Тансаг хэрэглээгээ танахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2014.04.07-нд нийтлэгдсэн

Тансаг хэрэглээгээ танахыг уриалав

Энэ жилийн Монголын эдийн засгийн чуулганд идэвхтэй оролцсон бизнес эрхлэгчид болон эдийн засагчдын төлөөлөл хамтран өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хуралд Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Бямбасайхан, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд, “Урбанек” компанийн захирал Б.Лхагважав, “Таван богд” группын ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Эдийн засагч Б.Дөлгөөн, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг зэрэг бизнес эрхлэгч, эдийн засагчдын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Энэ үеэр Монголын эдийн засгийн чуулганы үеэр ярилцсан гол сэдэв болон бизнес эрхлэгчдийн гаргасан уриалгыг онцоллоо.

Тав дахь удаагийн Эдийн засгийн чуулганаар “Монголдоо бүтээцгээе” уриаг дэвшүүлж, ярилцсан бөгөөд чуулганаар асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш, ажил хэрэг болгохын төлөө өнөөдөр ийнхүү бизнес эрхлэгчдийн уриалгыг бодлого боловсруулагчид, нийтийн өмнө дахин дэлгэн тавьж буй. Уриалгад хэд хэдэн багц асуудлаас бүрдэх саналууд байна.

Нэгдүгээрт, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт, ухаалаг бодлого хэрэгтэй гэв. Үүнд Монгол Улс хэрэглэгч улсаас үйлдвэрлэгч улс руу бүрэн шилжих, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, ажлын байрыг нэмэх, валютаар авдаг импортыг орлуулах стратегитэй байх, бүгдийг үйлдвэрлэж чадахгүй ч импортыг орлуулахын тулд хүнд, хөнгөн үйлдвэрүүдээ төрийн тууштай бодлогоор дэмжих,

Хоёрдугаарт, тансаг хэрэглээг танах. Орон сууцны санхүүжилтийн системийг удаан үргэлжлүүлэх буюу найман хувийн зээлийн тэнцвэртэй байдлыг хангах, импорт, валютын ханшийг хөөргөдсөн тансаг хэрэглээг танах, гуравдугаарт, хөгжлийн бодлогоо гаргаж, явах зам, хүрэх зорилгоо тодорхойлох. Эдийн засгийн хөгжлийн бодлогыг аль ч парламент, Засгийн газрын үед өөрчлөхгүй байх хэрэгтэй гэсэн үзэл санаанд бизнес эрхлэгчид ийнхүү нэгдэж байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж