Физикийн олимпиадын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2014.04.05-нд нийтлэгдсэн

Физикийн олимпиадын шилдгүүд тодорлоо

Монголын Физикийн олимпиадын Улсын хороо, Нийслэлийн боловсролын газар, Хо Ши Миний нэрэмжит, Улсын тэргүүний 14 дунд сургууль, “Үүрэг трейд” компаниас зохион байгуулдаг Монгол Улсын гавьяат багш Б.Оргойн нэрэмжит Нийслэлийн физикийн олимпиадын дүн өнгөрсөн пүрэв гаригт гарсан байна. 35 дахь жилдээ зохиогдож буй тус олимпиадад Нийслэлийн есөн дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид оролцож долдугаар ангийнхныг Нэгдүгээр дунд сургуулийн сурагч О.Эрхжин, наймдугаар ангийг Сант сургуулийн сурагч А.Дөлгөөн, есдүгээр ангийг Нэгдүгээр дунд сургуулийн сурагч Б.Төрхүү, 10 ангийг Сант сургуулийн сурагч Б.Хосгэрэл, шилжилтийн 11 ангийг 11 сургуулийн сурагч Ж.Төгөлдөр, 11 ангийг Нэгдүгээр дунд сургуулийн сурагч Б.Бат-Амгалан, Орчлон сургуулийн 12 ангийн сурагч Д.Буммэнд нар тэргүүлж алтан медаль хүртжээ. Багийн дүнгээр Сант сургууль тэргүүлж алтан медаль хүртсэн бол Нэгдүгээр дунд сургууль, Орчлон сургууль удаах байрыг эзэлсэн байна.

Монгол Улсын Гавьяат багш Б.Оргой нь физикийн гүнзгийрүүлсэн сургалтыг 1973 онд Монгол Улсад анх удаа зохион байгуулж, монголын физикчдийг бэлтгэж эхэлсэн түүхтэй. Түүний шавь нар дотроос физикч эрдэмтэд олноор төрж, анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Сү.Батболд, УИХ-ын гишүүн асан Б.Мөнхтуяа, Монгол банкны Ерөнхийлөгч Ц.Үнэнбат нарт багшилж байсан аж. Тус олимпиад физикч Б.Оргойн нэрэмжит болсоноос хойш 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. Зохион байгуулагчид шагналын санг хоёр жилийн өмнөөс нэмсэн нь физикийн хичээлд сонирхолтой олон хүүхдийг хамруулж чаддаг болжээ. Энэ удаагийн олимпиадын түрүүг хүртсэн сурагчид одоо улс болон Азийн физикийн олимпиадад бэлтгэж эхлэх гэнэ. Олон улсын олимпиадаас манайхан жил бүр хүрэл, мөнгөн медальтай ирдэг. Харин энэ удаа медалийнхаа өнгийг алт болгон хувиргах зорилго тавьж байгаа аж. Тив дэлхийн олимпиадад тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд өдгөө Япон болон АНУ-ын их дээд сургуулиудад амжилттай суралцаж байгаа юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж