээр нь оюутнуудын сонголт нэмэгдэж байна. Оюутнуудын хөрвөх чадварыг сайжруулах үүднээс хавсран мэргэжих хөтөлбөрийг олноор гаргаж өгөх боломж нээгдэж байгаа. Тодруулбал оюутан  өөрийнхөө үндсэн мэргэжлийг эзэмшихээс гадна өөртөө шаардлагатай гэж үзэж байгаа хавсран мэргэжих чиглэлүүдээр тодорхой кредит судлаад, хөрвөх чадвар нь  нэмэгдэж  ирнэ гэсэн үг.  

-Хөтөлбөр сонгоод ирэхээр салбар дундын хамтын ажилллагаа хөгжинэ гээд байгаа. Яаж хөгжих вэ?

-Индексийн тусламжтайгаар хөтөлбөрүүдийг цэгцлээд ирэхээр мэргэжил хоорондын хамтын ажиллагаа хөгжих  боломжтой болж байгаагаараа энэ ажил давуу талтай. Өнөөдөр шинжлэх ухааны хөгжил өөрөө салбар хоорондын хамтын ажиллагаан дээр тулгуурлаж эхэлж байна. Тиймээс салбар дундын хөтөлбөрөөр мэргэжлийн зэрэг эзэмшиж байгаа хүмүүст энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Өмнө нь хэдэн зуун  мэргэжлийн дотроос  салбар хооронд зохицуулалт хийнэ гэдэг боломжгүй зүйл байсан. Яагаад гэвэл тэнхим болгон өөр өөрийгөө хашчихсан. Бусдыгаа тийшээ оруулдаггүй, өөрөө ч тийшээ очдоггүй байлаа. Одоо үндсэндээ шинжлэх ухааныхаа хүрээнд нэг мэргэжлийн чиглэлээр зэргийн сургалт яваад ирэхээр тэрийгээ дагасан судалгааны ажлууд хамтарч хийх боломжтой болж байна. Дээр нь өөр чиглэлийн мэргэжлүүдийг бэлдэх боломж нээллтэй болж байгаа. Тухайлбал манай дээр эдийн засгийн тэнхим байна. Хэрэглээний математикийн тэнхим байна. Энэ хоёр хамтраад хамтын хөтөлбөрөөр эдийн засгийн статистикч бэлдэж болж байна. Энэ нь бусад мэргэжлүүд дунд ялангуяа салбар дундын  хөтөлбөрүүдийг хөгжүүлэх боломжийг өгч байгаа юм.  

Л.БҮРЭН


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж