Би 10 мянган хүүхдийн хүйн ээж болсон

Хуучирсан мэдээ: 2010.06.24-нд нийтлэгдсэн

Би 10 мянган хүүхдийн хүйн ээж болсон

Mонгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны  тэргүүлэх зэргийн профессор  Б.Бүлтэнтэй  ярилцлаа. Тэрбээр өдгөө 30 гаруй жил  эх барих эмэгтэйчүүдийн эмч хийж, охид бүсгүйчүүдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байгаа ачтан билээ.
-Тантай уулзахад амаргүй юм. Эмнэлэг дээр тань ирээд гурван цаг хүлээлээ?
-Удаан хүлээлгэсэндээ хүлцэл өчье. Долоо хоног Сүхбаатар аймгийн хамгийн захын сум Эрдэнэцагаанд охид, эмэгтэйчүүддээ үнэ төлбөргүй үзлэг хийгээд дөнгөж ирээд байж байна. Тус сумын эмэгтэйчүүд маань тэр бүр хот хүрээ, аймаг орж эмчид үзүүлж чаддаггүй юм билээ. Тэнд нийт 500-аад эмэгтэйд үзлэг хийсэн. Тиймээс энд ажил нэлээд хуримтлагдсан байлаа.
-Тэдний биеийн байдал ямар байна?
-Ихэнх нь эрүүл байсан. Гэхдээ янз бүрийн эмгэг илрүүлж, зөвлөгөө өгсөн.
-Таныг хурдны морь унаж олон айраг түрүү авч байсан гэж сонссон?
-Тийм ээ. Зургаан настайгаасаа 16 хүртлээ хурдны морь унасан. Жижиг биетэй болохоор аав маань надаар морио унуулах их дуртай. Миний  унадаг улаан морь аймаг сумандаа алдартай алтан туурайтан байсан. Намайг аравдугаар ангид байхад улаан морь маань түрүүлээд ирэхэд өөрийн эрхгүй хамрын самсаа шархирч, магнайн үснээс татах шиг болж билээ. Алтан туурайтны босоо цагаан хийморь, эерэг энерги нь миний амьдралыг түшсэн гэж боддог. Хурдан морин дээр “дарцаглаж” өссөний буянаар амьдрал маань өөдрөг сайхан явна гэж билэгшээдэг. Одоо манай нутгийн аавын үеийн хөгшчүүл “Бүлтэн чи улаан морио унаад яаж түрүүлж байснаа яриач” гэдэг. Би ч ёстой өнгөтөөр ярина шүү дээ/инээв/. Аав ээж маань нутаг усандаа эрүүл саруул сайхан амьдарч байгаа. Миний аав аймаг сумын алдарт уяач. Тиймээс би аавынхаа ачаар хурдан буян, монгол ахуйтай дэндүү ойр өссөн дөө. Аав ээж хоёр маань арван хүүхдээ гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн цаглашгүй их ачтан.
– Та ханийнхаа хайрын захидлыг өвөртлөөд морин дэл дээр “хийсч” явсан гэдэг.  Таны хань бас чамгүй сайн уяач байх аа?
– Тийм ээ. Би ханьтайгаа арван жилд байхаасаа жирийн сайхан үерхэж нөхөрлөсөн.  Энэ үерхэл нь хожмоо хайр сэтгэл болон хувирч, хань ижил болоод  гурван сайхан хүүхэдтэй болсон доо.
-Хурдан морь унаж явсан бүдүүн баргийн хүн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч болтлоо олноо хүндлэгдэнэ гэж бодохоор нэг л санаанд бууж өгөхгүй юм?
-Би багаасаа л эмч болохыг мөрөөддөг байсан. Ээж маань олон хүүхэд төрүүлэхдээ гэртээ амаржих үе байлаа. Энэ бүгдийг хараад эх үрсийг эсэн мэнд амаржуулдаг сайхан эмч болох юмсан гэсэн гэгээн мөрөөдөлд автсан даа. Тэр мөрөөдөл маань ч биелэлээ. Монголынхоо охид, эмэгтэйчүүдийнхээ эрүүл энхийн манаанд 30 гаруй жил зүтгэхдээ  дандаа баяр баясгалантай байсан гэвэл өрөөсгөл ойлголт болно. Эмч хүнд баяр гуниг зэрэгцэж байдаг. Гэхдээ бурханы авралаар ихэнхдээ баяр баясгалантай байсан шүү.
-Та арай л даруухан хэлээд байна.  Таныг Монголд төдийгүй дэлхийд алдартай эмч гэдэг юм билээ. Орос, америкчууд алтан гартан хэмээн ихэд “шүтсэн” гэсэн?
-Гадаад дотоодын олон эх, эмэгтэйд үйлчилж байсан. Энэ нь Монголд гадаадынхан олноор амьдарч байгаатай холбоотой байх. Америк, Солонгост амьдарч байгаа монголчуудынхаа урилгаар очиж, үзлэг оношлогоо хийж байсан. Тэнд манай сэтгүүлчид ярилцлага авсан.  Гадаад оронд явахад туршлага сайн судалдаг.  Би хоёр жил Ленинград хотод мэргэжил дээшлүүлж, тэдний эмч нартай эн зэрэгцэн ажиллаж байлаа.  Яагаад гэвэл би эх орондоо чамгүй сайн туршлага хуримтлуулсан юм. Эмч гэдэг олонд ээл буянаа хайрласан сайхан мэргэжил шүү дээ.
-Таны нэр монголын хамгийн ховор нэртэй хүмүүсийн жагсаалтанд орсон байна лээ. Ингэхэд яагаад танд Бүлтэн гэж нэр өгсөн юм бол?
-Анх эхээс мэндлэхдээ бүлтийтэл том харсан юм гэнэ лээ. Тэгээд л  аав ээж хоёр маань өхөөрдөөд  Бүлтэн гэж нэр өгсөн гэдэг.  Би тэр нэрсийн жагсаалтыг харсан. Бүлтэн гэж бичээд дор нь эмч гэсэн байсан. Монголд ховор сонин нэртэй хүн зөндөө л байдаг юм билээ. Одоо ч миний нэр ховор биш болсон байх аа. Эх барьж авсан хүүхдүүдийн аав ээж нь билэгшээгээд Бүлтэн гэж нэрлэж байсан тохиолдол нэлээд бий шүү. Удахгүй хэдэн жилийн дараа Бүлтэн нэртэй олон сайхан эмч төрөхийг үгүйсгэхгүй. Монгол хүн амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ.
-Ховор нэр гэснээс таныг танихгүй хүн Монголд ховор байх шүү?
-Нээрээ тийм шүү. Ер нь ихэнх хүн андахгүй. Таксины жолооч залуу нэг удаа “Таны нэрийг Монголд мэдэхгүй хүн байхгүй.  Яг л одууд шиг нэр чинь түгсэн байдаг ш дээ” гэж билээ.
-Төрөх  эмнэлгүүдийн  асуудал үнэхээр хүнд байх үед танай “Таны төлөө бид” эмнэлэг “амь тариа” залгасныг асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа?
-Тийм ээ. Тухайн үед манай эмнэлэг ашиглалтад ороод хоёр сар болж байсан. Дүн өвлийн хүйтэнд I,II амаржих газрын эхчүүдийг  гурван сарын хугацаанд хүлээн авч, эсэн мэнд амаржуулсандаа сэтгэл өег байдаг.
-Асашёорюү Д.Дагвадорж танай эмнэлэгт өөрийн биеэр зочилж, эхчүүдэд баяр хүргэж байсан?
-Японы сумо бөхийн 68 дахь их аварга маань манай эмнэлэгт II төрөх байрлаж байхад ирсэн.  Учир нь их аварга тус амаржих газар мэндэлсэн юм билээ. Тэр үед амаржсан эхчүүдэд баяр, нярай хүүхдүүдэд өөрийнхээ нэртэй өлгий бэлэглэсэн. Түүнчлэн их аваргыг манай эмнэлэгт зочилж байхад нь мэндэлсэн хүүхдэд бэлгэ дэмбэрлийг бодож, өөрийнхөө нэрийг хайрласан сайхан үйл явдал болсон доо.
-Ингэхэд танай эмнэлэгт яагаад хүн төрж болдоггүй юм бэ. Их тохитой сайхан юм?
-Хүн төрүүлэх хүсэлтээ дээд шатны байгууллагад гаргаад байгаа. Гэвч  одоог хүртэл хариу нь ирээгүй. Тэгж байгаад нааштай шийдэх байх гэж бодож байна. Манай эмнэлэгт төрөх хүсэлтэй хүн их байдаг. Гэхдээ хүн  төрүүлэх албан ёсны зөвшөөрөлгүй болохоор хүсэлтийг нь хүлээн авч чаддаггүй. Тэр хүмүүсийн ихэнх нь гадаадад очиж амаржсан байдаг юм билээ. Уг нь дотооддоо зөвшөөрлийг нь олговол зүгээр юм даа гэж боддог.
-Төрөх эмнэлэг гэснээс  таны ажлын  анхны гараагаа эхэлсэн I амаржих газарт иж бүрэн засвар хийсэн. Шинэхэн  баригдсан байр шиг болохоор хуучин дурсамж тань санагдаж байв уу?
-Тэгэлгүй яахав. Би I төрөхийнхөө шинэ байрыг анх ашиглалтад ороход ажилд орж байлаа. Түүнээс хойш өнөөг хүртэл иж бүрэн засварт анх удаа орж байна. Энэ засварыг хийхэд Засгийн газраас хөрөнгө мөнгө гаргасанд эмч ажилчид бид баяртай байгаа. Тус амаржих газарт маань Улаанбаатар хотын гурван хүн тутмын нэг, Монгол Улсын хүн амын найман хүн тутмын нэг нь мэндэлсэн байдаг. Нийт 300-аад мянган хүн амаржсан гэдэг юм билээ.
-Монгол Улсын хүний гавьяат эмч Б.Үйлст та хоёр олон жил хамт ажилласан?
-Алс баруун зүүн хязгаарынх шүү дээ бид. 30 жил гар, сэтгэл нийлж хамт ажилласан сайхан найзууд.  Б.Үйлст эмч нэр шигээ буян бүтээсэн олон сайхан хүүхдийн хүйн ээж болсон доо.
-Та хичнээн хүүхэд эх барьж авсан бэ. Хамгийн сүүлд ямар хүүхэд эх барьж аваад байна?
-30 гаруй жилийн хугацаанд 10-аад мянган хүүхэд эх барьж авсан байдаг. Хамгийн сүүлд 18 жилийн дараахи төрөлтийн хүү эх барьж авлаа. Энэ олон мянган хүүхэд дунд ихэр, бүр гурван ихэр ч хүүхэд байсан.
-Нээрээ гурван хөөрхөн охин байдаг гэсэн үү. Одоо хэдэн настай юм бэ?
-Өө их том болсон.  Бас эрэгтэй дүүтэй. Их авьяаслаг хөөрхөн охид бий. Тэднийг маань аав ээж, ах дүү нь их сайхан орчинд эрүүл саруул өсгөж байгааг харахад сайхан байдаг.
-10 мянган хүүхэд эх барьж авна гэдэг үнэхээр ховорхон заяа. Энэ сайхан мэргэжлээрээ бахархаж омогшиж байсан үе зөндөө бий байх. Тэр сайхан дурсамжаасаа хуваалцаач?
-1994 онд санагдана. Төв аймгийн Борнуур суманд  жирэмсэн хүн цус алдаад шоконд орлоо гэсэн дуудлагаар унтуулгын эмч, сувилагчтайгаа очсон. Гэтэл залуухан эмэгтэй хөдөлгөж болохгүй шоконд орсон байсан. 2-4 насны хоёр хөөрхөн хүү, хань нь биднээс аврал ирсэн харцаар харахад амийг нь ямар нэгэн аргаар байгаа нөхцөл бололцоогоо ашиглаад аваръя л гэж бодсон. Тэгээд гэрийн нөхцөлд яаралтай хагалгаа хийх болоод гаднаас цас оруулж ирж, гэрийнх нь агаарыг цэвэршүүлж байгаад л хагалгаа хийсэн. Хагалгаа ч амжилттай болж тэр эмэгтэйг сумынх нь эмнэлэгт хүргэж өгч сая нэг амьсгаа авч байж билээ. Энэ л үед эмч болсондоо баярлаж, бахархаж байсан. Ер нь алхам тутамдаа энэ сайхан мэргэжлийнхээ үр өгөөж, ач буяныг эдэлдэг дээ.
-Хэрвээ гэрийн нөхцөлд  хагалгаа амжилтгүй болсон бол нэлээн асуудал үүсэх байсан байх даа?
-Тэгэлгүй яахав.  Боломж байсан бол эмнэлэгт аваачих л байсан.  Даанч ямар ч боломжгүй  байсан учраас  гэрийнхэнтэй нь зөвлөж, амь насыг нь аврах заалтаар орсон доо. Үүнээс өөр ямар ч гарц байгаагүй.
-Таныг Монголын алдартай хүмүүсийн хүүхдийг эх барьж авдаг гэсэн яриа байдаг юм билээ?
-Дарга сайд, олны танил янз бүрийн л хүмүүс эхнэр, ах дүү, хамаатан садныхаа хүүхдийг эх бариулах санал тавьдаг. Хэрвээ манай эмнэлгийн харьяанд байвал эх барьж авахыг л бодно шүү дээ. Гэхдээ би тангараг өргөсөн эмч хүний хувьд алдартай, алдаргүй, дээд доод  хүний үр гэж ялгаж байгаагүй.  Үүнийг надаар үйлчлүүлсэн хүмүүс  мэдэх байх.
-Ажил мэргэжилтэй нь холбоод үзсэн ч хамгийн сайхан баяр “Мартын 8” байдаг байх даа?
-Энэ баярыг дан ганц Монголд төдийгүй олон улсад тэмдэглэдэг шүү дээ. Өнгөрсөн жилийн “Мартын 8”-аар “талх чихэр” ХК-ийн хамт олонтой хамтран манай эмнэлэгт эмчлүүлж байгаа эхчүүдээ тус компанийн бүтээгдэхүүнээр гарын бэлэг барьсан. Ингэж эхчүүдтэйгээ хамт тэмдэглэсэн минь сайхан сэтгэгдэл үлдээсэн.
-Та өөрийгөө Монголын нэртэй эмч нарын нэг гэдэгтэй санал нийлэх үү?
-Үүнийг би хэлж мэдэхгүй шүү дээ. Эмч хүнийхээ эрхэм үүргийг гүйцэтгэж яваа жирийн л нэг эмэгтэй. Дээрх асуултанд тань манай хамт олон, охид, бүсгүйчүүд маань хариулах байх.
-Эрчүүд маань эхнэрээ төрж байхад  нь хажууд нь байх сонирхолтой болжээ. Ер нь энэ зөв үү?
-Зөв байлгүй яахав. Гэхдээ эрчүүд маань эхнэрээ халамжлах гэж ороод өөрсдийгөө халамжуулах үе бий. Дотор нь эвгүй болох, ухаан алдах тохиолдол гардаг. Эхнэрээ яаж зовж үр хүүхэд төрүүлж байхыг нь хараад хайрлах сэтгэл нь улам ч нэмэгддэг байх.  Энэ нь гэр бүлийн бат бэх байдалд нөлөөлдөг гэж боддог шүү. Мөн эцэгүүдээр нь хүүхдийнх нь хүйг хөндүүлэх тохиолдол бий.  Энэ үед  эцэг хүн ихэд баярлаж, билэгшээж байгаа харагддаг.
-Он гарсаар манай улсад хоёр ч сиамын ихэр төрлөө. Энэ юутай холбоотой вэ?
-Ер нь ургийн гаж хөгжил их олон шалтгаантай. Сүүлийн үед ихсэх хандлагатай байгаад эмч хүний хувьд сэтгэл зовинодог. Хоол хүнс, агаар орчин, удамшил, янз бүрийн архаг өвчнөөс улбаалж болно. Сиамын ихэр үнэхээр ховор бөгөөд сонин тохиолдол. Гадаадад сиамын ихэр амьд төрөөд бас өөр өөрийн эхнэртэй байхыг зурагтаар харсан.  Ер нь ургийн гаж хөгжлийг эрт оношлуулах хэрэгтэй.
-Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт болон  бэлгийн замын халдварт өвчин газар аваад байгаа гэсэн?
-Тэр үнэн.  Намайг анх эмч болох үед  өсөлтгүй жирэмслэлт өдрийн од шиг байлаа. Харин одоо өдөрт 1-2-ыг оношилж, илрүүлж байх юм. Үүнийг судалбал олон шалтгаан бий. Тухайлбал, агаар, эцэг эхийн үрэвсэлт өвчин, бэлгийн замын өвчин нөлөөлж болно. Би “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” гэж ярих дуртай. Охид бүсгүйчүүд маань эх болохын тулд өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Өвчнөө эмчид үзүүлж, илрүүлж байж, жирэмслэх нь зүйтэй.  Бэлгийн замын олон өвчнийг нэрлэж болно. ДОХ, заг хүйтэн, тэмбүү, трихомониад, бэлгийн үү, мөөгөнцөр  гэх мэт. Эдгээр өвчнөөр дунджаар 18-45 насныхан өвчилөх нь элбэг. Энэ төрлийн өвчин авахад өөрт ямар нэгэн зовиур, шинж тэмдэг заавал илэрдэг.  Бэлгийн замын өвчин маш олон сөрөг нөлөөтэй. Халдвар тараах, олон жил эмчлүүлээгүйгээсээ болж ужиграх, үргүйдлийг хүртэл үүсгэдэг.
-Бэлгийн замын өвчнөөр өвчлөөгүй атлаа үргүйдэлтэй хүн байдаг?
-Үргүйдлийн шалтгааныг яривал хугацаа их орно. Ер нь тогтмол бэлгийн харьцаанд ороод хоёр жил болоход жирэмслэхгүй бол үргүйдэл гэж үзэж, эмчид хандах хэрэгтэй. Үргүйдэлд өндгөвчний үйл ажиллагаа маш чухал. Өндгөвч бол эмэгтэй хүний ганц “толь” шүү дээ.  Тэр ч байтугай нүдний гал, нүүрний байдал инээмсэглэл хүртэл өндгөвчтэй холбоотой. Мөн үрийн хоолой, умайд үрэвсэлт өвчин байвал үргүйдэл үүсч болно. Өгсөх замын халдвар гэж бий. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин дээш тархаж, бусад эрхтнүүдийг өвчлүүлэх явдал юм. Түүнчлэн удамшил, эд эрхтний гаж хөгжил дээрх шалтгаан болдог. Тийм учраас эмчид хандаж, оношлуулах хэрэгтэй.
-Умайн гаднах жирэмслэлт нэлээд элбэг болжээ.  Үүнийг эрт оношлуулж болох уу?
-Үрэвсэлт өвчнүүд гол шалтгаан нь шүү дээ.  Орчин үед эрт оношлуулж болно. Маш өндөр хүчин чадалтай эхо аппарат элбэг болсон байна.  Ер нь эмэгтэйчүүд өөрсдөө л эмчид эрт хандах нь зүйтэй. Сарын тэмдэг ирэхээ болимогц умайн гадна байна уу, дотор байна уу гэдгийг оношлуулах шаардлагатай. Умайн гадна болон дотроо зэрэг жирэмслэх тохиолдол бий.  Энэ нь маш ховор.
-Таны утас байнга л дугарах юм. Арай шөнө утсаа унтраадаггүй юм биш биз дээ?
-Хэзээ ч утсаа унтраадаггүй. Заримдаа “шөнө аав ээж маань утсаа салгачихсан байсан. Яг амин чухал үед таны минь л утас нээлттэй байх юм даа” хэмээн бүсгүйчүүд ярихыг олон удаа сонсч байсан.
-Санаснаар болдог бол Б.Бүлтэн эмчид л үзүүлэх юмсан. Даанч тэр алтан гартан бидэнд олдохгүй байх. Томчуудыг үздэг юм гэнэ лээ гэсэн яриа бий. Энэ үнэн үү?
-Үгүй ээ. Манай эмнэлгийн төлбөр тийм ч өндөр биш шүү дээ. Тэгээд ч эмзэг бүлгийн хүмүүст хямдралтай үнээр болон үнэ төлбөргүй үзлэг хийнэ гэсэн журмыг баримталдаг.
 -Та олон хоног хөдөө орон нутагт ажиллаад өнөөдөр маш их ачаалалтай ажилласан. Тэгсэн атлаа надаас огт цааргалсан шинжгүй яриа өгөх юм ?
-Хэдийгээр бие минь ядарсан ч сэтгэл зүрх нь шантраагүй болохоор тоодоггүй юм аа. Тэгээд ч хэн хэнийхээ ажлыг хүндэтгэж байгаа хэрэг л дээ “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэг үгийг хэлэх дуртай.
-Уучлаарай ганцхан асуулт. Сүүлийн үед үр суулгах гэж ярьдаг болжээ?
-Энэ бол буянтай ажил. Үр хүүхэд төрүүлэхгүй гэр бүл аз жаргалтай байж төдийлөн чаддаггүй.  Тэдэнд минь дээрх эмчилгээ тус болж байдаг. Хоёр үрийнхээ хоолойг авахуулсан хүн жирэмслэх  боломжгүй болдог. Энэ тохиолдолд үр суулгаж жирэмслүүлдэг.  Энэ аргыг манай оронд ч эхэлсэн байгаа шүү дээ. Үртэй болох олон арга байгааг бодолцох хэрэгтэй. “Монголын үрс маш олон болтугай” гэсэн өлзийтэй сайхан ерөөлөөр ярилцлагаа жаргаая. Айл бүрийн хойморт хүүхдийн дуу цангинаж, аз жаргал авчрах болтугай.

Б.Анхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж